Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанд Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нар оролцож байна

УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан өглөө 9:30 цагийн үед эхэлсэн ч одоо болтол хуралдсаар байна. Тиймээс 10 цагт хуралдахаар товлосон чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсон. Харин Сү.Батболд гишүүнээр даргалуулсан тус дэд хороо Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнах, чагнах даалгавар өгсөн эсэхийг хэлэлцэж буй энэ хуралдаанд дээрх эрхмүүдийг байлцуулж байгаа аж. Мөн хууль хяналтын байгууллагынхан ч хуралдаанд оролцож байна. Хуулийн байгууллагуудын шалгаж буй тагнаж, чагнасан гэх хэргийг талаар Тусгай хяналтын дэд хороо ямар нэгэн шийдвэр гаргахгүй. Зөвлөмж, чиглэл л өгөх бололтой. УИХ-ын таван гишүүнээс бүрдсэн тус дэд хороо улсын нууц, гүйцэтгэх ажиллагааны төсвийг өмнө нь хэлэлцдэг байсан бол энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн гүйцэтгэх ажиллагааны тухай холбогдох хуульд зарим өөрчлөлт оруулсны дагуу Ерөнхий сайдын хүсэлтийг хэлэлцэж байгаа юм байна.

Л.Номин

  • Шинэ
  • Их уншсан