САЙД Н.ЦЭРЭНБАТ ХАРЪЯА БАЙГУУЛЛАГУУДЫНХАА АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр Улаанбаатар хотод байрлаж буй яамны харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагчидтай уулзлаа. Тодруулбал, БОАЖ-ын сайдаар томилогдоод удаагүй байгаа тэрбээр салбарын өнөөгийн нөхцөл байдал, өмнө нь хийж хэрэгжүүлсэн болон хийхээр төлөвлөсөн ажлуудтай танилцах хүрээнд уг уулзалтыг зохион байгуулсан нь энэ юм. Нийслэл хотод байрладаг БОАЖЯ-ны харьяа байгууллагуудтай тус бүрт нь уулзсан уулзалтад Аялал жуулчлалын хөгжлийн төв, Монгол Кувейтийн судалгааны төв, Хустай нурууны Байгалийн цогцолборт газар, Богдхан уулын ДЦГ, Горхи Тэрэлжийн ДЦГ, Хан хэнтийн УТХГ, Туул голын сав газрын захиргаа, “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, “Монгол Ус” төрийн өмчит үйлдвэрийн газар болон Байгаль орчин уур амьсгалын сангийн ажилтан, албан хаагчид оролцлоо. Уулзалтын эхэнд нэр дурдсан дээрх харьяа байгууллагууд үйл ажиллагаа болон цаашид хийх ажлын төлөвлөгөө, нөхцөл байдлаа танилцуулан, салбарын сайдтай санал, солилцож, үүрэг чиглэл авсан юм. Жишээлбэл, Аялал жуулчлалын хөгжлийн төвийнхөнтэй уулзсан уулзалтын үеэр Н.Цэрэнбат сайд гадаадын жуулчдыг татах, энэ хүрээнд тэдний эрүүл, аюулгүй байдлыг маш сайн хангах тал дээр ажиллах ёстойг санууллаа. Мөн тодорхой жишээг үндэслэн, зочид буудлуудын үйлчилгээг сайжруулах хүрээнд ресепшнтэй холбогдох утасны дугаарыг нэгдсэн нэг болгох хэрэгтэй гэдгийг хэлсэн юм. Түүнээс гадна жуулчдын сэтгэл ханамжийг хангах хамгийн гол зүйл болох хоол, хүнсний тохиромжтой цэсийг тухайн орны онцлогт нийцүүлэн шинээр бий болгох, чанарын асуудлыг нэн тэргүүнд тавих шаардлагатай байгааг ажил хэрэг болгох хэрэгтэй хэмээв. Мөн нэр дурдсан дээрхи ДЦГ, УТХГ, БЦГ-ынхантай хийсэн уулзалтаар байгалийн цогцолборт газар, дархан цаазат газар, улсын тусгай хамгаалалттай газарт ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг таслан зогсоох, маш хариуцлагатай ажиллахыг анхааруулсан юм гэж БОАЖЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Шинэ
  • Их уншсан