У.Хүрэлсүхэд дундын хувилбарыг санал болгожээ

УИХ-ын дэргэдэх Тусгай хяналтын дэд хороо өнөө өглөөнөөс эхлэн хуралдаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр гаргасан хүсэлтийг хэлэлцэж байна. Сү.Батболд гишүүн даргаар нь ажилладаг тус дэд хороо “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнах ажиллагааг захиалсан уу” гэдгийг хууль хүчний зарим удирдлагыг оролцуулан ийнхүү хаалттай хаалганы цаана хуралдаж байгаа юм. Гэхдээ тэд хууль хяналтын байгууллага шалгаж буй хэрэг дээр ямар нэгэн шийдвэр гаргахгүй, зөвлөмж л гаргах бололтой юм. Харин Тусгай хяналтын дэд хороо хуралдсаны дараа УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэхээр товлосон. Үндсэн хуульд заасан 15 хоногийн хугацаа нь өнөөдрөөр дуусгавар болох учраас тэр. Хэрэв Ерөнхий сайдыг олонхиороо огцруулбал мэргэжлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хуультай. Тиймээс эрх баригч хүчин дэх хүчний дахин хуваарилалт хөшигний цаана сэм явагдаж, М.Энхболд, Ж.Эрдэнэбат хийгээд “Хотын фракцийнхан”, хунтайжууд У.Хүрэлсүхийн “армийнхан”-д дундын хувилбарыг санал болгож байгаа аж. Өөрөөр хэлбэл, энэ нь Засгийн газарт хэдэн сайдын суудал гаргаж өгөх тухай юм. Гэсэн хэдий ч Шадар сайд “60 тэрбумынхан”-тай хэзээ ч тохиролцохгүй” гэдэг дээрээ яс байж, тохиролцооны ширээний ард суухгүй байгаа нь УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр яаран сандран алх цохиж, чуулганыг завсарлуулсан үйл явцаас ч илэрхий. Өөрөөр хэлбэл, М.Энхболд тэргүүтэй нөхөд гишүүдээ багцалж чадахгүй байна. МАН-ын 31, АН-ын есөн гишүүн гээд танхимынх нь тал хувь нь Ерөнхий сайдыг огцруулахад санал нэгдчихсэн байгаа үед эрх баригч хүчин дэх эрх баригчид эцсийн хүчээ шавхаж, цаг хожих тактик хэрэглэж үзлээ. Гэвч цаг хожих нь тэдэнд ямар ашигтай вэ гэдэг нь асуудал. Удахгүй МАН-ын Бага хурал болно. Бага хурлын хуралдааны үеэр гишүүдээ багцалъя гэсэн ч М.Энхболдынхон намынхаа эл бүтцийн байгууллагад олонхи байж чадахгүй нь бололтой. Нэг үгээр хэлбэл, М.Энхболд ба У.Хүрэлсүхийн талынхан Бага хуралд бараг эн тэнцүү шахам. Бага хурал намын их хурлаа зарлан хуралдууллаа ч гэсэн МАН-ын өдгөөгийн удирдлагуудад аврагдаж үлдэх гарц байхгүй. “Сонгуулийнхаа ялагдлын хариуцлагыг хүлээ. “60 тэрбумтнуудаас намаа цэвэрлэнэ” гэсэн эсэргүү гишүүд тэр үед бүр л олон болсон байх биз ээ. Тэгээд ч У.Хүрэлсүх тэргүүтэн дээр дурдсанчлан Засгийн газарт сайдын суудал эзлэхийн тулд өдийг хүртэл тэмцэлдээгүй байлгүй. МАН-д дэгдсэн “шуурга”-ыг АН-ынхан төдийгүй Н.Энхбаяр даргатай МАХН-ынхан ч хөндлөнгөөс балиашиглаж байна.

Д.Гэрэлмаа

  • Шинэ
  • Их уншсан