М.Энхболдын фракциас У.Хүрэлсүхийн танхимд ажиллах сайдуудын нэрс тодорхой боллоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 11-нд буюу ирэх лхагва гарагт сайдуудынхаа асуудлыг хэлэлцүүлэх учиртай. Үүнээс урьтаж Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн өнөөг хүртэл түүнийг дэмжиж, ПР-ыг нь хийж өгсөн Х.Баттулгын багийнхан У.Хүрэлсүхийн талаарх эерэг байр сууриа өөрчилж, өнөөдрөөс түүнийг шоглох, шүүмжлэх өнгө аястай болж ирэв. Үүний учир нь МАНАН бүлэглэлийнхнээс татгалзаж, нийгмийн захиалгын дагуу Засгийн газраа бүрдүүлэх тэдний горьдлого тасарсных аж. Энэхүү бодол санаагаа ч тэд цахим ертөнцөд ид илэрхийлж байна. Зарим нь түүнийг “Ерөнхий сайд асан С.Баярын өөр нэгэн муу хувилбар”-аар нэрлэж байгаа бол А.Баатархуяг, Г.Уянга тэргүүтэй нөхөд “Рио Тинтогийн хүнийг Сангийн сайдаар томилов оо. Гол тулгуураа алдаж болохгүй шүү” гэх захиасаа эрс ширүүлж “Хүк М.Энхболдынхонд хүлхүүлчихлээ” хэмээн шоглож эхэллээ. Харин “Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үдэш УИХ-ын 33 гишүүнтэйгээ уулзаж байгаа” гэх мэдээлэл бий. Тэдэнтэй уулзах болсны учир нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж нар “60 тэрбум”-ынхнаас засагтаа оруулах гэлээ. Зарчмаасаа ухарсан хэрэг болно шүү” гэж Ерөнхий сайд руу бухимдсанаас үүдэлтэй, мөн дундаасаа хэн хэнийг сайдаар томилуулахаа эцэслэн шийдэх гэснийх юм. У.Хүрэлсүх өөрсдийнхөнтэйгөө ийнхүү хэл амаа ололцохоор уулзалт товлосон бол МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй хотын фракцийнхан ба хунтайжуудын бүлэглэлтэй аль хэдийнэ тохиролцоогоо хийжээ. Баттай эх сурвалжуудын мэдээлснээр,

Шадар сайд-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

БОАЖ-ийн сайд-УИХ-ын гишүүн О.Содбилэг

БСШУС-ын сайд-Ц.Цогзолмаа

Зам, тээврийн хөгжлийн сайд-Ж.Бат-Эрдэнэ

Батлан хамгаалахын сайд-Н.Цэрэнбат

Барилга, хот байгуулалтын сайд-Х.Баделхан буюу М.Энхболдынхон болон хунтайжуудын бүлэглэлийнхнээс сайд болох хүмүүсийн нэрс албан ёсоор тодорчээ. Чухам энэхүү албан тушаалын хуваарилалт Ж.Эрдэнэбатын танхимыг огцруулахад хувь нэмэр оруулсан гишүүдийн уурыг хүргэсэн аж. МАН-ын бусад гишүүн ч гэсэн “Л.Энх-Амгалан онцгой байдлын салбарыг ядаж мэдэх үү. Баян-Өлгийд багтахаа больсон Х.Баделханд барилга, хот байгуулалтын салбарыг хариуцуулбал энэ салбар жинхнээсээ дампуурахын цондон. Сайдад нэр дэвшигчдийг өдгөө үүрэг гүйцэтгэгч болсон сайдуудтай харьцуулахад үнэхээр чадвар муутай баг бүрдэх нь ээ. Олигархи бүлэглэлээс бүрдсэн ийм Засгийн газрыг лав л “Ардын Засгийн газар” гэхгүй” хэмээн бухимдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд ч гэсэн дээрх хувилбарыг дэмжихгүй нь тодорхой. Учир нь түүний гол “дайсан” MCS-ийн төлөөлөл Шадар сайдад нэр дэвших гэж байна.

А.Саранхүү   

  • Шинэ
  • Их уншсан