Засгийн газраа бүрдүүлэх үү, УИХ тарах уу

Эрх баригч хүчин шинээр Засгийн газраа бүрдүүлэх гэсэн биш УИХ дахь бүлэг нь дотроо 33:32 ч ч биш, гомдогсод, горилогсдынх гэж дотроо дахиад хэд хуваагдав. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаас огцруулах үйл явцаас эхлэн тэд тус тусдаа хуралдах болсон. Харин өнөөдөр 32-ын бүлэг болон 33-ын бүлгээс сайдад нэр дэвшүүлэх эрхмүүдийн нэр тодорхой болсон ч олон нийт төдийгүй МАН-ынхан өөрсдөө "Энэ хэвээр томилгоог хийвэл өмнөхөөсөө ч муу Засгийн газар бүрдэх нь ээ" гэж байгаа. Гэвч төрийн ажил хуультай, хугацаатай. Тиймээс Ерөнхий сайд Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу сайдуудынхаа нэрсийг маргааш УИХ-д танилцуулахаар товлосон. Үүнээс урьтаж өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг, намын Удирдах зөвлөлөөрөө сайдаар ажиллах хүмүүс дээрээ эцэслэн тохирох юм. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх 32-ын бүлгээс санал болгосон Л.Энх-Амгалан, О.Содбилэг нартай хамтран ажиллах боломжгүйгээ илэрхийлсэн нь МАН-д нэгэнт ассан "гал" дээр тос нэмэв. Ерөнхий сайдыг ийм байр суурь илэрхийлэхтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийгөө хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдэж, Ж.Эрдэнэбатын танхимд ажиллаж байсан найман гишүүн У.Хүрэлсүхийн танхимд ажиллахгүйгээ мэдэгдлээ. Тэгвэл У.Хүрэлсүхийн фракцийн Л.Оюун-Эрдэнэ гишүүн "У.Хүрэлсүхийн багийг хүлээн зөвшөөрөхгүй бол УИХ тарах ёстой" гэсэн байр суурьтай байна. Сөрөг хүчнийхэн "У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ" гэж байхад эрх баригчид ийнхүү өөр хоорондоо талцсаар. Засаг бүрдүүлэх хуулийн хугацаа 14 хоног. Энэ хугацаанд МАН-ынхан нэгдсэн шийдэлд хүрэхгүй бол УИХ тарах хуультай. Л.Номин

  • Шинэ
  • Их уншсан