Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Сумъяабазарыг УУХҮ-ийн сайд болгож, П.Сэргэлэнг суудалд нь хэвээр үлдээх санал тавьжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг танхимынхаа сайдуудыг ч эцэслэн тодруулаагүй байхад МАН, АН, МАХН-ынхан сөрөг тоглолтоо хийж эхэллээ. Ж.Эрдэнэбатын танхимыг огцруулахын эсрэг саналтай байсан 32 гишүүнээс шинээр байгуулагдах Засгийн газарт орж ажиллах нь тодорхой болсон. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч тун удахгүй болох намынхаа их хурлаар намын даргад өрсөлдөх учраас нам доторхи “гал”-ыг унтраах үүднээс тэдэнтэй тохиролцооны ширээний ард сууж 7х8 гэсэн харьцаатайгаар засгаа бүрдүүлэх яриа хэлэлцээг хийж байгаа. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс У.Хүрэлсүх сайдад хоёр эрхмийн нэрийг санал болгосон аж. Тодруулбал, П.Сэргэлэнг ХХААХҮ-ийн сайд хэвээр нь үлдээж, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болгох санал тавьсан талаар улс төрийн хүрээнд ярьж байна. Гэвч У.Хүрэлсүх “Өмнөх Засгийн газарт ажиллаж байсан сайдуудыг ажиллуулахгүй” гэснээс болсон уу нийтлэлч А.Баатархуяг тэргүүтэй Ерөнхийлөгч Х.Баттулгын ПР багийнхны зүгээс өнөөдөр цахим ертөнцөөр нэг “Төмөрсүхийн эрэлд. МАН-ынхан Хүкийг долоох байх гэсэншүү юм бодож байтал хүлхчихдэг байгаа. Шүлс нь бас л сайн уусгадаг юм байна, хүчиллэг гэж” хэмээн бичжээ. Эндээс харвал, Ерөнхийлөгчийн армийнхан У.Хүрэлсүхэд “Үгэнд орохгүй бол нөгөө хэдтэй чинь нийлж байгаад намнана шүү” гэх дохиог өгч эхлэв бололтой. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн хувьд суудалдаа үлдэхийн тулд хамаг л аргаа хэрэглэж байгаа нэгэн. Тэрбээр “Хятад, Монголын экспо 2017” арга хэмжээнд “Уяачдын армиа дагуулж очсон” гэх дуулианыг тэрүүхэндээ дэгдээж, “Үндэсний үйлдвэрлэгчдийг хохироосон” гэх асуудалд буруутгагдаад байгаа юм. МҮХАҮТ, ХХААХҮЯ хамтран Монголын хувийн хэвшлийнхнээ зохион байгуулж, дээрх арга хэмжээнд оролцох байсан ч үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ өмнөд хөршийн хэрэглэгчдэд ч таниулж чадалгүй буцаж ирснээр эл хэл ам дэгдээд байгаа юм.

Л.Номин

 

  • Шинэ
  • Их уншсан