Монголын зохиолчдын эвлэлд Женко, Ж.Мөнхбат нарын “тэмцэл” өрнөж байна

Монголын зохиолчдын эвлэлийн ээлжит 16 дахь их хурал “Монголын хүүхдийн урлан бүтээх төв”-ийн их танхимд болж байна. Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг эл хурлаар Монголын зохиолчдын эвлэлийн ТУЗ-ийн дарга болон удирдах зөвлөлийн гишүүдийг хурлын нийт гишүүдийн санал хураалтаар тодруулдаг уламжлалтай.
Уг нь Монгол Улсад бүртгэлтэй хэдэн мянган төрийн бус байгууллагын л нэг болох Монголын зохиолчдын эвлэл гэх байгууллага ээлжит хурлаа зарлаж, шинэ тэргүүнээ тодруулах нь тус холбооны дотоод асуудал. Гэвч МЗЭ-ийн үйл ажиллагаа, зохион байгуулдаг наадам уралдаан, даргын сонгууль үргэлжид олны анхааралд өртөж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэврээдэг нь хэдийнэ ёс мэт тогтсон зүйл. Ингэтэл дуулиан шуугиан дагуулдаг шалтгаан нь зохиолчдын эвлэлд гишүүнчлэлтэй яруу найрагч, зохиолчдын дийлэнхи нь хувийн уран бүтээлээ туурвихын зэрэгцээ аль нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд сэтгүүлчээр ажилладагтай холбоотой.


        Харин 2017 оны аравдугаар сарын 06-нд зарласан Монголын зохиолчдын эвлэлийн ээлжит их хурал, ТУЗ-ийн даргын сонгуулийн шуум урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад тун чиг нам гүм байгаа нь ихэд сонирхол татна. Тэр хэрээр хамаг л тохироо, санал өгөх гишүүдээ “хайрцаглах”, өөрийн талын гишүүдээ идэвхитэй оролцуулдаг аль ч газрын сонгуульд ёс мэт тогтсон хуучирсан нүүдлүүд  далд өрнөж байгаа аж.  Сураг сонсвол, Монголын зохиолчдын эвлэлийн удирдлагаар өөрийн талын хүнээ томилуулах сонирхол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарт аль алинд нь байгаа аж.  МЗЭ-ийн удирдах зөвлөлийн даргын сонгуульд УИХ-ын эрхэм гишүүн, “Болор цом”-ын эзэн Ж.Мөнхбатын багш  Монгол Улсын Төрийн шагналт зохиолч яруу найрагч Дамбын Төрбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Соёл, шашны бодлогын зөвлөх, МУСГЗ Цоодолын Хулан нар нэр дэвшихээр уяа сойлгоо тааруулж буй нь үүний нотолгоо. Ар талдаа том дэмжлэг, хүч бүхий дээрхи хоёр нэр дэвшигч дээр нэмэгдэж “Хэний ч биш” хүн, шинэхэн гавъяат цолтон, “Болор цом”-ын эзэн Арлааны Эрдэнэ-Очир ТУЗ-ийн даргын сонгуульд өрсөлдөх сурагтай.

Дөрвөн жилийн өмнө болсон Монголын зохиолчдын эвлэлийн ТУЗ-ийн даргын сонгуульд бүрэн эрхийн хугацаа нь ирэх баасан гаригийн сонгуулийн дараа дуусгавар болж буй Ц.Буянзаяад тун ойрхон саналаар ялагдсан Цоодолын Хулан найрагч дөрвөн жил хүлээсний эцэст  Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Соёл, шашны бодлогын зөвлөх гэсэн том малгайтайгаар даагаа нэхэх болсон нь яах аргагүй хүчтэй өрсөлдөгчид тооцогдож байна. Тэрбээр энэ суудалд тухлахын төлөө аль эртнээс дайтаж эхэлснийг уран зохиол сонирхогчид хэн хүнгүй мэднэ. Ямар сайндаа л МЗЭ-ийг АТГ-т шалгуулаад зогсохгүй үе тэнгийн найз өнөө цагийн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж элдвээр дайрч доромжилж байсан нэгэн. Энэ бүхнээс харахад хатагтай Ц.Хулан энэ байгууллагын дарга болж байж л санаа амрах бололтой.  Бодитоор тооцоод үзвэл түүнд ялах магадлал бий. Хөдөө орон нутгаас ирэх төлөөлөгчид, ахмад үеийн уран бүтээлчид түүнийг дэмжих магадлал өндөр. Ер нь түүнийг аль нэг бүлгэм, пракцид хамрагддаггүй уран бүтээлчид дэмжих болов уу. Дээр нь түүний ялах магадлалыг нэмж буй хамгийн том хүчин зүйл нь Ерөнхийлөгчийн  Соёл, шашны бодлогын зөвлөх гэсэн хэргэм. Энэ ч давуу талаа ашиглаж түүнд олон санал хайрцаглаж өгүүлэх магадлалтай нэр нөлөөтэй зохиолч яруу найрагчдад тэрбээр Төрийн дээд цол, одон шагнал амлаж буй сурагтай. Харин Төрийн шагналт, МУСГЗ Д.Төрбатын хувьд нэгэн үед энэ байгууллагыг толгойлж, “Монголын уран зохиолын дээжис-108” ботийг хэвлүүлж, ашиг орлогыг нь хувьдаа завшсанаас хойш хүрээндээ нэр хүндгүй болж, энэ байгууллагын босгоор дахиж шагайхааргүй болсон нэгэн. Харин уран зохиолын ертөнцөд өлгийдөж авсан шавь нь төр түшилцэж, эрх мэдэл нэр нөлөөтэй болсон нь уран зохиолын хүрээнд ч илтэд мэдрэгдэх болсноор түүнд дахин шинэ боломжийг нээн өгсөн нь энэ. УИХ-ын гишүүн, “Болор цом”-ын эзэн Ж.Мөнхбат үеийнхээ найрагч нөхдөөс бүрдсэн “Шинэ мянган” бүлгэмийн толгойлогч, гол хөрөнгө оруулагч нь. Түүнийг МАН-ын нарийн бичгийн даргын албыг хашиж, улмаар УИХ-ыд төрөлх нутгаасаа сонгогдсон мөчөөс хойш “Шинэ мянган” бүлгэмийн амбиц, нөлөө уран зохиолын ертөнцөд үлэмж нэмэгдсэн. Үүний нотолгоо нь энэ бүлгэмд харъяалагддаг Ц.Эрдэнэбаатар,  Б.Батсайхан нар ойрын жилүүдэд “Болор цом” наадамд түрүүлсэн явдал билээ. Тиймдээ ч энэ жил зохион байгуулах Монголын Зохиолчдын эвлэлийн их хурлаар “Шинэ мянган” бүлгэмээс ТУЗ-ийн дарга сонгогдох нь баараггүй болсон гэх дэл, сул яриа хоёр жилийн өмнөөс эхэлж дуулдсан.  Харин тэдний нүүдэл улам нарийсаж өөр дотроосоо биш ахмад үеэс, тэр дундаа Төрийн шагналт зохиолчийг дэмжиж, нэр дэвшүүлэхээр болсон нь ахмад үедээ найр тавьсан явдал гэхээс илүүтэй “Өнгөлөн далдлалт”  гэж дүгнэлвэл илүү оновчтой. Барагцаалаад үзвэл Дамбын Төрбат зохиолчид МУСГЗ До.Цэнджав тэргүүтэй үеийн уран бүтээлчид нь, мөн Ж.Мөнхбат шавийнх нь цэргүүд болох “Шинэ мянган” бүлгэмийн уран бүтээлчид нийтээрээ саналаа өгөх нь дамжиггүй. Харин түүний энэ сонгуульд ялалт байгуулж чадахгүй байх гол хөшүүрэг нь “1990-ээд оныхон” гэж нэрлэгддэг Ж.Баяржаргал, Б.Галсансүх тэргүүтэй хүчирхэг үеийнхэн болон шинэ залуу яруу найрагчид түүнийг дэмжихгүй байх явдал болов уу?

        ТУЗ-ийн даргын сонгуульд нэр дэвшигч гуравдугаар өрсөлдөгч буюу яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын ард төрийн том түшээ, нам бүлэглэл байхгүй ч ялах магадлал өндөр гэж харагдаж байна. Учир нь А.Эрдэнэ-Очир найрагч олонд хүндлэгдсэн, утга зохиолын хүрээндээ хайрлагдсан, товчхондоо бол хаана ч “дайсангүй” хүн. Түүнийг ахмад үеийнхэн ч, дунд үеийнхэн ч, шинэ үеийнхэн ч бүгд дэмжих магадлалтай харагдаж байна. Гэвч тэрбээр сонгуулийн кампанит ажлаа их л алгуурхан хийж байгаа сурагтай. Д.Төрбат зохиолч шиг хүмүүсээ хайрцаглах, Ц.Хулан найрагч шиг цол, шагнал амлахгүй байгаа нь түүнд сул тал болж мэдэх юм. Юутай ч, ийм нэг нам гүм өрнөж буй сонгуулийн өрсөлдөөний дүн ирэх баасан гаригт тодрох нь...
Уран бүтээлчдийн эвлэлдэн нэгдсэн утга зохиолын байгууллагын хувь заяа ч аль нэг нам, хэн нэг улс төрчийн ашиг сонирхолд таацах хэрэгтэй болдог Монголын нийгэмд тогтчихсон бурангуй хандлага ил тод ажиглагдаж буй нь туйлын харамсмаар... Уран бүтээлчдийн байгууллагын удирдлагаар аль нэг намын гар хөл болоогүй цэвэр уран бүтээлч хүн л тодроосой билээ.

Ш.Амирлан ekhsurvalj.mn

 

 

 

 

 

  

 

  • Шинэ
  • Их уншсан