МАН-ын стандарт бус хүлээлт

Ерөнхийлөгч Х.Баттулгыг сөрж босох хүчийг Ерөнхий сайд асан С.Баяраас нэхэж эхлэв. Монгол Ардын намын даргын суудалд санаархсан улстөрчдийн зодоон ил тод болж, өөр зуураа хэмлэлдэн тэмцэхтэй зэрэгцэн жирийн гишүүдийнх нь итгэл үнэмшил шалдар булдар санагдах нь энүүхэнд. Өөрөөр хэлбэл, даргын алба цаг зуур, жирийн гишүүний итгэл үнэмшил  энэ насных байлаа гээд тэдний саналыг харгалзаж үзсэн нь юусан билээ. Яг л ийм дэг жаягаар МАН-ын дарга М.Энхболдын орыг залгах, шинэ удирдагч ирэх намар тодорно. Гэхдээ түүний хэн байхаас үл шалтгаалан МАН-д хувьсгал болох ёстой хэмээн итгэгчид нэгдэн нийлж, дуу хоолойгоо нэгтгэх болсон нь сайшаалтай хэрэг.Харин энэ дунд Ерөнхий сайд асан С.Баярыг хүсэмжлэх гишүүдийнх нь хүлээлт өдгөө яг л гал, дөл мэт асан дүрэлзэж эхэлсэн нь бас л сонин үзэгдэл. Учир нь, тэрбээр стандарт бус Засгийн газар байгуулж, стандарт бус шийдвэрүүд гаргаж, стандарт бус шийдвэрүүдээ хүлээн зөвшөөрч, стандарт бусаар МАН-ын дарга болон Ерөнхий сайдын албаа УИХ-ын гишүүн Сү.Батболдод хүлээлгэн өгсөн нэгэн. Гагцхүү тэр бүх стандарт бус үйлдлүүдийнх нь ард жирийн гишүүдийнх нь, монголчуудын сэтгэлд үлдсэн үр дүн бас ч гэж олон. 
Тухайлбал, энд “Атрын гуравдугаар аян”-ыг зүй ёсоор нэрлэх ёстой. 300 гаруй тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгтэй уг аяны хүрээнд монголчууд эх орондоо ургасан төмс, хүнсний ногоогоор хоол хийж, гурил будааны хомсдлоос салсан. Олон жилийн турш, ярих, хэрэлдэхээс өөргүй байсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Хэдийгээр энэ гэрээ өнөөдрийг хүртэл маргаан мэтгэлцээн өдөөсөөр байгаа ч байгуулсан, урагш нэг алхам хөдөлгөсөн гэдгээрээ Ерөнхий сайд асан С.Баяр өөрөө ч, олон нийт ч бахархдаг. Гэхдээ мэдээж бүгд биш. Ядаж л үүнийх нь төлөө гар өргөн дэмждэг сонгогч олон биш гэхэд цөөн байгааг нь дурдахгүй байхын аргагүй. Түүний зарласан таван төгөлдөршлийн эхний хоёрт дээрх сэдэв яах аргагүй орно. 
Үүний араас иргэний бүртгэлийн шинэчлэлийг нэмэх хэрэгтэй. Монголын нэр бүхий улстөрчдийн эзэмшиж байсан Тавантолгойн хувийг төрийн мэдэлд авах түлхүүрийг эхэлж тааруулсан хүн нь ч С.Баяр. Стандарт бус хамтарсан Засгийн газрын түүхийн эхлэлийг ч тэр зурсан. МАН олонх, АН цөөнх байхад хамтарсан Засгийн газар байгуулж болохыг үлгэрлээд, дараагийн Ерөнхий сайд Сү.Батболдод тухайн үеийн УИХ-д суудалтай намуудыг нэгтгэн гүйцэтгэх засаглал байгуулж болохыг мөн л үлгэрлэж, зургийг нь зурж өгсөн. 
Харин өнөөдрийг түүний Ерөнхий сайдаар ажиллаж байсан 2007 онтой харьцуулахад цаг хугацаа хийгээд үр дүнгийн хувьд өөр зураг гарна. Тэр бүхнийг харьцуулан үзэх нь ээ МАН-ын жирийн гишүүд МАН-ын дарга хийгээд Ерөнхий сайд асан С.Баярыг хатуу шийдвэртэй ирсэн хэмээн итгэх нь олон болсон биз. 
Тэр дундаа түүнд МАН-ыг удирдуулах шалтгаан нь тун энгийн. Түүнийг нь тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн шийдвэр бүхэлдээ МАН-ыг унагах, цаашлаад хэтрүүлсэн болохгүй л бол хаалгыг нь бариулахад чиглэх нь нууц биш. Үүнийх нь төлөө Ерөнхийлөгчийг буруутгах ч аргагүй. Учир нь, энэ бол улс төр. Дээр нь 60 тэрбум гэсэн бэлэн өгөөш ч түүнд байна. Ийм байхад Үндсэн хуулиар эрх, үүрэг нь хязгаарлагдсан ч Монгол төрийн тэргүүн гэдэг утгаараа яахан эрх баригч намын дампуурлыг залж болохгүй гэж. 
Гол нь, МАН-ын хувьд ийм хүнд хэцүү цагт Ерөнхийлөгчийн өөдөөс хэн сөрж зогсож чадах вэ гэдэг нь өнөөдрийн МАН-д юу юунаас илүү чухал юм. Юу юугүй 60 тэрбум төгрөгтэй нэр холбогдсон, гар оролцсон хэдэн хүний төлөө Монголын хамгийн том, ууган улс төрийн хүчнийг үгүй хийлгэчих сонирхол МАН-ын жирийн гишүүдэд байхгүй байж таараа. Харин яг тэр хүсэл, зорилгод нь нийцэх, өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч Х.Баттулгын өөдөөс сөрж зогсож чадах цорын ганц лидерээр С.Баярыг тодруулсан нь энэ. 
Үүнийг илүү ойлгомжтой болгох үүднээс АН-ын зарим нэг лидер “Яагаад УИХ-ын дарга асан З.Энхболдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилсон юм бэ” гэдэг асуултад “УИХ дахь МАН-ын 65 гишүүнтэй эн тэнцүү хүч үзэх, тэднийг буулгаж дөнгөх, сөрж зогсох чадалтай, хувь хүний характертай улстөрч бол манайд З.Энхболд л байна. ийм том хүчний өөдөөс өөр хэн ч чанга дуугарч чадахгүй. З.Энхболдын хувь хүнийх нь зан чанар асар хүчтэй. Тэр Ерөнхийлөгчийг дагалдаж биш Ерөнхийлөгчтэй хамт улс төр хийнэ. Ерөнхийлөгч үүнийг нь харж дэргэдээ авсан” гэж хариулсныг дуулгая. Тэгэхээр С.Баярыг сонгох шалтгаан нь З.Энхболдтой адилхан гэж болно. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хувиар З.Энхболд МАН-ыг сөрж зогсоно. С.Баяр МАН-ын даргын хувиар Ерөнхийлөгчийг сөрж босно гэж. 
Товчхондоо, МАН-ыг шинэчлэх, МАН-ыг эв нэгдэлтэй, нэг зарчимтай болгохдоо асуудлын гол нь биш юм. Гол нь МАН-ыг авч үлдэхийн тулд, тэсч гарахын тулд жирийн гишүүд нь С.Баярыг хүлээж, түүнд итгэж байна гэсэн үг. Магадгүй С.Баярыг Монгол Улсаас Их Британид суугаа Элчин сайдын албанаас нь татахдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд үүнийг тооцоолоогүй байж мэднэ. Хүчтэй өрсөлдөгч дэргэдээ авчирлаа гэдгээ бодолцоогүй гэдэг талаас нь харвал шүү. Нөгөө талаас тэрбээр уг шийдвэрээрээ МАН-ын жирийн гишүүдийг баярлуулчихлаа. Гайхмаар биш гэж үү, З.Энхболд МАН-ын талд санамсаргүй ажиллачихлаа шүү дээ. 
Тиймээс С.Баяр өөрөө л зөвшөөрвөл хоёр дахь удаагаа М.Энхболдоос МАН-ын даргын тамгыг гардан авах нь. Тэр үед дахин стандарт бус Засгийн газар байгуулагдаж, стандарт бус гэнэтийн үр дүнтэй шийдвэрүүд гарч, цочмог халуун эв нэгдэл бий болохыг ч үгүйсгэх аргагүй. Стандарт бус шийдвэр бүрийнх нь ард стандартад нийцэхүйц үр дүн гарч байсан болохоор тэр. 
Гол нь С.Баяр дахин хөлгийн ахмад болохыг зөвшөөрөх үү. Ерөнхий сайдын албаа өгөхдөө “Эрүүл мэндийн шалтгаанаар” хэмээн тайлбарласан түүний хувьд өнгөрсөн хугацаанд чамгүй хүнд бэрхийг даван туулсан нь мэдээж. Дээр нь МАН-ын жирийн гишүүдийн дэмжлэг байлаа гээд эргээд Ерөнхийлөгчийн зүгээс турхирах улс төрийн хатгалгад унаж мэдэх олон ээдрээтэй будилаан ч дэлгэгдэхийг үгүйсгэх аргагүй. Гэсэн ч С.Баяр бол С.Баяр. УИХ-ын 2016 оны сонгуульд МАН-ын стратегийг төлөвлөж, илт давуу ялалт байгуулахад нь онцгой үүрэг гүйцэтгэсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч албан бус зөвлөх хийсэн. Ямартай ч, их дурласан хүнд эрх мэдэл бүү үзүүл гэдэг номыг дагаж, МАН-ын гишүүд С.Баярын эргэн ирэх шийдвэрийг хүлээж суугаа нь энэ. Гэхдээ энэ үед тэрбээр Элчин сайдаас өөрийн хүсэлтээр бууж, эх орондоо ирэх шийдвэр гаргасан нь бас л сонин тохиол шүү. 

Эх сурвалж: undesniishuudan.mn
 

  • Шинэ
  • Их уншсан