Б.Мөнхбаатар: Дэлхийн хэмжээний компанитай хамтран ажиллахын тулд тэдний хэмжээнд сэтгэх ёстой

“Эрдэнэс Монгол” Компанийн 10 жилийн ой тохиож байна. Энэ компанийн 10 жилийн түүхийг  бичилцсэн охин компанийг удирдаж яваа хүний хувьд группийн өнгөрсөн 10 жилийн түүхийн ололт амжилтыг  дүгнэхгүй юу?

Юуны өмнө  Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудад Засгийн газрын төлөөллийг хэрэгжүүлсээр ирсэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн баярын мэндийг Эрдэнэс Монгол группийн нийт ажилтан, албан хаагчид Та бүхэндээ дэвшүүлье.  Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс Монгол” ХХК нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд өндөр байр суурь эзэлдэг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, үндэсний тэргүүлэгч компани болж чадсан гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.

Оюу Толгой ашигтай, ашиггүй  гэсэн өчнөөн маргаан шүүмж бий.  Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай явдаг вэ?  Ер нь төслийн хүрээнд анхаарах ямар асуудлууд байна?

"Оюу Толгой" ХХК 2010-2016 оны хооронд улсад ойролцоогоор 1,6 их наяд төгрөг, 2016 онд өнөөгийн байдлаар 280 гаруй тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлж бүтээн байгуулалт хийхийн тулд тус компани их хэмжээний зээл авсан нь Монгол Улсад ногдох ашгийг хойшлуулж байгаа.  

Оюутолгойн ил уурхай нийт ордын 20 хувь, далд уурхай нь 80 хувийн үнэ цэнийг агуулж байгаа. Тиймээс Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг амжилттай дуусгаж байж Оюутолгойгоос хүртэх өгөөж маань нэмэгдэх юм шүү дээ.  Ер нь Оюутолгойн төсөл хэрэгжсэнээр Монголд бий болсон бодитой давуу тал олон бий л дээ. Тухайлбал, Оюутолгой төслийн бараа бүтээгдэхүүн худалдан авалтад Монгол компаниудыг түлхүү оруулах чиглэл барьж байна. 270 сая долларын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг 549 монгол компани  нийлүүлсэн байдаг. Зөвхөн ашиг орлого гэхээсээ илүүтэйгээр дэлхийн хэмжээний том төслөөс бид  менежмент, арга барил, компанийн соёлыг сурч, өсөж хөгжиж, чадавхижиж байгаа. Энэ хүрээнд бид “Оюу Толгой” ХХК-тай хамтарч, тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.  Магадгүй 5-10 жилийн дараа дэлхийн том төслүүдийг бид өөрсдөө хэрэгжүүлэх тийм хэмжээнд чадавхижих учиртай.

Мөн Оюу Толгой төсөл дээр 90 хувь нь Монголчууд ажиллаж байна . Газрын гүний бүтээн байгуулалтыг Монгол залуус өрнүүлж байна. Баяжуулах үйл ажиллагаанд хяналт тавиад, удирдан зохион байгуулж буй хүмүүс нь Монгол инженерүүд байна. Энэ олон хүнийг ажлын байраар хангаж, чадавхижуулна гэдэг Монголын ирээдүйд оруулж  буй маш том хөрөнгө оруулалт юм.  

Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил ямар шатанд явж байгаа вэ?

Далд уурхайн хувьд Монголд хийгдэж байгаа маш том бүтээн байгуулалт. 1.5 км-ийн доор бүтээн байгуулалт өрнөж байна шүү дээ. Зүйрлэж хэлбэл талбайн урдах “Блю скай” барилгыг 20 дахин давхарласантай тэнцэх хэмжээний гүнд гээд төсөөлөхөөр хэр хэмжээний аварга бүтээн байгуулалт болох нь харагдах байх. Тийм гүнд цооног ухаад 15 км-ийн хонгил сүлжээ хийчихсэн байна. Хонгил нь  5-7 метрийн өндөртэй. 200 км буюу Улаанбаатараас Дархан орох дайны урттай хонгил сүлжээнүүд хийгдэнэ. Хоёр дахь шатны далд уурхайн бүтээн байгуулалт явагдаж байгаа энэ үед бидний зүгээс хөрөнгө оруулалтаа тогтвортой байлгах нь чухал.

Тийм шүү, дэлхийн хэмжээний том төслөөс сурч чадавхижиж байгаа нь манай үндэсний компаниуд өөрсдөө үнэ цэнийг бий болгож байгаа хэрэг. Харин сургамж гэвэл юуг онцлох вэ?

Яг тийм. Оюутолгойгоос бид туршлага судалж, мэдлэг, технологийг нь нутагшуулж, үндэсний боловсон хүчнээ чадавхжуулж байна.  Сургамж гэвэл бид олон жил ярьсан даа, Таван Толгойн цахилгаан станцын асуудал байна. Анх хөрөнгө оруулалтын гэрээ яригдахад л тав, зургаан жилийн дотор станцаа барина гэсэн үүргийг Монголын тал хүлээж байсан. Гэтэл өнөөг хүртэл ахисан юмгүй байгаа. Тэр хооронд Оюу Толгой Хятад руу 200 км цахилгааны шугам татчихсан.  Эрчим хүчээ өндөр үнээр худалдан авч хэрэглэдэг. Сард цахилгааны төлбөр нь гэхэд л дунджаар 10 сая ам.доллар. Урд хөршид төлж байгаа мөнгө ийм том тоогоор яригддаг. Ингээд бодохоор бид маш их мөнгийг гадагшаа урсгаж байна шүү дээ.

Зэс хайлуулах үйлдвэрийн асуудлыг ч бас дурдаж болох байх...

Оюутолгой жилд 720 мянган тонн баяжмалыг урагш нь экспортолж байгаа. Оюу Толгойн орд алт, мөнгө, зэсийн агууламж ихтэй гэдгээрээ Эрдэнэтээс ялгаатай. Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголд зэс хайлуулах үйлдвэр барих боломжтой эсэхийг судална гэсэн утгатай заалт бий. Оюу Толгойн хувьд судалгаа хийгээд дүгнэлтээ хэлчихсэн. “Зэс хайлуулах үйлдвэрийг ямар ч технологиор боловсруулсан хүхрийн хүчил ялгарна. Химийн үйлдвэрүүд ажиллаж байж үйлдвэрээс ялгарсан хүхрийн хүчлийг ашигтай бүтээгдэхүүн болгодог. Монголд тийм үйлдвэргүй учраас алдагдалтай” гэж дүгнэсэн. Гэхдээ бидний зүгээс өөрсдөө судлах ёстой. Ийм үйлдвэр барьчихвал “Оюу Толгойн алт Монголд орж ирэхгүй байна” гэж шүүмжлэх шаардлагагүй болно.

Ер нь энэ компанитай урт хугацаанд харилцан ашигтай хамтарч ажиллахын тулд хууль эрхзүйн бүтцээ бид эргэж харах ёстой ёстой юу?

Ер нь Оюу Толгойтой үүсгэх түншлэлээ алсын ирээдүйд, дунд хугацаанд, богино хугацаанд  гэж тодорхойлох ёстой гэж би харж байгаа. “Оюу Толгой” компани дэлхийд аль л  шилдэг гэсэн санхүүгийн болон хуулийн компанийг хөлсөлж  гэрээ контракт, санхүүгийн тайлан тооцоогоо хийлгэдэг. Нөгөө талд нь хамтарч ажиллаж буй хувь эзэмшигч нь хэн бэ гээд өнгийхөөр их хэцүү зураг харагддаг. Төр засаг нь тогтворгүй, хүний нөөц маань ч сайн биш. Төгссөн сургууль, ажилласан орчныхоо хувьд дэлхийн шилдэг бүтэцтэй ажиллах хүний нөөц үнэхээр дутмаг.   Оюу Толгойг удирдаж залж байгаа “Рио” бол дэлхийн уул уурхайн хоёр томын нэг шүү дээ. Олон улсад төсөл хэрэгжүүлсэн, олон жилийн түүхтэй компанитай харилцан ашигтай хамтран ажиллахын тулд тэдний хэмжээнд сэтгэх ёстой. Уул уурхайд түшиглэж явна л гэж байгаа бол тэр хэмжээний санхүү, хууль эрх зүйн бүтцийг бий болгохоос өөр арга байхгүй шүү дээ. Ер нь Монголд Оюу Толгойгоос гадна олон том стратегийн  орд бий. Тэдгээр ордуудад төсөл хэрэгжүүлэхийн тулд “Рио” шиг дэлхийн хэмжээний том хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлцэл хийж таарна.  Ер нь томоохон гэрээнүүддээ анализ хийдэг, хаана юун дээр алдав, цаашдаа яах ёстой юм гэдгийг харж чаддаг судалгааны бүтцийн институцуудыг бий болгох хэрэгтэй.

Бид хариуцлагатай уул уурхайг их ярьдаг.  Уул уурхайг хариуцлагатай хөгжүүлэхэд энэ л хамгийн чухал нь биш үү.

“Оюу Толгой” гэдэг компанитай Монгол Улсын  Засгийн газар л ажиллаж байгаа учраас нэг цонхны бодлогоор явах учиртай. Засгийн газарт хамаарах яамд, агентлаг, компаниуд нэг бодлогоор дуугардаг байх хэрэгтэй гэсэн үг. Хэлэхэд амархан ч хийхэд хамгийн хэцүү ажил нь энэ. Ер нь ямар нэг ажлыг явуулахад төрийн байгууллагуудын уялдаа холбоо маш чухал гэдгийг би туршлагаараа мэднэ. Товчхондоо “Рио тинто” компанитай харилцан ашигтай хамтрахын тулд Монголын тал нэг баг болж ажиллах хэрэгтэй.

Хариуцлагатай уул уурхайн талаар ярихад бас нэг чухал нь компани аюулгүй ажиллах ёстой, аюулгүй ажиллахын нэг үндэс нь гэр бүлдээ санаа зовохгүй байх явдал юм.

Өнөөдөр  Өмнийн говьд, Ханбогдод хүн амын төвлөрөл бий болж байна. Энэ төвлөрөлийг одооноос эхлээд төр засаг үе шаттайгаар, бодлоготойгоор төлөвлөж, авч явах шийдэл нь зайлшгүй байх ёстой. Хөрөнгө оруулагчдын Ханбогдод бариад өгчихсөн дэд бүтцийг бид ашиглах хэрэгтэй.   8 тэрбумаар барьсан системийг ажиллуулах хүн тэр суманд байхгүй. Тэгсгээд эзгүйрээд эвдрээд дуусна. Сумын хэмжээнд гэж явцуу харалгүйгээр Монголын бүтээн байгуулалт говь руу чиглэж байгаа гэдэг утгаар нь хандаж ажиллах хэрэгтэй. Бодлоготойгоор, өөрсдөө санаачилж барьсан орон сууцандаа онгоцоор ирж буцаж байгаа Оюу Толгойн ажилтнуудыг гэр бүлтэй нь түрээсээр амьдруулахаас эхлээд олон гарц бий. Энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэгч компанитай хамтран ажиллаж, олсон амжилтуудаа бататгаж, улс орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 С.Хүрэл

  • Шинэ
  • Их уншсан