У Сун: БНСУ-д хараар амьдрах иргэдийн тоо буурвал визгүй зорчих боломжийг ярилцана

БНСУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд У Сунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 –Хоёр орны хамгийн анхаарал татсан асуудал бол эдийн засгийн салбарын харилцаа. Энэ салбарт хоёр орон хэрхэн хамтарч ажиллаж байна?

-Бусад салбарыг бодвол эдийн засгийн харилцаа харьцангуй доогуур байна. Энэ нь олон шалтгаантай. 2011 оноос хойш Монголын төгрөгийн ханш уналтад орсон. Вальютын ханш өссөн. Үүнээс шалтгаалаад Солонгос компаниуд орж ирэхэд өндөр босго, шалгууртай болсон. Хоёр улс хамтраад “EPA” Солонгос Монголын эдийн засгийн судалгаа явуулж байна. Энэ судалгааны үр дүнд эдийн засгийн ямар чиглэлээр хамтарч ажиллавал хоёр улсад ашигтай вэ гэсэн хариулт гарах юм. Энэ судалгааны дүнд эхлээд хоёр орны татварын асуудал шийдэгдэнэ гэж харж байна. Импорт экспортын хувьд харьцангуй боломжтой, уян хатан байдлаар бараа солилцох  үүд нээгдэнэ. Мөн Солонгосын компаниуд Монголд үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Харин тэдний эрхийн асуудлыг хуулиар хамгаалж чадвал дэлхийн хэмжээнд үйл ажиллгаагаа явуулдаг том компанийн салбаруудыг оруулж ирж болно. Үүнтэй адил Монголын компаниуд Солонгосын зах зээлд гарч бараа бүтээгдэхүүнээ сурталчлах боломж ч бүрэн бий. Мөн Солонгосын талаас 200, 300, 500 сая ам.долларын тусламж орж ирэхээр яригдаж байна.

–Эдгээр хөрөнгийг юунд зориулахаар төлөвлөж байна?

-Эхний ээлжинд 200 сая ам.долларын төслийг  Төв, Завхан, Сэлэнгэ, Дундговь, Сүхбаатар, Хэнтий зэрэг 10 аймагт дулааны шугам сүлжээ хийхээр төлөвлөж байна. Мөн дахин боловсруулах үйлдвэрийг шинэчлэн засварлах ажилд хөрөнгө зориулах шаардлага бий. Харин 500 сая ам.долларын төслийг Монголын засгийн газартай зөвшилцсөний эцэст юунд зориулахаа шийднэ. Мөн бид Налайх дүүрэгт таван сая ам.долларын төсвөөр нарны эрчим хүч болон агаарын сэнсний хүчээр гэрэл цахилгаантай холбох боломжтой төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөрөнгө бол Солонгосын буцалтгүй тусламж юм. Бүх үйл ажиллагааг Солонгосын тал 100 хувь хариуцна.

–Хоёр орны хүн амын солилцооны хувьд өмнөх жилээс 20 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ?

-Энэ жилийн найман сарын байдлаар гаргасан судалгаанаас үзэхэд Монголоос Солонгос руу, Солонгосоос Монгол руу ирсэн хоёр орны ирэгдийн тоо 20 хувиар өссөн байна. Харин арванхоёрдугаар сар гэхэд 170 мянган хүн ирж, очно гэсэн урьдчилсан судалгаа гараад байна. Энэ тооноос харахад хоёр орны хооронд нисч байгаа нисэх онгоцны тоог нэмэгдүүлэх шаардлага тулгараад байна.  Ингэснээр тизний үнэ буурах магадлалтай.

–Монгол орны эдийн засаг уул, уурхайн салбараас шууд хамааралтай. Харин сүүлийн жилүүдэд Хөдөө аж ахуйн чиглэл рүү анхаарч хэд, хэдэн оронд мах импортлох ажлыг өрнүүлж байна. Солонгосын талаас үүнийг дэмжиж байгаа юу?

-Монгол Улс гурван сая иргэнтэй. Харин хоёр жилийн өмнө Монголын мал 60 саяд хүрлээ гэж байсан. Саяхан Х.Баттулга Ерөнхийлөгчтэй уулзахад 70 сая малтай гэсэн. Тэгэхээр энэ салбар хамгийн хурдацтай хөгжиж байна гэж дүгнэж болохоор. Солонгосчууд хонины махаас илүү үхрийн мах авах сонирхолтой байдаг. Одоогоор Австрали болон Америкаас мах авч байна. Монголчуудыг махаа цэвэрлэх, тээвэр­лэхдээ тааруу гэж үздэг. Ариун цэвэр, эрүүл мэндийн хувьд шаардлага хангасан байх хэрэгтэй. Эхлээд хадгалалт, баглаа боодол, тээвэрлэлтдээ анхаарах нь зүй ёсны хэрэг. Монголын мах байгалиараа байгаа учир хүний биед хамгийн сайн. Одоогоор хөдөө аймгуудад шүлхий өвчин газар авч байна. Энэ асуудлуудаас болоод Солонгос руу мах гаргахад хүндрэлтэй байна.

–Саяхан хоёр орны Ерөнхийлөгч уулзахдаа визний асуудлын тухай ярилцсан. Нааштай хариу гарсан болов уу?

-Энэ оны нэгдүгээр сараас наймдугаар сарын хооронд манай элчинд материал өгсөн иргэдийн тоо 83 мянгад хүрсэн. Энэ нь 2016 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн. Энэ хугацаанд манай Элчин сайдын яам нэг ажилтан л нэмж авлаа. Материал хүлээж авдаг байгууллагаа найм болгосон. Солонгос улсад 150 гаруй орны Элчин сайдын яам үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс албан бус, хараар амьдарч байгаа иргэдийн тоогоор Монгол Улс тэргүүлдэг. Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр хоёр орныг визгүй зорчдог болгох санал тавьсан. Харин Солонгосын Засгийн газрын зүгээс хууль бусаар харласан хүмүүсийн тоог багассан үед энэ тухай дахин ярилцъя гэсэн байр сууриас хандаж байна. Солонгос улс жил бүр 16 оронд гэрээний ажилтан авах эрх өгдөг. Энэ жил Монголоос 1700 хүн гурван жилийн хугацаатай ажиллах гэрээтэй явах боллоо. Энэ хугацаагаа хоёр удаа сунгах эрхтэй байдаг.  Өнгөрсөн жил 2800 эрх байсан. Үүний учрыг асуухад монгол хүн ажиллуулахаас татгалзаж эхэлсэн гэдэг хариу өглөө. Учир нь цаг баримтлахгүй, архи уудаг, асуудал гаргадаг гэсэн шалтгааны улмаас Солонгосын ажил олгогч байгууллагууд монгол ажилчдаас татгалзаж эхэлсэн. Мэдээж хоёр орны ёс заншил, соёл өөр. Тиймээс хэрэв Солонгос явах гэж байгаа бол манай Элчин сайдын яаман дээр ирээд манай улсын тухай мэдээллийг авч, сургалтад хамрагдаж болно. Бид энэ саналаа Хөдөлмөрийн яаманд тавьсан байгаа.

–Иргэдийн хүсэлтийг найман байгууллага авч байна. Энэ байгуул­лагуудыг ямар зарчмаар сонгосон юм бэ?

-Эхлээд сонинд зар өгсөн. Зарын дагуу хандсан байгууллагуудыг судалж байж сонголтоо хийсэн. Манай Элчин виз хүссэн иргэдээсээ ямар ч төлбөр авдаггүй. Харин ч иргэдийг ямар ч хүндрэлгүй хүлээж авч, уулзах үүднээс найман өөр газар хүсэлт хүлээж авах байгууллагаа байгуулсан. Нэг салбарт өдөртөө 100 гаруй хүнээс визний мэдүүлэг ирдэг. Эдгээр компанийн гурав нь монгол. Намайг анх ирэхэд мэдүүлэг авдаг гурван компани байсан. Хоёр жилийн хугацаанд  таван компани нэмж авсан. Эдгээр компани иргэдэд тав тухтай үйлч­лээд гаргах үүрэгтэй. Зарим нь байр түрээслээд хүн цалинжуулаад ажил­лаж байгаа. Тиймээс бизнес сэтгэлгээ нь давамгайлаад байна гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Бид виз хүсч буй иргэд эдгээр байгууллагаас болж хохирол амсаад Солонгос улсын тухай буруу ойлголттой болох вий гэхээс эмээж байна. Тиймээс эдгээр найман байгууллагынхаа ажилчдад бид дахин сур­галт явуулж, мэргэшүүлэх болно.

–Танайхтай холбоотой гомдол манай сонинд ирсэн. Үүнд та ямар хариу өгөх вэ?

-Монголд 30 Элчин сайдын яам байдаг бол манайх хамгийн ачаалал өндөртэй нь. Энэ жил бидэнд хэтэрхий их визний хүсэлт ирсэн. Дээр хэлсэнчлэн бид зургаан хүн ирсэн ч, 600 хүн хандсан ч ямар нэгэн төлбөр авдаггүй. Манайд байнга утасны дуудлага ирдэг. Эдгээрийн ихэнх нь виз нь гараагүй хүмүүс байдаг. Тиймээс бид өдөрт авах дуудлагынхаа тоог багасгах, эдгээр хүмүүст цахим хаягаар нь  хариу өгөх шийдлийг хайж байна. Тиймээс дахин иргэдэд хүндрэл учруулахгүй, хурдан шуурхай ажиллахдаа анхаарах болно гэж та бүхэнд амлаж байна.

–Гэрээний ажилчдад мэргэшүүлсэн үнэмлэх олгох боломж бий юу.

-Энэ асуудлын тухай хоёр орны Засгийн газар ярилцсан. Мэргэжлийн үнэмлэх олгоход олон бэрхшээл байна. Хаана, хэдэн жил ажилласан, ямар мэргэжлээр мэргэшиж байгаа, тухайн ажилд нь тохирсон хэддүгээр зэрэг олгох вэ зэрэг асууд­лыг эхлээд хууль­чиж, зүйл заалттай бол­гох шаард­лагатай. Үүний да­раа энэ асуудлыг авч хэлэлцэх боломж бүрдэнэ.

–Дөнгөж сургуулийн ширээнээс гараад сайхан залуу насаа харь оронд, мөнгөний төлөө залуус маань зольж байна. Эргээд Монголдоо ирээд мэргэжилгүй учир амьдрах нөхцөл хэцүү. Тиймээс тэндээ амьдрах сонирхол нь давамгайлаад байх шиг ажиглагддаг?

-Би хүмүүсийг хууль бусаар амьдрахыг эсэргүүцдэг. Одоогоор Солонгост хараар ажил­лаж амьдарч буй 36 мянган иргэн бий. Үүний 10 мянга нь монгол иргэн гэсэн судалгаа бий. Тэдгээрийн тодорхой хувь нь бага байхдаа эцэг, эхээ дагаад оччихсон хүүхдүүд. Манай Элчин сайдын яамнаас тэдгээр хүүхдүүдийг харласан иргэдийн тооноос хасъя гэсэн шаардлагыг Солонгосын Засгийн газарт хүргүүлсэн.

–Эсрэгээрээ Солон­госоос Монголд хэдэн хүн бий бол. Тэдгээр иргэд та бүхэнд ихэвчлэн ямар асуудлаар ханддаг вэ?

-Монголд 3000 иргэн ажиллаж, амьдарч байна. Тэд ихэвчлэн хуулийн тухай асуудлаар бидэнд ханддаг. Хэрэв гадаад хүмүүсийг Монголд ажиллуулж байгаа бол цалин­гийн доод хэмжээнээс хоёр дахин илүү хөлс төлөх хуультай байдаг. Монголын хуульд өөрчлөлт орох бүрт бид иргэддээ хурдан шуурхай мэдээлэл түгээхийг зорьдог.

–Таны хувьд Элчин сайдаар томилогдохоосоо өмнө манай улсын тухай хэр мэдээлэлтэй байсан бэ?

-Тодорхой хэмжээний мэдээлэл байсан. Би ажлаа аваад хоёр жил болж байна. Энэ хугацаанд Монголын тухай илүү ихийг судалж, танай ард түмэнд хайртай болсон. Одоогоор 21 аймгийн 20-д нь аялаад байна. Үүнээс хамгийн их таалагдсан нь Хэнтий аймгийн Дадал сум. Чингис хааны өлгий нутаг шүү дээ. Үлдсэн нэг аймаг болох Говь-Алтай аймаг руу энэ сардаа явах бодолтой байна.

Эх сурвалж: Ч.Гантулга “Зууны мэдээ” сонин

 

 

  • Шинэ
  • Их уншсан