Канад Улсын байгаль орчны аудитын туршлагыг судлав

Канад Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Монгол Улсын олборлох салбарын менежментийг бэхжүүлэх нь (СЕСМИМ) төслийн шугамаар холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсэг Канад улсын байгаль орчны аудитын туршлага судлахаар 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 4-ны хооронд Канад улсад ажиллалаа.Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖЯ, УУХҮЯ, СЯ, Үндэсний аудитын газар, Өмнөговь аймгийн БОАЖГ, Монголын байгаль орчны аудитын холбоо, СЕСМИМ төслийн төлөөлөл тус тус оролцов. Ажлын хэсэг Оттова, Торонто, Судбери, Ванкувер зэрэг хотуудад ажиллаж Канад улсын Хүрээлэн буй орчин, уур амьсгалын яам, Байгаль орчны аудитын холбоо, Уул уурхайн ассоциаци, Никелийн уурхай, Хуулийн болон санхүүгийн зөвлөгөө өгөх фирм зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцаж тус улсын уул уурхайн салбарт хэрэгжүүлж буй байгаль орчны аудитын туршлагыг судалсан юм. Канад улс нь уул уурхайн салбарт байгаль орчны аудитыг амжилттай нэвтрүүлсэн хамгийн туршлагатай орон юм. Ажлын хэсэг Монгол улсын байгаль орчны аудитын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, үндэсний боловсон хүчний чадавхыг хөгжүүлэх, оролцогч талуудын эрх, үүргийг тодорхой болгох, байгаль орчны аудиторыг бэлтгэх сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, олон улсын стандартыг нутагшуулах зэрэг асуудлаар өргөн хүрээтэй санал солилцож, туршлага судлав. Түүнчлэн СЕСМИМ төсөлтэй хамтран энэ оны 11 дүгээр сард Байгаль орчны аудитын үндэсний чуулган Улаанбаатар хотноо зохион байгуулж Монгол Улсын байгаль орчны аудитын чиглэлээр тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн ойрын жилүүдэд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган оролцогч талууд хамтран ажиллахаар боллоо гэж БОАЖЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




 

  • Шинэ
  • Их уншсан