Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Сайд нарт цалин өгөхгүй" гэв

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд ажиллах сайдуудын нэрс албан бусаар тодорсон. УИХ дахь МАН-ын бүлгийн 33/32 гишүүд маргааш гэхэд шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн дээр эцэслэн тохиролцож Ерөнхий сайд УИХ-д танилцуулах ёстой. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Өмнөх Засгийн газрын бүтцэд өөрчлөлт хийхгүй" гэж мэдэгдсэнчлэн энэ удаад бүтцийн асуудлыг хөндөөгүй. Харин хуучин сайдуудад бүгдэд нь "Баяртай" хэмээж, 33-ынхнаасаа ес, М.Энхболд, Ж.Эрдэнэбатынхны 32 гишүүнээс зургааг нь сайд болох тохиролцоо хийсэн. Гэвч эсрэг талынхнаас Шадар сайдад Л.Энх-Амгаланг, БОАЖ-ын сайдад О.Содбилэгийг санал болгосон ч Ерөнхий сайд хүлээн авахгүй байгаа тухай мэдээлэл бий. Батлан хамгаалахын сайдад яригдаж буй Н.Цэрэнбатыг "гишүүдийн олонхийн саналыг авч чадвал тэр биз, үгүй бол өөр хүн нэр дэвшүүлнэ" гэж байгаа аж. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Сайдуудад цалин өгөхгүй. Цалингүй ажиллахаас татгалзвал нэрээ татаарай" гэж намынхандаа хэлжээ. Эдийн засаг хүнд байгаа үед У.Хүрэлсүх бүсээ чангалж, багийнхнаа ч үрэлгэн байлгахгүй нь бололтой. Х.Анар

  • Шинэ
  • Их уншсан