Ши дарга “Эдийн засаг” гэдэг үгийг 70 удаа давтсан бол Монголын улстөрчид “Энэ луйварчин” гэж 1000 удаа хэрэлдэж байна

Энэ бол Хятад улсын дарга Ши Жинпин манай улсад 2014 оны наймдугаар сард төрийн айлчлал хийсэн үеийн түүхэн зураг. Дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч гүрнийг удирдах эрхтэй болсон Ши дарга 2008 онд БНХАУ-ын дэд даргын хувиар айлчилснаас хойш зургаан жилийн дараа Монголд ийн айлчилж, УИХ-ын хүндэтгэлийн чуулганы индрээс Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг уншиж байлаа. Тэрбээр “Хятад, Монгол Улс газар зүйн байршлын хувьд хөрш, эдийн засгийн хувьд харилцан нөхөх шинжтэй. Хятадын талд зах зээл, хөрөнгө мөнгө, техник, технологи, зам, дэд бүтэц гээд давуу тал бий. Монгол Улс арвин их байгалийн баялагтай. Иймд хоёр тал хамтран ажиллах боломжтой” хэмээгээд “Өнгөрсөн жил (2013 он) Хятад улсын импорт, экспортын барааны эргэлт дөрвөн триллион 16 тэрбум ам.долларт хүрсэн. Ирэх таван жилд Хятадын гадаад худалдааны эргэлт 10 триллион, гадаадын хөрөнгө оруулалт 500 тэрбум ам.долларт хүрэх урьдчилсан тооцоо байна. Өнгөрсөн жилд гадаадад зорчсон хятад иргэдийн тоо бараг 100 сая болсон. Энэхүү тоо 2020 он гэхэд 150 саяд хүрнэ. Хятад улсын тасралтгүй хөгжил Монгол болоод бусад түншид асар том зах зээл, боломжийг нээж байна” гэж УИХ-ын гишүүдэд хандаж хэлсэн үгэндээ онцолж байв. Тэр цагаас хойш гурван жил өнгөрчээ. УИХ, орон нутгийн ээлжит сонгууль, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ хугацаанд болж, Монголын төрийн гурван том институцид хүчний хуваарилалт өөрчлөгдөв. МАН УИХ-д 65 суудалтай болж үнэмлэхүй олонхи болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга ялж, тус нам Төрийн тэргүүний сонгуульд гурав дахиа дараалан ялалт байгуулав. Харин Монгол төрийн чадамж, чадавхи, бодлогод хэр ахиц гарсан бол. Энэ тухайд эргэцүүлэн харвал монголчуудын итгэлийн “чавхдас” тасрахад хэдийнэ бэлэн болжээ. Төрийн сүлдэндээ сүсэглэж, өглөө болгон сүүнийхээ дээжийг өргөдөг монголчууд “Энэ төрд заларсан нөхөд нэг л биш ээ. Бид хэнийг сонгочихов оо” хэмээн энэ өдрүүдэд халаглаж сууна. Харин Монголд төрийн айлчлал хийж, “Хөгжих боломжтой, хамтран ажиллаж хамтдаа дэвших “хаалга” үргэлж нээлттэй шүү” гэж монголчуудад хандаж хэлсэн Ши Жинпин “Нэг Хятад” бодлогоо амжилттай хэрэгжүүлж, авлигын эсрэг “Үнэгний ав”-аа үргэлжлүүлснийхээ үр дүнг Коммунист намын ээлжит их хурлаараа саяхан хэлэлцүүллээ. Олон улсын хэвлэлүүдэд онцолж байгаачлан “Мао Зэдуны дараахь Хятадын хамгийн нөлөө бүхий удирдагч”-аар тодорсон тэрбээр өнгөрсөн сард болсон Коммунист намын XIX их хурлын үеэр “Нэгдсэн гүрэн” гэдэг илтгэлээ гурван цаг 23 минут тавихдаа доорх үгсийг хэдэн удаа давтсаныг ажиглагчид онцоллоо. Үүнд:

Нүүрс гэдэг үгийг 0 удаа

Газрын тос гэдэг үгийг 0 удаа

Сэргээгдэх эрчим хүч гэдэг үгийг 2 удаа

Эрчим хүчний хэмнэлт гэдэг үгийг 2 удаа

Байгаль орчин гэдэг үгийг 3 удаа

Бохирдол гэдэг үгийг 7 удаа

Экологийн тэнцвэр гэдэг үгийг 12 удаа

Эдийн засаг гэдэг үгийг 70 удаа

Инноваци гэдэг үгийг 88 удаа

Хүрээлэн буй орчин гэдэг үгийг 89 удаа давтсан байна. Үүгээр ч зогсохгүй Хятадын дарга Ши Жинпин “Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаа”-г Коммунист намын дүрэмд тусгуулж, марксизм, ленинизм, Мао Зэдуны үзэл санаа, Дэн Сяопиний онолуудыг ийнхүү нэгтгэв. Авлигын эсрэг “Аян дайн”-аа ч цаашид үргэлжлүүлэхээ зарлав. Харин Монгол?!

            Эрх баригч МАН-ынхан сонгуульд ялсныхаа дараа байгуулсан мэргэжлийн Засгийн газраа нэг жил ажиллуулаад огцруулав. Үүнийг “Хариуцлага тооцож огцруулсан” гэхээс илүүтэй “Ордон доторхи хуйвалдааны үр дүн” гэж дүгнэмээр. УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр тус нам “Давхар дээлгүй Засгийн газар байгуулж, монголчуудтайгаа хамтдаа хөгжиж, хамтдаа зүтгэнэ” гэх мэт “гоё” үгсийг мөрийн хөтөлбөртөө тусгасан ч амласандаа хүрч чадсангүй. Сү.Батболдын Засгийн газрын үед Хятадын “Чалко” компанид тавьсан 350 сая ам.долларын өрийг энэ оны гуравдугаар сарын 30-нд бүрэн барагдуулсныг эс тооцвол МАН-ынханд ард түмнийг баярлуулсан бодлого, шийдвэр бараг л алга. Харин УИХ-ыг “Улсын их хэрүүл”-ийн газар болгож, нэг нэгнээ “Хулгайч, луйварчин” гэж чуулганы танхимд цоллох нь хэвийн үзэгдэл болов. Одоо бүр ил цагаан зодолдох нь. Хэдийгээр “Парламент бол мэтгэлцээний талбар. Хэрэлдэж, барьцалдаж авах нь байх л үзэгдэл” гэж цайруулж болох ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын даргын ажлаа өгөөд ууртай яваа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын хэрүүлээс харвал энэ эрх баригчид эдийн засгийн хямралаас ард иргэдээ аврах манатай, намынхаа хэрүүлд идэгдэж төрийн нэгмөсөн хямрааж гүйцэх нь ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсонд хориг тавьж, энэхүү хоригийг УИХ хэлэлцэх үед хов, хэрүүлийн үгс давамгайлсан уу гэхээс биш хямралаас хэрхэн гэтлэх, ирэх оны эхээр төлж эхлэх бондуудын өрийг яаж төлөх, улсын төсвийг хэрхэн хэмнэлттэй зарцуулах, ер нь энэ улс орны эдийн засгийн хэтийн төлөв ямар байх талаар УИХ-ын гишүүдээс нэг нь ч санаа зовинож, үг хэлсэнгүй. Нэг хэсэг нь “Хэн нь илүү цэцэн мэргэн, яруу тансаг үг хэлэх вэ” гэдэг дээрээ ач холбогдол өгч камерын улс төр хийсэн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар нэг нэгнээ “Нүүрсний хулгайч, намын мөнгөнөөс хумслагч” хэмээн булайгаа дэлгэлцэв. Угтаа УИХ, Засгийн газрын гишүүдийн ширээн дээр ирэх оны улсын төсвийн төсөл байдаг. Монголын эдийн засгийн төлөвийг дээрх төсөлд хэрхэн төсөөлсөн хийгээд монголчууд өрийн дарамтаас яг хэзээ ангижрах талаар эрхэм гишүүд цэц мэргэнээ уралдуулсан бол... Гэвч тэгж чадсангүй. Чуулганы танхимд болсон хэрүүл, гишүүд нэг нэгнээ хэдэн арвантаа доромжлохыг харвал энэ УИХ-д найдах иргэдийн горьдлого тасрав бололтой. Засгийн газрын хувьд ч нааштай дүр зураг харагдсангүй. Яасан нөгөө “Эрч хүчтэй, ирмүүн зоригтой ажиллах шинэ Засгийн газар байгуулна” гэсэн ПР?! Ингээд л боллоо юу. Чадахгүй бол урд хөршид олноороо очоод захын “бүдүүн” даргаас нь татварын мөнгийг баяжих хөлжих хэрэгсэл гэж харалгүйгээр улс орноо хөгжүүлэхэд хэрхэн хувь нэмрээ оруулж болдгоос суралцчихаад ирвэл яасан юм бэ. Цаана чинь Хятад хөгжөөд, Монгол хямраад байна. Ичнэ гэдэг сайхан чанар хүнд байдаг байх аа.

Д.Гэгээ

  • Шинэ
  • Их уншсан