Хятадын хэвлэлд Х.Баттулгыг шуудайтай алт үүрэн баавгай дээр очиж байгаагаар дүрсэлжээ

Хятадын Коммунист намаас англи хэл дээр эрхлэн гаргадаг “Глобал таймс” сонинд энэ сарын 5-нд Ерөнхийлөгч Х.Баттулгын талаарх нийтлэл хэвлэгджээ. Нийтлэлч Ли Чао Монгол Улсын Ерөнхийлөгчийг ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгааг онцлоод “Монгол Улс нь Орос, Хятадтай хөрш. Бүс нутгийн эдийн засгийн салбарт ч хөрш орнуудтайгаа хамтран ажилладаг. Хятад, Орос, Өмнөд Солонгос, Япон улс 2015 оны байдлаар Монголын худалдааны хамгийн том түншээр тодорсон. Үүнийг эрэмбэлбэл, нэг, хоёр, дөрөв, тав дахь том түнш нь юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө бодитойгоор хэрэгжүүлэхээр Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад өндөр ач холбогдол өгч, тодорхой яриа хэлцлүүдийг хийж байна. Гэхдээ бид Х.Баттулга Орост болж буй арга хэмжээнд оролцож буй талаар ямар нэгэн дүгнэлт хийхгүй. Учир нь Монгол, Хятад улс хөрөнгө оруулалт, худалдааны том түншүүд. Монгол, Орос, Хятад улсын зүгээс эдийн засгийн коридороо хамтран хөгжүүлэх талаар дэвшилттэй алхмуудыг хийж байгаа. Гурван улсын харилцаа сайн байх нь хэн хэнд маань ач тустай. Монголчууд Япон, Өмнөд Солонгос зэрэг гуравдагч хөршүүдтэйгээ харилцаагаа сайжруулан хөгжүүлэх нь зүйтэй” гэжээ. Ли Чаогийн нийтлэл ийм ерөнхий, “дипломат” утгатай боловч түүний нийтлэлийн зураг уншигчдын сонирхлыг татаж байна. Энэхүү зургийг зурсан Петер С.Эспина Х.Баттулгыг дээл өмсч, шуудайтай алтан гулдмай үүрэн баавгай руу дөхөж яваагаар дүрсэлжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга гадаад улс дахь анхны албан ажлаа Оросоос эхэлж, В.Путинтэй ихэд сүжрэн байгааг зураач ийнхүү ёгтолсон бололтой.

Б.Өлзий-Орших

  • Шинэ
  • Их уншсан