Д.АРИУНБОЛД: "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХ, ЭСВЭЛ ХУВЬЧЛАХ АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗАР ШИЙДНЭ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын "Чалко" компанид тавьсан 350 сая ам.долларыг энэ онд төлж барагдуулсан төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК тун саяхан Хөгжлийн банкнаас авсан 100 сая ам.долларын өрөө төлсөн билээ. Үүнтэй холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдоос компанийн үйл ажиллагаа болон бусад асуудлаар тодрууллаа. 

-Хөгжлийн банкны өрийг дарж дууссан тухай таатай мэдээ гарсан. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаа эргэлтэд орох эхлэл тавигдаж байна гэж ойлгож болох уу?
-“Эрдэнэ Тавантолгой” компанийн ТУЗ-ийн шийдвэрээр Хөгжлийн банкнаас авсан 200 сая ам.долларын эхний хэсэг буюу 100 сая ам.долларыг бид хугацаанаас нь өмнө төлж барагдууллаа. Хугацаанаас нь өмнө төлж барагдуулснаар “Эрдэнэс Тавантолгой” компани дотоод дахь өрийнхөө 50 хувийг дарчихаж байна. “Чалко”-гийн өрийг энэ оны гуравдугаар сарын 31-нд төлж барагдуулсан. Тэгэхээр гадаад талдаа ямар ч өр төлбөргүй болсон гэсэн үг. Хэрэв уурхайн хил гаалийн ямар нэгэн давагдашгүй хүчин зүйл болохгүй л бол ирэх оны дөрвөн сард дотооддоо буюу Хөгжлийн банкинд үлдсэн 100 сая ам.долларыг дарах төлөвлөгөөтэй байгаа.Тэгээд хэрэв санхүүжилт үлдвэл Хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэн ногдол ашиг өгөх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

-Энэ жил 1072 хувьцааг эргэлтэд оруулж, арилжаалах эхлэл тавигдана гэж өмнө нь хэлж байсан. Ямар ажил хийж байгаа вэ? 
-Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг дуусгах Ажлын хэсэг байгуулаад үүрэг өгчихсөн. Энэ ажлын хэсэг 11 дүгээр сард багтаан тайлангаа тавих ёстой. Яагаад гэвэл хувьцаа эзэмшигчдийн хувьцаа нэлээд хөдөлсөн. Ахмадуудад, оюутны төлбөр, бэлэн мөнгө гэх мэтээр хувьцаа тараагдсан. Үүнийг нэг бүрчлэн бүртгэж, хэнд хэдэн хувьцаа байна гэдгийг тогтооно. Бүртгэлээ дуусгасны дараа компанийн баланс дээр албан ёсоор тавина. Бүртгэлийн асуудал дууссаны дараа ноогдол ашиг өгөх эсвэл Хөрөнгийн биржийн хоёр дахь арилжаанд оруулж хувьчлах уу гэдгийг Засгийн газар шийдвэрлэнэ.

-Тавантолгойд олборлолт хийдэг компаниуд тогтоосон квотоо зөрчөөд байна гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар тайлбар өгөөч?
-Тавантолгойд ажиллаж байгаа гурван компанийн нэг нь угаагаад, нөгөө хоёр нь уурхайн амнаас ачиж экпортод гаргаж байгаа. Өнөөдрийн байдлаар хилээр 500-600 машин л гарч байна. Тийм учраас хил дээрх дарааллыг багасгах, ачаатай автомашины цувааг бууруулах зорилгоор компаниудын тээвэрлэлт дээр квот тогтоосон. Манай компанид 45 хувийн квот өгсөн. Гэхдээ нийт тээвэрлэлтийн 60-70 хувь нь манайхаас гардаг. Тийм учраас квотоос шалтгаалж манай компанид нэлээд овоорол үүссэн. Уурхайд ачаатай, ачаагүй 400-500 машин гадна талдаа дугаарлаад зогсож байна. Хилийн нэвтрэх чадвар маш муу хэвээрээ байгаа. Өнөөдрийн байдлаар 60-70 км цуваа үүссэн байна.

-Одоо тогтоосон квотыг шинэчилж тогтооно гэсэн асуудал ярьж байгаа гэсэн?
-Квот бол дотооддоо л зориулж Уул уурхайн яам, Авто тээврийн үндэсний төвөөс тогтоосон.

-Квот тогтоосноор компанийн үйл ажиллагаа, эргэлтэд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Манай компани сардаа 1 сая тонн-ыг экспортод гаргаж байсан. Квотоос илүү хил дээрх нэвтрэх чадварын асуудал экспортыг эрс муутгаж байгаа юм.

  • Шинэ
  • Их уншсан