Женифер Зимдал Галт: Монгол орон миний төрөлх муж Колорадог санагдуулдаг

“Хувийн амьдрал бол хэн бүхэнд нээлттэй хаалга биш. Харин хүссэн бүхэн нэвтэрч үл болох бат бөх цайз юм”. Энэ үгийг нэгэн эрхэм ихэд нухацтай хэлснийг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галттай хийсэн ярилцлагынхаа өмнөх үгэнд онцолъё. Учир нь дээрх үгийг эелдэгхэнээр сануулсан дараагийн зочин маань эрхэмсэг Элчин сайд байлаа. Нийслэл хотын төв хэсэгт, тэр дундаа түм түжигнэж, бум бужигнах газарт түүний гэр байдаг ч эргэн тойронд нам гүм. Харин томилолтоос томилолтын хооронд тив алгасан амьдарч, гадаад улсад эх орноо төлөөлдөг нь дипломатчдын ажлын онцлог. Элчин сайд Женифер Зимдал Галтын гэрт зочлоход хамгийн түрүүнд нүдэнд туссан нь зочны өрөөний голд байрлах төгөлдөр хуур, хананд нь өлгөөтэй байгаа монгол морьд, Хөвсгөл нуурын зураг байсан юм. Тэрбээр таван настайгаасаа төгөлдөр хуур тоглож эхэлсэн, ээж нь хөгжмийн багш, нөхөр нь зохиолч. Ажил, амьдралын нэн баялаг намтартай бүсгүй маань Бээжин, Белград, Брюссель, Мумбай, Тайпэй, Шанхайд ажиллаж байсан. Ингээд хатагтай Женифер Зимдал Галттай ярилцсанаа уншигч танд хүргэе.

-Бид “Дипломат” буландаа орон орны Элчин сайдуудыг урьж, сонирхолтой яриа өрнүүлдэг уламжлалтай. Одоогоос хоёр жилийн өмнө АНУ-аас манай улсад Элчин сайдаар ажиллаж байсан хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэллтэй ярилцаж байлаа. Түүний дараа та Элчин сайдаар томилогдож ирсэн. Ингээд бодохоор нэг улсаас хоёр эмэгтэй Элчин сайд дараалан томилогдож байсан тохиолдол тийм ч олон биш болов уу. Хатагтай Памела Слуц, Пайпэр Энн Уинд Кэмбэлл гээд тооцвол та АНУ-аас Монголд ажиллаж байгаа гурав дахь эмэгтэй Элчин сайд уу?

-АНУ-аас Монголд эх орноо төлөөлөн ажиллаж байсан анхны эмэгтэй Элчин сайд бол Памела Слуц. Тэрбээр 2003-2006 онд энэ албыг хашиж байлаа. Харин хоёр дахь нь 2012-2015 онд Элчин сайд асан Пайпэр Энн Уинд Кэмбэлл. Миний хувьд, гурав дахь эмэгтэй Элчин сайд нь. Монголд АНУ-ын Элчин сайдын яам анх байгуулагдсанаас эхэлж тооцох юм бол 10 дахь Элчин сайд юм. Магадгүй, танай улсад эх орноо төлөөлөн ажиллаж байсан үе үеийн Элчин сайд нараас хамгийн азтай нь би байх. Яагаад гэвэл, энэхүү нэр хүндтэй, өндөр хариуцлагатай албыг Монголд хашиж байх үед маань хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. АНУ-ын Энхтайвны корпус танай улсад анх ажиллаж эхэлсний 25 жилийн ойг бид өнгөрсөн онд тэмдэглэсэн. Энэ үеэр Энхтайвны корпусын захирал АНУ-аас хүрэлцэн ирсэн юм. Өнөөдрийн байдлаар, тус корпусын 120 гаруй сайн дурын ажилтан боловсрол, эрүүл мэнд зэрэг олон чиглэлээр Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж байна. Би тэднээр маш их бахархдаг. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өнгөрсөн оны зургадугаар сард Монгол Улсад айлчилсан. Энэ үеэр олон уулзалт хийж, чухал ажлуудыг амжуулсны дотор Монголын залуу манлайлагчдад зориулсан “Ардчиллыг урагшлуулагч залуу лидерүүд” гэдэг шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээ мэдэгдсэн.

-Тийм ээ, ноён Жон Керри монгол залуустай уулзаж, хамтдаа зургаа авахуулсан байсан. Яг одоо та, бас танай ЭСЯ-ны хамт олон Монгол, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд бэлтгээд тун завгүй байгаа нь ойлгомжтой. Ойн үеэр зохион байгуулах арга хэмжээнүүдээсээ онцолж сонирхуулах зүйл юу байна вэ?

-Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан логоны уралдааныг зохион байгуулж, монгол зураачийн бүтээлийг шалгарууллаа. Уншигчдадаа нэгэн нууц задлахад, Филадельфийн симфони найрал хөгжмийн чуулга Монголд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж тоглоно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өнгөрсөн оны есдүгээр сард Филадельфи хотод зочлоход тус чуулгынхан хүндэтгэлийн концерт тоглож, Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлсэн юм. 

-Жон Керри гуай “Монгол бол ардчиллын баян бүрд” хэмээн тодорхойлж байсан. Харин тал нутагт анх хөл тавихад танд ямар сэтгэгдэл төрөв?

-Миний төрөлх муж болох Колорадотай маш адилхан санагдсан. Өндөр уул нуруудтай, зах хязгаар нь үл харагдах уудам цэлгэр тал нутагтай, цэлмэг хөх тэнгэртэй. Монгол, Колорадо муж хоёр үүгээрээ адилхан. Энэ дашрамд, миний төрсөн нутаг Колорадо муж Монгол Улстай маш ойр дотно харилцаатайг хэлэхэд таатай байна. Колорадо мужийн нийслэл Денвер хот Улаанбаатартай эгч, дүүгийн харилцаатай.

-Галт. Энэ бол гал цогтой, хийморьтой, бадрангуй гэхмэтчилэн олон утгаар тайлбарлаж болох монгол үг, бас монгол нэр. Харин Колорадо нутгийн бүсгүй Жениферийн овог нэр болох Галт ямар утгатай үг вэ?

-“Галт гэдэг нь монгол нэр байсан ч болоосой” гэж боддог л доо. Гэхдээ энэ бол шотланд нэр. Тэр дундаа нөхрийн маань овог  юм. Надад эрч хүчтэй, галтай цогтой гэсэн монгол утга нь их таалагддаг. Хоёр орны харилцааг хөгжүүлэхийн төлөө ажиллахад Галт гэдэг нэрийн утга учир эрч хүч өгдөг.

-Таны хувьд, АНУ-ын Элчин сайдаар ажиллах анхны томилолтоо өвөртлөн зорьж ирсэн улс бол Монгол. Тал нутагт өнгөрүүлсэн нэг жилийн хугацаанд таны амьдралд дурсамж болон үлдэх ямар үйл явдлууд тохиосон бэ?

-Ерөнхийлөгч Барак Обама намайг Монголд суух Элчин сайдаар томилоход маш их баярласан. Анхны томилолт, олон зууны түүхтэй тал нутагт анх хөл тавьсан, элгэн халуун сэтгэлтэй монголчуудтай гар барин анх уулзсан гээд тоочвол “Анхны” гэх тодотголтой бүхэн миний амьдралд дурсамж болон үлдэнэ. Элчин сайдаар ажиллах томилолт аваад тив алгасан зорьж ирэхэд маань Монгол орон, монголчууд намайг найрсаг сайхнаар угтсан. Тийм учраас би тодорхой үйл явдлыг нэрлэхээсээ илүү АНУ-ын анд нөхөр, ардчилсан улсад ажиллаж байгаагаа онцолмоор байна. Учир нь манай хоёр оронд хууль ёсыг дээдлэх зарчим, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, дэлхий дахинд энхтайван байдлыг тогтоох зэрэг нэгдмэл эрх ашиг, үнэт зүйлс бий.

Харин АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд гурван том зорилт тавин ажиллаж байна. Нэгдүгээрт, танай улсын эдийн засгийг сэргээн хөгжүүлэхэд дэмжиж туслах. Хоёрдугаарт, ардчиллын хөгжилд бодит хувь нэмрээ оруулах. Гуравдугаарт, олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улсын оролцох оролцоог улам өргөн хүрээтэй болгоход дэмжлэг үзүүлэх.

Эхний зорилтын хүрээнд Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт Монголыг хамруулах, Америк, Монголын хооронд байгуулсан Ил тод байдлын хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэх, АНУ-ын хувийн хэвшлийнхний зүгээс Монголын хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, Мянганы сорилтын корпорацийн хоёр дахь компакт гэрээгажил хэрэг болгох зорилт бидэнд бий.Өнгөрсөн хугацаанд АНУ-ын хөрөнгө оруулагчид Монголын уул уурхайн салбарт томоохон хөрөнгө орууллаа. Тэр дундаа “Оюутолгой” төслийн санхүүжилтийн багцад хамгийн том хувийг нийлүүлсэн.Тэгвэл дараагийн ээлжинд Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, санхүүжилт олоход нь туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлнэ. ҮүндМонголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 25 орчим сая ам.долларын 500 зээлийн санхүүжилт хийх юм.

Дээр дурдсан гурван зорилтынхоо хоёрдугаарт би ардчиллыг хөгжүүлэхэд дэмжиж ажиллах тухайгаа хэлсэн шүү дээ. Энэ хүрээнд бид Монголын Засгийн газартай хамтарч, хууль, эрх зүйн шинэтгэл хийх, ил тод байдлын төлөө, мөн авлигатай тэмцэхийг дэмжих чиглэлээр ажиллаж байна. Монгол Улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрөө баталсан нь маш дэвшилттэй алхам болсон. “Хөөрөх цэг” сэтгүүлийн уншигчдад нэгэн таатай мэдээг дуулгахад, бид энэ жилээс ахлах сургуулийн сурагчдад зориулсан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. АНУ-ын соёл, мэдээллийн төв Улаанбаатар хот, Ховд аймагт байдаг. Тэдгээр төвөөс хүүхэд, залуус манай улсын тухай бүх мэдээллийг авах боломжтой. Бид АНУ-ын соёл, мэдээллийн төвүүдийг өөр хот, аймгуудад нэмж байгуулахаар төлөвлөсөн. Мөн БСШУСЯ-тай хамтран хүүхдийн цэцэрлэг барих төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү төслийн хүрээнд 2017 онд Улаанбаатар, Замын-Үүд, Сайншандад цэцэрлэг барихаар ажиллаж байна.

-Гурав дахь зорилтынхоо хүрээнд ямар ажлууд хийх вэ?

-Батлан хамгаалах чиглэлээр Монголтой тогтоосон харилцаа, түншлэлдээ тулгуурлан олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоог нь дэмжинэ. Манай улс Өмнөд Судан, Афганистан болон бусад оронд Монголын энхийг сахиулагчидтай хамтран ажиллаж байгаа.Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийнхүрээнд бид Монгол Улстай нягт хамтран ажилладаг. АНУ 2017 ондАрдчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байгаа. Тус нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалт энэ онд Вашингтон хотод болно.Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээр бид Хүний эрхийн түгээмэл тунхаглал, хүний эрхийг хамгаалах чиглэлээр Монголтой хамтран ажилладаг.

-АНУ-ын Ерөнхийлөгч таныг Элчин сайдаар томилж, Сенат баталсны дараа та тангараг өргөсөн. Энэ үйл явдал сонирхол татаж байна.Та бүхэн Төрийн далбааныхаа өмнө юу гэж тангарагладаг вэ?

-Би хоёр удаа тангараг өргөсөн хүн. Эхнийх нь дипломат албанд анх ажиллахдаа, харин хоёр дахь нь Элчин сайдаар томилогдохдоо.АНУ-ын Элчин сайд нар “Үндсэн хуулиа дээдэлж ажиллана” гэж тангараг өргөдөг. Эх орноо Монголд төлөөлөн ажиллахаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан тэр агшин сэтгэлд минь хоногшин үлдсэн. Сүхбаатарын талбай дээр хүндэт харуул жагсаж, цэргийн үлээвэр хөгжим тоглоод л. Гадаад улсын Элчин сайд нарыг угтаж хүндэтгэл үзүүлдэг энэхүү ёслолын ажиллагаа надад их гоё санагдсан. Энэ нь Монголын төрт ёсны олон зуун жилийн уламжлал, түүхийг илтгэдэг байх гэж боддог. 

-Та твиттер хуудастаа байнга шинэ мэдээлэл оруулдаг. Монголоор жиргэхэд тань ЭСЯ-ны ажилтнууд тусалдаг уу?

-Сошиал медиаг идэвхтэй хэрэглэхийг боддог. Надад их таалагддаг юм. Маш завгүй байсан ч гэсэн монголчуудад шинэ мэдээ, мэдээлэл хүргэхийн тулд жиргэдэг. Хэдийгээр би монгол хэл үзэж байгаа ч гэсэн монголоор жиргэх хэмжээнд хараахан хүрээгүй учраас ЭСЯ-ны ажилтнууд маань надад тусалдаг. Твиттерт би 5200 гаруй дагагчтай.

-Манай хоёр орон дипломат харилцаа тогтоохоос өмнө шүү дээ. Америкийн ахмад дипломатчид Монголыг сонирхон судалж, монголч эрдэмтдээр монгол хэл заалгаж байснаа дурссан байдаг. Харин Монгол, АНУ дипломат харилцаа тогтоосноос хойш хагас жаран өнгөрчээ. Тэр үеийн түүхээс бидэнтэй хуваалцана уу?  

-Монголд 1990 онд ардчилсан хувьсгал болсон нь нийгэмд асар их өөрчлөлтийг авчирсан.Тэр үед Монгол, Америкийн харилцаа хөгжлийн тусламж үзүүлэхэд тулгуурлан эхэлж байсан бол өнөөдөр манай хоёр орон бүх талаар хамтран ажиллаж байна. Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны дараахан болсон томоохон үйл явдлуудаас дурдвал, АНУ-ын тухайн үеийн Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бэйкер 1990 онд Монголд анх айлчилж байсан. Түүнийг айлчлалаа дөнгөж эхэлтэл Иракийн дайн эхэлж,АНУ руу арга буюу буцахад хүргэсэн түүхтэй. Жеймс Бэйкер гуай тэр үед “Би Монголд заавал буцаж ирнэ” гэж хэлээд явсан. Ингээд нэг жилийн дараа Монгол Улсад дахин ирж, АНУ-ын ЭСЯ-ны байрны нээлтийг хийж байлаа. Тэрээр Энхтайвны Корпусыг Монголд ажиллуулах гэрээг ч бас анх хийж байлаа.Энэ эрхмийн айлчлалын дараахан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Вашингтонд айлчилж байсан. АНУ-ын гурван ч Төрийн нарийн бичгийн дарга Монголд айлчилсан шүү дээ. 1987 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр хоёр орон дипломат харилцаа тогтоож, гарын үсэг анх зурсан. Тиймээс энэ өдөр Монгол, Америкийн харилцааны түүхэн тэмдэглэлт өдөр юм.Монгол Улсын төр засгаас баримталж буй гуравдагч хөршийн бодлого хоёр талын харилцаа өргөжин хөгжихөд асар их түлхэц үзүүлсэн. Өнөөдөр бид эдийн засаг, улс төр, худалдаа, батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол зэрэг маш өргөн хүрээнд хамтран ажиллаж байна шүү дээ.

-Таныг Монголд ирэхээсээ өмнө БНХАУ-ын Гуанжоу муж дахь АНУ-ын Ерөнхий консулын газрын тэргүүнээр ажиллаж, 500 хүнтэй чадварлаг багийг удирдаж байсан тухай сонслоо. Монгол дахь АНУ-ын ЭСЯ-нд хэдүүлээ ажиллаж байна вэ?

-Гадаад дахь АНУ-ын Элчин сайдын яамд дотроо манайх бүтцийн хувьд дунд зэргийнхэнд тооцогдоно. Монголд хамт ажиллаж байгаа америк, монгол ажилтнуудаараа би бахархдаг. ЭСЯ-нд маань 200 гаруй хүн ажиллаж байна. Бид бүгдээрээ хоёр орны харилцааг өргөн хүрээнд хөгжүүлэхийн төлөө ажилладаг.

-Танай ЭСЯ-ны хашаанд нэгэн гэр бий. Энэ гэр ямар түүх өгүүлэх бол?

-Гурван ч гэр бий. Таны сонирхлыг аль нь их татсан юм бол. ЭСЯ-ны дэргэдэх машины зогсоол дээр байгаа гэрийг бид “Америк гэр” гэж нэрлэдэг. АНУ-д нэвтрүүлсэн нарны эрчим хүчний технологийн ололт, амжилтуудыг харуулах зорилгоор үйлдвэрлэсэн гэр юм. Мөн виз мэдүүлэгчид, визний ярилцлагад орохоор ирж буй иргэдийг тохь тухтай, дулаахан орчинд үйлчлүүлэх боломжоор хангах гэж энэхүү гэрийг барьсан хэрэг л дээ.Өнгөрсөн оны аравдугаар сард бид америк гэрийнхээ нээлтийг хийсэн.Энэ гэрт бид янз бүрийн уулзалтууд зохион байгуулдаг. Монголчуудын зочломтгой сайхан зан чанарыг АНУ-ын дэвшилтэт технологитой хослуулсан америк гэрийнхээ талаар сонирхуулахад ийм байна.

-Монгол залууст АНУ-ын их сургуулиудад суралцах сонирхол маш их бий.Энэ хүсэл сонирхлыг нь дэмжин АНУ-ын ЭСЯ-аас төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөр санал болгодог. Үүний зэрэгцээАмерик оронжуулчдын зорих дуртай газруудын нэг. Сүүлийн арваад жилд Монголоос танай улсыг зорих жуулчдын тоо нэмэгдсэн нь ямар эерэг нөлөө үзүүлж байна вэ?

-Хоёр орны иргэд харилцан зорчиж, аялж байгаад би баяртай байдаг. Оюутан, сурагчдын тоо бас нэмэгдэж байна. Оюутнууд болон жуулчдын тоо ийнхүү нэмэгдэхийн хэрээр бид консулынхаа үйлчилгээнд дээр дурдсан америк гэр гэх мэт үйлчилгээний шинэлэг хэлбэрийг нэвтрүүлж, иргэдэд хүртээмжтэй үйлчлэхийг хичээж байгаа.Монголчууд Америкт суралцах, жуулчлахыг аль болох дэмжиж ажиллана. Өмнө дурьдсанчлан бид анхны дунд сургуулийн, залуу манлайлагчдын хөтөлбөрийг эхлүүллээ. Залуус АНУ-д суралцах талаар мэдэж авах боломж бүхий Америкийн соёл мэдээллийн төвүүдийн сүлжээг өргөтгөхөөр ажиллаж байна. Эцэст нь Энхтайвны Корпусынхан болон Фүлбрайтын хөтөлбөрийн дагуу АНУ-аас ирсэн багш нар монголчуудад англи хэл зааж байна.

-АНУ-ын Мянганы сорилтын корпораци (МСК)-ийн дэд ерөнхийлөгч Фатима Сумар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Гадаад харилцааны сайдтай утсаар ярьж, Монгол Улсыг МСК-ийн хоёр дахь компакт гэрээ байгуулах орноор дахин шалгаруулсан тухайгаа мэдэгдсэн. Энэ онд багтаан байгуулах хоёр дахь компакт гэрээний дагуу хоёр орон ямар чиглэлээр хамтран ажиллахаар ярилцаж байгаа бол?

-Мянганы сорилтын корпорациас жил болгон дахин шалгаруулалт явуулдаг. Харин хоёр дахь компакт гэрээг боловсруулах ажил ид өрнөж байна. Энэхүү гэрээний хүрээнд Улаанбаатар хотын усан хангамжийг их хэмжээгээр нэмэгдүүлэхэд төвлөрч ажиллах тал дээр Монголын Засгийн газар, Мянганы сорилтын корпорацийнхан санал нэгдсэн. Гэхдээ яг ямар төсөл хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодорхой болоогүй байна.

-“Дипломат” булангийнхаа зочдоос энэ асуултыг уламжлал болгон асуудаг юм. “Элчин сайд Женифер Зимдал Галтын үед хийсэн ажлууд шүү дээ” гэж түүх болон үлдэх ямар ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн бэ? Магадгүй, заримыг нь та тэмдэглэлийн дэвтэртээ ажил хэргийн төлөвлөгөө болгон бичсэн байж ч болох?

-Ажил хэргийн тухайд ямар зорилтууд тавин ажиллаж байгаагаа түрүүнд нэлээд дэлгэрэнгүй ярьсан. Миний хувьд, Монголын залуу үеийг дэмжиж ажиллахыг хүсдэг. Тийм учраас салбар бүрийн залуу манлайлагчидтай сар болгон уулзаж, санаа бодлыг нь сонсож, Монголтой холбоотой зүйлсээс суралцажбайна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Монголд айлчлахдаа нээсэн “Ардчиллыг урагшлуулагч залуу лидерүүд” хөтөлбөрнь миний томоохон санаачлагуудын нэг юм. Энэхүү хөтөлбөр маань амжилттай хэрэгжиж байгаа. Цаашид улам өргөжиж, олон залууст үр өгөөжөө өгсөн хөтөлбөр болоосой гэж хүсдэг. Хувь хүний хувьд, Монгол орноор аль болох их аялахыг зорьж байна. Монгол орны хойд, өмнөд хэсгээр явж үзсэн. Одоо баруун, зүүн зүгийн нутгуудаар аялах бодолтой байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Танд болон ЭСЯ-ны хамт олонд амжилт хүсье!

С.Баттулга

 

  • Шинэ
  • Их уншсан