МАН-ынхан Г.Мөнхбаярыг Х.Баделханаар сольж булай болохвий

МАН-ынхан шинэ Засгийн газарт хэн хэнийг оруулах талаарх ээлжит “зодоон”-оо хөшигний ард хийцгээж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа нөлөө бүхий, тогтвортой ажиллуулах үүднээс “УИХ-ын гишүүдээс бүрдсэн давхар дээлтэй Засгийн газар ажиллуулна” гэж мэдэгдсэн. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг дэх хүний, өөрийн фракцийн гол төлөөллүүд нь шинээр бүрдэх Засгийн газарт суудлаа эзлэх юм. Хачирхалтай нь мэргэжлийн Засгийн газраас илүү мэргэжлийн, төрийн ажлын туршлагатай, түмний итгэл хүлээсэн лидерүүд У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газарт орох тухай ард түмний “горьдлого” талаар болж мэдэх нь. Ийн хэлсний учир нь сайдын суудлын төлөөх марафонд эхний эгнээнд жагсч буй зарим нөхдөөс тодорхой харагдана. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баделхан Г.Мөнхбаярын ажлыг авч Барилга, хот байгуулалтын сайд болох юм гэнэ. Энэ мэдээ Төрийн ордноос Тусгаар тогтнолын ордон тийш тэр дороо түгж “60 тэрбум”-ын төлөөлөл болсон Х.Баделханыг энэ Засгийн газарт яагаад ч ажиллуулж болохгүй. Шинэ Засгийн газар МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2020 оны сонгуульд намынхнаа нүүр бардам оролцоход ихээхэн үүрэг гүйцэтгэх ёстой. Х.Баделхан мэтийн нэр муутай нөхдийг хэрхэвч сайд болгож болохгүй. Баян-Өлгийг Х.Баделханы “Вант улс” болгосон энэ нөхрийг сайд болгосны оронд хот удирдаж байсан туршлагатай, МАН-ын шилдэг боловсон хүчин Г.Мөнхбаяраа сайд хэвээр нь үлдээх хэрэгтэй” хэмээн эсэргүүцэж байгаа аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард МАН-н удирдлагуудыг Баян-Өлгийн ард иргэдтэй уулзах үеэр тус аймгийн МАН-ын дэд дарга Д.Сара “Манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд албан тушаал хуваан авч байна. УИХ-ын гишүүн Х.Баделхан төрийн албыг төрлийн алба болгож байгаа нь хэрээс хэтэрч байна” гэж бухимдсан тухай хэвлэлүүд мэдээлсэн. Тэр ч атугай Баян-Өлгий аймгийн 300 гаруй иргэн Х.Баделханыг “Эрх мэдлээ ашиглаж төрийн ажлын ямар ч туршлагагүй тойрон хүрээлэгчид, хамаатан саднаа төрийн албанд томилуулж байна” гэсэн утгатай шаардах бичгийг МАН-ын удирдлагуудад илгээх гэж байгаа талаар ч тухайн үед хэвлэлүүд мэдээлж байв. Х.Баделханаас гадна УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Барилга, хот байгуулалтын сайдад яригдаж байгаа юм байна.

Н.Нямдаваа

  • Шинэ
  • Их уншсан