Х.Энхжаргал: АТГ-т шалгагдаж буй зарим хэрэгтэй танилцах эрхгүй гэдгээ УИХ-ын даргад мэдэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн 15 гишүүнийг өнгөрсөн сард томилсон. Тус зөвлөл хуралдаж даргаараа өмгөөлөгч Г.Баасанг сонгосон юм. Олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, хэл амтай, хэлэмгий доломгой 15-аас бүрдсэн Олон нийтийн зөвлөл уржигдар АТГ-ын дарга Х.Энхжаргал болон бусад ажилтантай нүүр тулсан халуухан уулзалт хийлээ. Зөвлөлийн зарим гишүүн “Та МАН-ын дарга М.Энхболдын гэрт очсон. Нөгөөх нь “60 тэрбумын хэрэг” гээчид нэр холбогдсон этгээд. Ингэхээр ард иргэдийн итгэл үнэмшил сулардаг. Та төсвөө голж байна. 8.3 тэрбум төгрөг гэдэг бол нэг албан хаагчийг ажиллуулахад 50-60 сая төгрөг улсын төсвөөс зарцуулж байна гэсэн үг” гэх зэргээр АТГ-ын дарга руу хатуу үг чулуудсан. Хариуд нь Х.Энхжаргал дарга “Би М.Энхболдтой нас чацуу. Төв аймгийн цагдаагийн газрын даргаар 12 жил ажилласан. Би олон хүнийд очдог. Өмнөх Ерөнхийлөгчийнд очиж байсан. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг сайд байхад өрөөнд орж уулзаж байлаа. Ц.Нямдоржийнд ч очиж л байсан. Энэ бол хуулиар хориглоогүй үйлдэл. Ашиг сонирхлын зөрчилтэй юү гэдэг асуудал яригдвал өөр. Би өчигдөр “Ашиг сонирхлын зөрчилтэй” гэдгээ мэдэгдээд “АТГ-т шалгагдаж буй зарим хэрэгтэй танилцах эрхгүй байгаагаа мэдэгдэж байна” гээд УИХ-ын даргад мэдэгдэл хүргүүлсэн” гэсэн тайлбарыг хийв. Харин Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан АТГ-ынхнаас өөрт нь зориулж тусгай өрөө гаргаж өгөхийг хүссэн байна. Мөн АТГ-ын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийнхнийг “АТГ-т зөвхөн зөвлөмж өгөх л эрх, үүрэгтэй. Түүнээс биш байгууллагын дотоод асуудалд оролцох эрхгүй” гэсэн тайлбарыг зарим ажиглагч хийж байлаа. АТГ-ын дарга Х.Энхжаргалын хувьд удирдаж буй байгууллагынх нь шалгаж буй ямар хэргүүдтэй ийнхүү танилцахаас татгалзсан нь сонирхол татаж байна. Алдарт “60 тэрбум” уу, аль эсвэл...

Ц.Уранбилэг

  • Шинэ
  • Их уншсан