Монголоос шууд Амазон дээр бараа зарж болох уу

Энэхүү блог пост-оороо өнөөдрийг хүртэл Монгол бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид маань Амазоны дэлхийн зах зээл дээр бараагаа шууд Монголоосоо бүртгүүлээд, зардаг болгох талаар өөрийнхөө хийсэн багахан судалгаа, өнгөрсөн сард тохиолдсон санаанд оромгүй зүйл – түүнээс гарч ирсэн эерэг үр дагавар зэргийг “мэдээ” шиг уйтгартай байдлаар биш сонирхолтой байж магадгүй гээд өөрт төрсөн мэдрэмжээр дүрслэн бичлээ. Жаахан урт ч гэсэн уншаад үзээрэй гэж хүсэх байна. Хэт урт байна гээд уншихгүй гэж бодож байгаа бол: Амазон дээр Монголоос шууд бүртгүүлээд бараа зарахад Монгол талаас хүмүүсийн туслалцаа хэрэгтэй байна гэдгийг дуулгачихъя. Банк, төлбөр, хаягжилт, гааль, татвар, ложистик, стандард тал дээр тусалж чадах хүмүүс байвал хэлээрэй. Хамтдаа зүтгэвэл дэлхийн онлайн зах зээлийн үүд хаалгыг бид Монголдоо нээж, 3 хан сая хүн амтай зах зээл биш 300+ сая цаашлаад тэр бум хүнтэй зах зээлрүү Монгол бараануудаа гаргах боломж бий болно гэж итгэж байна!

2.5 жилийн өмнө Амазон-д анх ажилд орсноос хойш зорилгоо болгосон нэгэн зүйл маань: “Монгол бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид маань бараа бүтээгдэхүүнээ шууд Монголоос Амазон онлайн худалдааны сайт дээр бүртгүүлэн, дэлхийн зах зээлрүү худалдаалах боломжийг бий болгох” билээ. Энэ хүсэл мөрөөдлийг маань 2 Монгол бизнес эрхлэгчид надруу бичиж, хүсэлт гаргаснаар эхлүүлсэн гэдгийг өмнө нь хэд, хэдэн удаа ч дурьдаж байсан. Харин сая 2017 оны 7 сард амралтаараа буцас очоод Монголчуудынхаа хийж, үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийг хараад үнэхээр бахархмаар, биширмээр санагдсан шүү. Энэ нь өнөөх зорилго, хүсэл, эрмэлзлийг маань улам бадрааж, өөрөөсөө байнга л: “Яавал энэ хүмүүс Амазоны сайт дээр бараагаа шууд Монголоос бүртгүүлэн зарж болох бэ? Би Амазон-д ажиллаж байх хоорондоо өөрийнхөө хэмжээнд юу хийж, өөрчлөлт бий болгож чадах вэ?” гэсэн асуултуудыг асууж байна.

Өмнө нь миний бичсэн блог уудаас уншиж амжаагүй хүмүүс, энд бичигдэж байгаа асуудлын талаар сайн мэдэхгүй хүмүүст маш товчхон мэдээлэл өгье. Амазон компань нь дэлхийн 14 оронд үйл ажиллагаа явуулж, 350 мянган хүмүүсийг (Монголын хүн амын 10% тай тэнцэх) ажиллуулж, 2017 оны LinkedIn компаний судалгаагаар АНУ-н ТОП компаний жагсаалтын 2-р байранд жагссан, маш олон салбарт үйл ажиллагаа явуулж буй компань юм. Үндсэн бизнес модель нь онлайн худалдаа хэдий ч мэдээллийн технологи, нэн ялангуяа үүлэн тооцооллийн шийдэл олгодог бизнесээрээ мөн дэлхийд тэргүүлж байгаа билээ. Амазон компань албан ёсоор онлайн худалдаагаа эрхэлдэг 14 marketplace буюу зах зээлийн орнууд байгаа юм. Үүнээс хамгийн том нь Хойд Америк бөгөөд Хойд Америкийн marketplace дээр дэлхийн нийт 103 орноос хүмүүс бараа. бүтээгдэхүүнээ зардаг билээ. Энэ нь дэлхийн хийд ДНБ-н 92% эзэлдэг ажээ. Харамсалтай нь эдгээр 103 орны жагсаалтад “МОНГОЛ” орон байдаггүй учраас Монголчууд маань Монголоос шууд бараа, бүтээгдэхүүнээ зарж чаддагүй. Энэ асуудлыг өнөөдөр мэдээж тойрж гараад бизнесээ эрхэлж байгаа хүмүүс байдаг. Таньдаг хүмүүсээрээ тухайн оронд нь заруулах, түнш олж хамтарч ажиллах, өөр орноор дамжуулах зарах гэх мэт аргууд элбэг байдаг. Гэсэн хэдий ч яг энэ бизнесүүдийг Амазон зүгээс: “Монголоос зарж байгаа юм байна” гэсэн мэдээлэл цуглуулахад амаргүй болгочихдог. Тэр нь ямар үр дагавартай вэ гэхээр Монголоос бараа зарагдаж байгаа гэсэн мэдээлэл байхгүй байснаар, Монгол сонирхол татахгүй орны жагсаалтад байсаар байх болно.

Өнөөдөр Монголд бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид маань 3-хан сая хүн амтай зах зээл дээр бараа нийлүүлээд дээд хязгаарт тулж байснаас 300+ сая хүн амтай зах зээлрүү, тэр битгий хэл хэдэн тэрбүм хүн амтай зах зээлрүү бараагаа нийлүүлвэл ямар вэ? Монголдоо бараагаа үйлдвэрлэ, дэлхийн онлайн худалдааны сайт дээр байршуул, дэлхийн аль ч өнцгөөс таны барааг худалдаж аваг. Ийм байвал магадгүй манайх жижигхэн зах зээл дээрээ шахцалдах биш, хүн болгонд дэлхийн зах зээлийн үүд хаалга нээгдэж, дагаад манай бараа бүтээгдэхүүний чанар сайжирч, олон улсын стандартад нийцсэн бараа их үйлдвэрлэгддэг болж, том жижиг бизнес хэлтгүй хувь хүмүүст ч боломж олдож, хүн болгонд тэгш эрх бий болох болов уу? гэсэн бодол төрдөг юм. Тэгэхээр энэ дэлхийн зах зээлрүү нэвтрэх хаалгыг бид хэрхэн нээх вэ?


Энэ асуултын хариултыг би эрсээр 2.5 жил өнгөрчихсөн байна. Эхний ээлжийн судалгаагаар олж мэдсэн зүйл бол Монгол улсаас Амазоны сайтууд руу ирж байгаа хандалт нь үнэхээр харагдахгүй төдий бага байна, тиймээс манай орны талаар судалгаа хийх хүн хүчний нөөц ч олдоогүй байх нь. Яг энэ асуудлыг шийдвэрлэхээр өөрийнхөө хэмжээнд Амазон дотроо хүмүүсээс сураглаж, асууж, “Монгол” гэдэг нэрийг энд, тэндгүй дуулгаж байж, судалгааны үндсэн дээрээс гарч ирсэн хийх боломжтой зүйлсийн нэг нь Монголд хакатон тэмцээн зохиох байсан юм. Удаан хөөцөлдсөний эцэст Амазон компаниас анхныхаа удаа Монголд болох гэж буй тэмцээнийг хамтарч ивээн тэтгэхээр шийдэж, энэхүү тэмцээнээ амжилттай зохион байгуулсан билээ. Хүн болгоныг Амазоны сайтруу өдөр болгон, цаг тутамд, секунд тутамд ороод бай гэж хэлж чадахгүйгээс хойно ядаж технологи талаас нь хүмүүсийг хэрэглүүлж, бага ч гэсэн хандалт бий болгож үзье гэж бодсон нь тэр юм. Дашрамд хэлэхэд: “Монгол” гээд хэлэхээр аль хэсэгт харъяалагддаг нь ч тодорхойгүй хүмүүс гайхаж бие биенээсээ асууж байхыг хараад бас л сонин сэтгэгдэл төрж байсан шүү. Гэхдээ ямар ч байсан Амазоныг Монголд болох хакатоныг хамтарч спонсор хийлгүүлэхийн тулд Амазоны хуулийн багийнханд хандаж, Монголд арга хэмжээ явуулж болох зөвшөөрлийг албан ёсоор авч, харин хакатон дээр Амазон оос нэг хүнийг шууд онлайнаар яриулахын тулд Public Relations багт хандаж, зөвшөөрөл авхуулж чадсан юм. Тэгэхээр энэ 2 хэлтсийнхэн ямар ч байсан Монгол гэдэг орныг судлаад, зөвшөөрсөн нь бас нэг чамалхааргүй амжилт шүү! Ингээд АНУ-д иргэж ирснийхээ дараа тайлангаа бичиж өгчихөөд, нэг орой сууж байгаад яагаад ч юму мэдэхгүй шууд л Амазоны яг marketplace хариуцсан Vice President (дэд ерөнхийлөгч) рүү нь шууд имэйл бичээд орхичихлоо. Монголынхоо төлөө л хийж байгаа юм чинь, асуулаа гээд ямар гар хөл салаад уначих биш, асуудалд орох биш гээд. Ийм өндөр албан тушаалын хүний секунд болгон нь маш үнэтэй байдаг байх гэж бодсон болхоор имэйлээр аль болох богинохон бичив. Ерөнхийдөө бол:

“Сайн байна уу?

Намайг Амарбаяр гэдэг. DevOps инженэрээр ажилладаг.

Яг өнөөдрийн байдлаар Amazon.com дээр Монгол гэсэн орон байхгүй болхоор Монголд байгаа олон зуун бизнес, хувь хүмүүс бараа, бүтээгдэхүүнээ зарж чадахгүй, хаалганы цаана гацчихаад байна. Монгол орныг бүртгэдэг болгохын тулд юу хийх хэрэгтэй вэ? Би яаж тусалж чадах вэ?

Дашрамд хэлэхэд манай Монголд магадгүй Амазон дээр байдаггүй гоё бараанууд зарагдаж, Амазоны барааны нэр төрлийг нэмэгдүүлж болох юм шүү дээ. Чацаргана, ноолуур, арьс, савхин бараанууд, гар урлал…гэх мэт.

Хүндэтгэсэн,
Амарбаяр

Ингээд хариу ч ирнэ гэж бодоогүй сууж байтал 5 хан минут болов уу үгүй юу ийм хариу ирсэн юм:


Би ажилчдаа энэ асуудлыг шалга гээд хэлчихлээ. Брл. П

Амазон компань маш том болхоор олон дэд ерөнхийлөгчидтэй байдаг. Гэхдээ энэ дэдүүдийн нэг нь миний имэйлийг тоогоод, 5-хан минутын дотор хариу бичнэ гэдэгт анх АНУ-н визэнд ороод, виз гарах боловуу гэснээс ч их эргэлзэж байсан юм. :) Гэтэл ийм хариу хүрээд ирэхээр нь их баярласан шүү. Энд: “Брл” гэдэг нь “Баярлалаа” гэдгийн товчлолыг харуулах гэсэн юм. Өөрөөр хэлбэл яг имэйл нь: “Thx” гэсэн бөгөөд энэ нь “Thanks” гэсний товчлол. Өндөр албан тушаалтай хүн Thanks гэж 6 үсэг бичсэнээс Thx гээд товчилж, цаг хэмнэчихгээд үлдсэн 1 секундээ өөр ажилдаа зарцуулдаг болох нь уу? гэсэн бодол зурвас хийгээд өнгөрлөө.

За ингээд л бас нэгэн судалгааны ажлын эх үүсвэр нээгдэж, бүр ёстой жинхэнэ санаанд төсөөлөгдөмгүй, зүүдэнд ч орхоогүй зүйлтэй учирсан юм. Үүнээс хойш болсон процесуудад зарим нь компанийн нууцлалтай шууд холбоотой мэдээллүүд бий болохоор би зөвхөн олон нийтэд аль хэдийний ил байгаа мэдээллүүд дээр тулгуурлан мэдээлэл хүргэх болно. Ер нь блог пост ууд дээрээ, энд тэнд яриа өгөхөдөө дандаа компаний биш өөрийнхөө, хувь хүний бодол, байр суурьнаас туршлагаасаа хуваалцаж, ямар нэг байдлаар компанийн хувийн эсвэл олон нийтийн биш мэдээллийг хуваалцдаггүй гэдгийг сануулахад зүйтэй байх. Ингээд өнөөх дэд ерөнхийлөгч байхгүй 7 хоног алга боллоо. Би ч тэвчээртэй хүлээж байгаад, дахиад нэг асуугаад имэйл биччихлээ. Бас л тэр даруй хариу ирж, ажилчдаасаа надруу эргээд холбогдуулъя гэлээ. Ингээд 2 хоног өнгөртөл миний имэйл дотор: “Монголыг Амазон дээр” гэсэн уттга бүхий гарчигтай уулзалтын урилга ирэх нь тэр. Би ч нүдэндээ нэг л итгэж өгөхгүй байлаа. Ингээд хурлын өмнөх тэмдэглэлийг унштал Монголын талаар нэг хүн нь хийсэн судалгаагаа танилцуулах юм байна гэж олж мэдлээ. Тэгээд цааш нь хартал, тэр хуралд уригдсан хүмүүс нь marketplace ийн дэд ерөнхийлөгч (өнөөх имэйл бичдэг хүний яг доод талын), тэр хэлтсийн технологийн дэд ерөнхийлөгч, олон улсын зах зээлрүү тэлэх хэлтсийг хариуцсан захирал, хуулийн хэлтсээс тухайн бүтээгдэхүүнийг хариуцсан захирал, ахлах хуулийн зөвлөх, санхүүгийн захирал, энэ хэлтсийн бүтээгдэхүүнийг хариуцсан ахлах менэжэр гээд хүмүүс байсныг хараад… миний өнөөх 2 жаахан нүд чинь жинхэнэ Дубайн хилээр орох гээд арай гэж том болгож бүлтийлгэж байснаас ч илүү томоор бүлтийж, жинхэнэ өөрийнхөө хацрыг алгадаж, зүүд үү бодит амьдрал уу дээрээ хүртэл тулсан шүү. Энэ хүмүүсийг албан тушаалаар нь жагсаавал би Амазон-д ажилд орж 2.5 жил ажилласанаас хойш хэдхэн удаа л тэр “ахлах менэжэр”-н зэргийн хүнтэй уулзах боломж олдож байсан бол энэ уулзалтанд тэр хүн нь хамгийн доод тушаалтай хүн нь болж таарсан юм. Бусад хүмүүс нь бүгд түүнээс дээш албан тушаалтай хүмүүс гэсэн үг. За тэгээд тэр хүмүүстэй би өөрийгөө харьцуулахад… хэхэ.

10 аад хоног өнгөрч, хүсэн хүлээж байсан уулзалт маань 9/25-ны орой 16 цагаас болсон юм. 15:50 гээд хурлын өрөөнд очоод, сандарсан байдалтай сууж байтал өнөөх хүмүүс маань 1, 1 ээрээ орж ирэх нь тэр. Ингээд цуваа хүмүүс орж ирсэний хамгийн сүүлийн хүн нь (хамгийн том албан тушаалтай гэх үү дээ), хаалгаа хаачихаад: “Is this Team Mongolia?” буюу “Энэ Монголын багийнхан уу?” гээд инээгээд орж ирсэн юм. Тэдгээрийн ярьснаар хэн нь ч, хэзээ ч Монгол гэсэн гэсэн ганцхан орны талаар бүхэл бүтэн 1 цагийн хурал хийж, ярилцана гэж төсөөлж байгаагүй гээд л бас л гайхан, инээлдэж байлаа. Яг энэ мөчид миний дотор яагаад ч юм их гоё мэдрэмж төрж байсан юм. Энэ том хүмүүсийг ингээд 1 өрөөнд суулгаад, Монгол орныхоо талаар хэлэлцүүлнэ гэдэг миний хувьдаа хийж чадах томоохон зүйл байх даа гэсэн бодол… Ингээд Амазоны хурал явагддаг зарчмаар бэлдсэн судалгааны бичиг, баримттай эхний 15 минут бүгд чимээгүй уншиж танилцаад, асуулт/хариулт, сэтгэгдлээ хуваалцаж, ярилцаж эхэлсэн юм даа. Энэ дотор тодорхой хэмжээний нууцлалтай зүйлс яригдсан учраас шууд дүгнэлтрүү нь оръё.

Ерөнхийдөө бол хандалтаас гадна тулгарах асуудлуудад:

  • Дотоод системүүдийн бэлэн байдал
  • Төлбөр, тооцоо
  • Хаягжилт, хаяг шалгах
  • Чанар, стандард
  • Луйвар, залилан
  • Хууль, эрх зүй
  • Мэдээллийн алба

гэсэн зүйлс бас байгааг олж мэдсэн юм. Харин аз болж Монгол улсыг Хуулийн болон Мэдээллийн Албаны хэлтсийхэн нь зөвшөөрсөн орнуудын жагсаалтанд оруулчихсан гэсэн мэдээллийг олж харахад их баяртай байсан юм. Урт жагсаалтны 2 нь ч гэсэн өмнө нь миний өнөөх HackUB-г зохиох гээд хандаж, зөвшөөрөл авч байсан хэлтсийнхэн байна гээд их урам зориг орсон шүү. Ингээд уулзалтын чиг хандлага ерөнхийдөө эхний ээлжийн судалгааны ажлууд их байгаа, ганц Монгол биш бас өөр орнууд хүлээгдэж байгаа, энэ бүгдийг хийхэд хүний нөөц хэрэгтэй гэсэн зүйл рүү шилжсэн юм. Уулзалтын эцэст би өөрийнхөө сайн дураараа тэр судалгааны ажлуудаас нь авч хийж, холбогдох хүмүүстэй нь холбогдож болох уу гэж асуутал болно штээ, хэрвээ бусад багууд нь Монгол орныг нээхэд гарах системийн, байгууллагын, бодлогын асуудлуудаа шийдчихвэл marketplace дээр бүртгэж болох талаар нь тусалж өгье гэсэн амлалтыг авч чадсан юм! Тэр том албан тушаалтай хүмүүсээс ийм хэмжээний амлалт авна гэдэг бол чамалхааргүй амжилт санагдсан шүү! Дээрх асуудлууд дээр онцолж яригдсан зүйл нь төлбөр, тооцооны асуудал байлаа. Монголоос бараагаа АНУ-н зах зээл дээр зарсан хүн, төлбөрөө яаж авах вэ? #МонголынБанк ууд руу шууд систем ашиглаад төлбөр шилжүүлэхэд бэлэн байгаа юу?… Яг энэ бол манай оронд өнөөдөр ч тулгарч байгаа асуудал. Гадны орнуудаас төлбөр хүлээж авах боломжгүй, PayPal аар ядахдаа мөнгөө авчихаж болохгүй гэх мэт гомдлуудыг онлайн хэлэлцүүлгүүд дээр хүртэл уншиж байснаа санадаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л энэ зун Ж. Энхбаяр гишүүний SMS төв дээр хийж байсан Стартап сэдэвтэй яриан дээр нэг залуу яг энэ төлбөрийн асуудлыг шийдээд өгөөч ээ гэсэн хүсэлт хүртэл гаргаж байсныг хүртэл тодоор санасан юм.

Ингээд миний хийх ажлын жагсаалт:

  • Төлбөр тооцооны асуудал судлах
  • Монголын хаяг шалгах системийн талаар судлах
  • Амазоны дотоод хамааралтай системүүдийн багийхантай уулзаж, Монгол орныг нэмэхэд гарч болох асуудлууд, тэдгээрийг яаж, ямар хугацаанд шийдэх (энд багагүй олон баг бий)
  • Чанар, стандардын талаар судалгаа хийх
  • Дээрхийг хийсний дараа, оналайн дээр бүртгэл хийдэг болгох талаар дахин уулзалт хийх

Нөгөө талаас, миний бодлоор бол дэлхийн зах зээлрүү гаръя гэсэн бодолтой бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид маань дор бүрнээ:

  • Бараа бүтээгдэхүүнээ олон улсын стандард нийцсэн байгаа эсэхийг шалгах
  • Ложистикийн асуудалдаа анхаарлаа хандуулах (яаж хамгийн хямдаар АНУ-руу бараагаа явуулах вэ?)
  • Барааны нэр, төрлийн судалгаа хийж, 12 эсвэл 13 оронтой UPC barcode оо авах
  • Үнийн судалгаагаа хийх
  • Гаалийн татвар, тооцооны судалгаагаа хийх…

гээд бэлдээд сууж баймаар санагдлаа. Ер нь бол нэг л өдөр Амазоны үүд хаалга Монголд нээлттэй болоход манайхан шууд л бараануудаа зараад, цаг алдахгүй байх хэрэгтэй байх. Хаалга нээгдчихээд байхад чанар, шаардлага, стандард, ложистик, гааль, татвар, хаяг, төлбөр гээд гацаад хэн нь ч бараагаа зарж чадахгүй, цаг алдаад байвал яг өнөөдөр ямар байгаа түүн шигээ л болчихно биз. Хэн нэгэн нь энийг уншаад, эргэн тойрныхоо хүмүүсийг уриалаад, эсвэл өөр өөрсдийнхөө тусалж чадах, хамтраад судалгаа хийгээд, холбогдох хүмүүстэй нь уулзаж ярилцаад, эсвэл бүр тэр банкны хүмүүс нь, хаяг зохьцуулах хүмүүс нь, татварын хүмүүс нь, ложистикийн хүмүүс нь, чанар/стандардын хүмүүс нь хамтраад, холбогдоод ажиллавал бид нар энэ ажлын ард гарч чадна гэж итгэж байгаа!

9/25-ны уулзалт болсноос хойш 7 хоног өнгөрсөн байна. Өнөөдрийн байдлаар надад 2 урагштай мэдээ байна:

  1. Амазоны хамтарч ажилладаг төлбөрийн системийн компань болох 3-дагч компаньд Монгол улс маань бүртгэлтэй байдаг юм байна. Тэгэхээр Монголчууд маань энэ компаньд бүртгүүлээд бараагаа зараад, төлбөрөө $ оор авах боломжтой гэсэн үг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр – хамгийн ихээр санаа зовоогоод байсан төлбөрийн асуудал шийдэгдлээ гэсэн үг!
  2. Өмнө нь 3-дагч орнуудаас Амазон дээр амжилттай байршуулж байсан туршлагатай нэг ахлах менэжэртэй холбогдож чадсан. Энэ 7 хоногт уулзаж зөвөлгөө авах санаатай байна. Аль болох чадлаараа дэмжиж, зөвөлгөө өгөхөд бэлэн байна гэж хэллээ.

За яг одоо 10.02-ны орой 23:18 болж байна. Үүгээр энэ удаагийнхаа блог постыг өндөрлөе. Галзуу хулганы зам шиг дээшээ, доошоо хэмнэлтэй бичсэн, мөн үг үсгийн алдаа гаргасан байж болзошгүй блог постыг маань цаг гарган уншсанд тань талархлаа илэрхийлье! Ямар ч байсан дэлхийн компаньд зүгээр нэг ажиллаад суухгүй, эх орондоо багахан ч гэсэн хэрэгтэй зүйл хийе гэсэн хүсэл эрмэлзлээрээ өөрийнхөө хэмжээнд явж байгаа гэдгээ дуулгах гэсэн юм. Дараа дараагийн даваануудын цаана ямар асуудлууд байгааг мэдэхгүй ч, хичээх болноо!

Дахиад хэлэхэд Монгол талаас энэ асуудал дээр сайн дурын цагаа зарцуулаад, хамтраад ажиллах мэдлэг, туршлагатай, шийдвэр гаргахад оролцож чадах хүмүүс байвал холбогдохыг хүсье. Ялангуяа:

  • Банкны төлбөр авах тал дээр
  • Гаалийн бараа гаргах, татвар
  • Монголоос АНУ руу бараа илгээх ложистик ийн тал дээр
  • Монгол бараа, бүтээгдэхүүнийг олон улсын стандарт, шаардлагат нийцүүлэх процесс
  • Хаяг таних, баталгаажуулах систем

Баярлалаа!

Хүндэтгэсэн,
А.
Амарбаяр

Amarbayara.wordpress.com

 

  • Шинэ
  • Их уншсан