У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат нарын хэрүүлээс М.Энхболд сөөм сөөмөөр хожиж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсонд хориг тавьж УИХ өнгөрсөн долоо хоногт хэрүүл шуугиантайгаар хэлэлцлээ. Зарим хуульч “МАН Ерөнхийлөгчийн хоригийг “Хэлэлцэхгүй” гээд шууд буцаасан бол болох байлаа. Гэтэл хэлэлцэж оноо алдлаа” хэмээн дүгнэж байгаа юм. Өнгөц харвал, МАН-д дургүй Х.Баттулга шинэ Засгийн газрын тэргүүнд сануулга өгч, “Ч.Хүрэлбаатарын ах дүүс, ойр тойрныхон Хотгор шанагын уурхайг зарсан” гэх сөрөг ПР давамгайлсан улс төр хийж буй хэдий ч Үндсэн хуулийн хүрээнд яривал Ерөнхийлөгч нь танхимынхаа сайд нарыг бүрдүүлэх учиртай Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан дүр зураг ч энд ажиглагдаж байгаа юм. Гэвч Ерөнхийлөгчийн мэдлийн зарим хэвлэлд бичсэнчлэн “Тамгын уулын улс төр”-д УИХ-д 65 суудалтай МАН-ынхан санаатай, санамсаргүйгээр оролцож, нам доторхи хэрүүлээ төрийн их хэрүүл болгон хувиргалаа.

            У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газар бүрдээд сар ч болоогүй байна. Шинэ сайд нарыг томилох эсэхийг УИХ хэдэн өдрийн турш сунжран хэлэлцэж арайхийж нэг юм бүрдүүлсэн ч Отгонтэнгэр хайрханд уулчид осолдож энэ Засгийн газрын ажил барцадтайхан эхлэв. Ерөнхийлөгч Х.Баттулга Ч.Хүрэлбаатарт хориг тавьсныг нь МАН хүлээж аваагүй ч төд удалгүй төсвийн тодотголд хориг тавилаа. Ингээд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн өнөөдөр (2017.11.06) сэтгүүлчдэд хэлсэнчлэн бүтээн байгуулалтын зарим ажлын санхүүжилт гацаанд оров. Хэдийгээр Төрийн тэргүүн “Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох, төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн урамшуулал олгох, 2017 оны төсвийн хөрөнгө оруулалтыг 94.5 тэрбум төгрөгөөр бууруулахгүй байх” зэрэгт хориг тавьсан ч МАН үүнийг олонхиороо хүлээж авахгүй гэдгээ мэдэгдлээ. Хоёр хоригийг нь хоёуланг нь хүлээж авахгүй бол Ерөнхийлөгч Х.Баттулга “Тамгын уулын агуй”-н улстөржилтийг цааш хэрхэн дэглэх нь сонирхолтой л юм. Ямартай ч тэрбээр “Тамгын уулын агуй”-аас нэг “бэлтрэг” суйлах гээд амжилтгүй болов.

            “Тамгын уулын агуй”-н эзэн М.Энхболд өнгөрсөн долоо хоногт барьж байсан алхаа шидэх шахав. Түүнийг чуулганы танхимд ийн улалзуулсан хоёр бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар юм. Ж.Эрдэнэбатын танхимын гурав дахь хүн буюу ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Ж.Мөнхбат У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн эмзэг цэгээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг нэрлэж, Ц.Нямдоржийг “Шударга хүн, зарчим ярьдаг хүн. Таны тэр зарчим, шударга ёс чинь хааччихав” гэж шоглодог болчихоод байгаа. Өөрийг нь Ерөнхий сайдаар томилох эсэхийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед “Үзэлцэнэ шүү та нартай” хэмээн өрвөлзсөнийг хөмхий зуун тэвчсэн У.Хүрэлсүх сайд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үед үнэхээр тэвчсэнгүй бололтой. Ж.Мөнхбатад “Дуугүй бай” гэж хэлсэн биш “дайснууд”-даа далим өгөв. Том “Ах нар” нь цаанаас нь сумлаж, өөрөө наана нь нумаа няцахгүй татаж суугаа Ж.Мөнхбат У.Хүрэлсүхэд Ерөнхий сайдын ажлаа яаж хийхийг заагаад зогсохгүй “Чамайг Австралиас авчирч Шадар сайд болгосонд бид буруутай юу” гэж томров. Энэ хэрүүл чуулганы танхимд зодоон цохион болж ширүүсэхдээ тулсан тул УИХ-ын дарга М.Энхболд алхаа шүүрэн авч Ж.Мөнхбат руу дохиж суусан нь ч телевизийн камерт бичигдэж үлдэв. Огцорсон, огцруулсан хоёрын хэрүүл МАН-ын XXVIII их хурлын үеэр улам өргөн далайцтай өрнөх нь ч тодорхой.

            М.Энхболдын халааг авч МАН-ыг даргалах амбиц У.Хүрэлсүхэд, бас Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад бий. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, С.Бямбацогт нарын нэрс албан бусаар дуулдаж эхэлсэн бол МАН-ын генсекийн зөвлөх Н.Дэмбэрэл намын даргын албан тушаалд өрсөлдөхөө мэдэгдсэн. Харин М.Энхболдын хувьд Засгийн газраа намтайгаа хамт хяналтаасаа алдах “тэнэг” мөн үү гэдэгт эргэлзмээр тоглолт энэ өдрүүдэд харагдаж эхэллээ. Улстөрчдийн тооцоолсноор, тэр нам хийгээд улс төр дэх эрх мэдлээ тийм ч амар алдчих “тэнэг” биш аж. Товчхондоо, МАН-ын дарга М.Энхболд сөөм сөөмөөр өөртөө болон фракцидаа хожил авчрах тоглолтыг сэм сэмхэнээр хийж байна. Хэдийгээр түүний толгойлдог фракцийнхан НИТХ-ын даргын суудлыг У.Хүрэлсүхийнхэнд алдсан ч хотын мэр Су.Батболдыг нийслэлийн МАН-ын хорооны дарга болгож эрх мэдлээ хадгалж үлдсэн. Тиймээс засгаа алдсан ч намаа алдахгүй байх тактикийг тэд хэрэгжүүлж байна гэсэн үг. Үүн дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн дэмжлэгийг бүрэн авч чадахгүй нь Ч.Хүрэлбаатарт тавьсан хоригоос ил болж, Ж.Мөнхбат гишүүний үгнээс МАН-ын бүлэг дэх 32 гишүүний эсрэг байр суурийг бараг уншчихаж болно. Эдгээр 32 гишүүн дээр У.Хүрэлсүхийн “бялуу” хуваалтаас хоосон хоцорсон нөхөд нэмэгдэхийг ч үгүйсгэхгүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эргэн тойронд ийнхүү ассан улс төрийн “гал” М.Энхболдынхонд хожил авчирч, энэ сарын 20-нд эхлэх МАН-ын XXVIII их хурлын үеэр Ж.Эрдэнэбатыг намын даргаар сонгоход нэг их эргэлзэх зүйлгүй аж. Хэдийгээр У.Хүрэлсүхийн фракцийнхан “МАН-ын шинэ дарга У.Хүрэлсүх” гэж итгэл дүүрэн байгаа ч улс төрийн газрын зураг дээрх өнгө төрх хором хормоор өөрчлөгдөж байна. Магадгүй, улсын төсөв, ирэх оноос төлж эхлэх бондуудын өр, өөр рүү нь чиглэсэн элдэв “гал”-тай ноцолдох зуур нь У.Хүрэлсүхийг МАН-ын дарга болгохгүй байх ПР эрчимжиж, М.Энхболдынхон барьцаа ахиулахвий. МАН дахь энэ их хэрүүл, талцлаас М.Энхболдынхон чимээгүйхнээр хожиж эхэлж байгаа харагдана. Ерөнхийлөгчийн ПР багийнхан У.Хүрэлсүхийг дэмжих биш, шоглоод эхэлчихлээ. Тэдэн дээр М.Энхболдынхон хүч нэмж, Ж.Мөнхбат тэргүүтэй омголон шазруун гишүүдээ У.Хүрэлсүх рүү дайруулна. Дээр нь М.Энхболд Ерөнхийлөгч Х.Баттулгатай “Эрдэнэт”-ийн 49 хувийн маргаан дээр эрх ашиг нэгдэх магадлал ч өндөр. Энэ мэт эрх мэдэл, эдийн засгийн ашиг сонирхлуудаас харвал МАН-ынхан У.Хүрэлсүхийг хөөргөж дүрэлзүүлж байгаад М.Энхболдынхноо “Хаан” хэвээр үлдээхийг ч үгүйсгэхгүй. Яг үнэндээ МАН-ынхны хэрүүлээс намын дарга М.Энхболд нь сөөм сөөмөөр хожиж байна.

Л.Номин

              

  • Шинэ
  • Их уншсан