ОРШИХУЙ БА ДАЛД ЕРТӨНЦ (Зохиолч Г.Аюурзаны “Бөөгийн домог” романы тухай)

1. ҮЙЛ ЯВДАЛ Хүний оршихуйн экзистенц хөрсөн дээр бичигдсэн, анх уншихад ээдрээ төвөг ихтэй мэт санагдах “Бөөгийн домог” романы үйл явдлын үндсэн шугам тун энгийн. Энгийн гэж болохуйц зохиолын үйл явдлыг анхнаас нь орооцолдуулан хүндрүүлж байгаа хүчин зүйл нь зохиогчийн сонгож авсан бичиглэлийн хэлбэр, илэрхийлэх арга барил юм. Тиймээс ч романы цаад санаа нь хөөж унших үйл явдалд биш, түүгээр халхавч хийсэн сэтгэхүйн далд өгүүлэмжид суурилжээ. Хэдийгээр зохиогч туурвих явцдаа өөрөө тэгж бодоогүй байж болох ч уг бүтээл өнөөгийн дэлхий дахины уран сайхны сэтгэлгээний чиг хандлага болох постмодернд нийцэж байна. Романы гол баатар Тэнгис 19 насандаа өмнө нь огт уулзаж байгаагүй нэг охиныг анх хараад л түүнд хачин байдлаар татагдана. Охин аль эртний танил нь юм шиг санагдана. Ямар ч л байсан эмэгтэй хүнийг анх удаа өөрийн­хөө нэг хэсэг болгож харсан Тэнгис өнөө охинтой болзож, хамтдаа дарс ууж, дараа нь хулгайгаар авсан аавынхаа машинаар түүнтэй хамт бороон дундуур зугаалж явахдаа өөрөө ч мэдэлгүй гэнэт асуусан асуулт нь: -Чи надтай унтах уу? Охин шазруухан хариу асуусан нь: -Яах гэж? -Үгүй яахав дээ. Зүгээр... -Энд зогсчих доо. -Одоо энд үү? -Тийм ээ. Яг энд. Охин машины хаалгыг тас саван буув. -Хүүе, чи бялуугаа орхичихлоо. -Өөртөө үлдээ... Ингээд тэр богинохон дурлал дуусч, түүнээс хойш Тэнгис олон бүсгүйтэй учирчээ. Гэвч тэр охин л үе, үе бодогдсоор байв. Тэгээд охины инээмсэглэлийг санагдуулах хэн нэгнийг эрж хайсаар олон жилийн дараа олжээ. Гэтэл тэр бүсгүй нь Тэнгистэй “зүгээр л уулзаж байх”-ыг хүсэж, зэлүүд зочид буудалд нууцаар болздог байснаа төдхөн нөхөрт гарч, охин төрүүлэв. Тэгсэн мөртлөө тэр бүсгүй түүнийг мансууруулж, ховсдож гүйцжээ. -Чамтай унтаж байна гэж зүүдлээд...гэж тэр бүсгүй утсаар хэлэхэд л Тэнгис яг тэгж зүүдэлнэ. Нөхөрт гарснаас нь хойш мартахын даваан дээр байтал бүсгүй өөрөө гэнэт утасдаж, “зүгээр уулзалт”-аа үргэлжлүүлэхийг хүссэн байна. Сүүлчийн тэр уулзалтын дараа буудлаас гарахын өмнө бүсгүй: -Гарахаасаа өмнө намайг сайн үнсч аваарай. Ахиж мөддөө уулзахгүй шүү! гэв. Тэр үг нь зөнчийн үг шиг үнэн байлаа. Харанхуй буудлаас тэр хоёрыг гарах үед амиа хорлохоор шийдэж, өндрөөс үсэрсэн нэг хүн яг бүсгүйн дээрээс дарж унаад, бүсгүй үхэж, амиа хорлогч амьд үлджээ. Энэ л хар дарсан дурсамжаасаа зугтах гэсэндээ, бас сониуч зандаа хөтлөгдөн хоёрдугаар сарын тэсгэм хүйтнээр Тэнгис хэдэн бөө даган Монголоос гарч явсаар Байгаль нуурын дундах Туулайт арал хүрч, тэндээ юу үзсэн тухай романд өгүүлнэ. Домгоор бол Байгаль нуур дэлхийтэй нас чацуу. Тэнд хүн төрөлхтний анхдагч сүнснүүд байдаг гэх. Туулайт арал дээр очсон анхны шөнөө Тэнгис нуурын эрэгт зогсож байхдаа хачин цэнгэг анхилуун салхи хаа нэгтээгээс дүүгүүрдсэн чулуу шиг исгэрэн ирээд цөөрмийн мандал урах мэт цээж рүү нь цүлхийн орохыг мэдэрнэ. Маргааш өглөө нь нуурын сэжүүрт буй тэмээний бөх шиг шовх хадыг хараад тайлбарлахад бэрх баяр хөөрт автаж, өмнө шөнө цээж рүү нь цөмөрсөн салхи шиг зүйлийн эрчинд цохиулан бахардаж унаад сэрэхэд дээрээс нь өнгийгөөд нэг бөө зогсож байв. Бахардаж унасан байхад нь арцны мөчрөөр утаж сэргээсэн тэр бөө бол Хагдай. Хагдай бөө түүнд Бурхан хад үүдтэй бөгөөд тэр үүдийг олж болох тухайд бүрхэг юм ярина. Бурхан хад гэдэг нь бахардаж унасныхаа маргааш өглөө Тэнгисийн тэгтлээ их татагдсан тэмээний бөх шиг шовх хад юм. Тэнд эрт, эдүгээх бөөгийн онгодууд орогнож чуулдаг аж. Тэнгис чухамдаа Хагдай бөөгийн хэлсэн Бурхан хадны үүдийг олохын тулд л ойлгомжгүй зөн совинд автан түүний тулмааш болж, Туулайт арал дээр үлдэнэ. Туулайт арлын Хужир сууринд суусан 4 дэх жилдээ буюу бөөгийн нарийн ширийнд нэвтэрсэн хойноо тэр зүүд нойрны хүслэн болсон Бурхан хадны үүд яг өмнө нь байгааг олж үзнэ. Гэвч тийшээ орохоос татгалзаж байна. Хэдийгээр хачин хачин зүүд бүхнийг нь тайлж, олон олон үлгэр домгийн ертөнцөд аялуулж, далд бүхэнтэй холбож, зайлшгүй дохио тэмдгийг хэлж өгдөг Хагдай бөө түүнд “Хэрвээ Бурхан хад чамд үүдээ үзүүлсэн бол орохыг урьж байна гэсэн үг” гэж хэлэх боловч Тэнгис ойлгомжгүй шалтгаанаар өөртөө эргэлзэж байна. Ингээд Тэнгис Монгол нутагтаа буцахаар шийднэ. Яг энэ үед мэддэг бүхнээ Тэнгист өвлүүлж үлдээсэн Хагдай бөө нартаас хальж, тэнгэрт одох ажээ. Хагдай бөөгийн Тэнгист үлдээж өгсөн тэр ертөнц бол хэзээ ч үл мөхөх цаглашгүй ертөнц. Чухам тэр ертөнцийн зах зухад нэвтрэхийн тулд л Тэнгис Туулайт арлын Хужир сууринд бараг 7 жил суусан юм. Арал дээр суусан 7 жил шахам хугацаанд Тэнгис Хагдай бөөгийн хэлснээр “ОНГОДЫН ЦААД ӨНГИЙГ ХАРЖ ЧАДАХ” болжээ. 2. ХАГДАЙ БӨӨ Нийгмийн байдал талаасаа намтрыг нь хөөж үзвэл Хагдай бөө нь Сибирийн хүйтэн тайгад, хорих лагерьт төрсөн зол хувьгүй амьтан. Төрүүлсэн ээжийгээ ч үл мэдэх шоовдор. Боловсрол гэвэл ердөө л бичиг, үсэгт тайлагдсан төдий. Бас дээр нь галзуугийн эмнэлэгийн архаг өвчтөн. Насан туршдаа сэтгэцийн эмчийн хяналтанд байж, өөрийнхөө сэтгэлзүйн тухай мэдээллийг өөрөө бичиж илгээх үүрэг хүлээсэн хий юмтай нөхцөгч. Эмнэлэгт байхдаа Федот хэмээх булиа муйхар эрд зүй бусаар хүчиндүүлж, тамлуулсан хохирогч. Гэвч энэ бүхний цаана л жинхэнэ Хагдай бөө өөрөө байж, энэ бүхнийг тэсэж давсан тулдаа л жинхэнэ Хагдай энэ ертөнцөд өөрийгөө үлдээж чаджээ. Энэ бол ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙХ жинхэнэ оршихуйг өдрөөс өдөрт хавчин мохоож буй ертөнцтэй хийсэн хүчир тэмцлийн эцэст ялж гарсан хүний гашуун амьдралын түүх. Галзуугийн эмнэлэг Хагдайн хувьд нэг хэсэгтээ л тайван хоргодож болох хамгийн таатай оромж байлаа. Тэнд л Хагдай өөрийнхөөрөө байж чаддаг байв. Тэнд байхдаа л ангид ертөнцөд буй өвөг Хагдайн онгод сүнстэй уулзаж чаддаг байв. Учир нь олдохгүй бүхнийг өвөөгөөсөө асуудаг байв. Шорон шиг харанхуй өрөөнөөсөө хий биеэ хүлэглэн гарч, усгүй голын сайр гатлан, цаана нь ургасан ганц ч навчгүй том мод руу очдог байв. Тийшээ олон удаа очсоны эцэст сайхь том мод руу Хагдайг төрүүлсэн удган ээж нь ирж олон юмны зангилааг тайлж өгчээ. Хагдай онгодын хүчээр өнгөрсөн цаг руу зорчиж, төмөр зам тавих ажилд дайчлагдсан бөө нарыг, тэдний дунд яваа эцгийгээ, хорих газрын нүхэн оромжинд эхээс төрж буй өөрийгөө харна. Энэ бүхний эцэст нь Хагдай эмнэлгээс гарч бөө болов. Гэсэн мөртлөө нэгэн эмэгтэйг аврахын тулд эмчдээ зориуд худал мэдээлэл бичин байж галзуугийн эмнэлэгт дахин очиж байна. Тэр эмэгтэй нь галзуугийн эмнэлэгт түүнтэй ярьдаг байсан цор ганц хүн. Тэр Хагдайг зөөлөн гараараа хөтөлж, олны доромжлолоос авардаг байж. Тиймээс Хагдай тэр зөөлөн гарын төлөө эмнэлэгтээ үүрд үлдэхэд бэлэн байж. Живчихмээр сайхан хар нүдтэй тэр бүсгүйтэй эмнэлгийн эрэгтэй эмч нар бас л Федот шиг зүй бусаар хурьцдагийг галзуучууд бүгд мэддэг байв. Хагдай эмнэлгээс гараад 3 жил тэссэн боловч цааш чадсангүй. Эмнэлэгт буцаж очсон боловч тэр бүсгүйг аварч бас чадсангүй. Нэг удаа тэр Хагдайгаас: -Би чиний эхнэр мөн үү? гэж асуухад: -Тийм гэж хариулжээ. Гэвч тэр эхнэр нь галзуугийн эмнэлэгт нас барав. Хагдай эмчээсээ гуйж байж бүсгүйн шарилыг өөрөө оршуулав. Түүнээс хойш сүнстэй нь уулздаг болов. Бүсгүйн сүнс ээжийнх нь дэргэд очжээ. Одоо тэр Хагдайг тэнд хүлээж буй. Түүний тэнгэрт байгаа гэргий нь. Зохиолын гол баатар Тэнгис бол Хагдай бөөд өөрт нь сонгогдож ирсэн хүн. Тэр хоёр далд сэжмээр холбоотой гэдгээ хэн, хэн нь мэднэ. Түүнээс гадна Хагдай бөө Тэнгист Бурхан хадны үүдийг өөрөө олж үзэхээс нь өмнө онгод шидийн хүчээр үзүүлсэн байсныг Тэнгис сүүлд мэднэ. Тэнгисийн өвөө язгууртан удамтай. Аав нь коммунист байсан бол тэр өөрөө пионер ч байсан, бас эвлэлийн гишүүн ч байж үзсэн. Дараа нь нийгэм өөрчлөгдөж, Тэнгис сургууль соёл ч үгүй дэл сул амьтан болжээ. Ном их уншдаг Тэнгис нэгэн үе зүүд тайлах гэж үзэж. Зохиолч болох гэж оролдож. Гэвч аль аль нь бүтсэнгүй. Ийм л амьдрал. Харин Хагдай бөө бол Тэнгисийг нэвт шувт мэднэ. Тиймээс л түүнийг сонгож, мэддэг бүхнээ зөвхөн түүнд л хэлж өгнө. Гэхдээ ямар нэгэн албадлагагүй. Тэнгис ч зөнгөөрөө бөөд автана. Энэ бүхний эцэст Тэнгис яг л Хагдай бөө шиг ӨӨРИЙНХӨӨРӨӨ ҮЛДЭХ боломжтой хүчирхэг мэдрэмж, оюун санааны нууцлаг байдлыг эрхшээж чадав. Одоо тэр хаана ч Тэнгис хэвээрээ байж чадна. Цаг хугацаа гэдэг нь ердөө л онгод ажээ. Залуу нас бол зэрлэг араатны эрч хүч л болохоос, хүний өөрийнх нь өмч биш гэдгийг ч Тэнгис бас ухаарсан байна. 3. ОРШИХУЙН ТУХАЙД... Буриад бөөгийн үүх түүхээр дамжуулан үндэстний оршихуйн тухай сэдвийг хурцаар хөндсөн “Бөөгийн домог” романы амин сүнс болсон Хагдай бөө бол шарын шашинд хавчигдан устгагдсан тэр л бөө, удгадын үл тасрах хэлхээ, үлдэх ёстой үргэлжлэл юм. Бөө нарыг түүдэг галд өргөж, судар номыг нь шатаасан цустай он жилүүдээс Туулайт арал тэдний сүүлчийн голомтыг хадгалж үлджээ. Хагдай бөөгийн өвөг эцгийг лам нар зодож алах үед эцэг нь арван гурван настай байж. Лам нараас айсан ээж нь хүүгээ дагуулаад Туулайт арал руу дүрвэсэн боловч улаан хувьсгалын дараа буюу 1930 онд насанд хүрсэн эцэг нь баривчлагдаж, Саяны нуруунд Абакан-Тайшетийн төмөр зам тавих ажилд дайчлагдсан байна. Тэнд байхдаа шарайд овгийн удгантай нөхцөж, үхэр жилтэй хүү төрүүлсэн нь Хагдай. Эцгийнх нь нөхцсөн тэр удган эр онгодтой байж. Тиймээс эр хүн шиг хувцаслаж, нутагтаа байхдаа эхнэр авч байсан удаатай аж. Ээжийнхээ эхнэрээс төрсөн хүү нь болох саятан эртэй Хагдай хожим нь нүүр тулж уулздаг билээ. Дүн өвлөөр амаржсан шарайд удган Сибирийн хүйтэнд төмөр замын далан дэрлэн нас барахад шоронгийн удирдлага эцэг, хүү хоёрыг чөлөөлөх шийдвэр гаргажээ. Ингэхдээ эцэг Хагдайд Сергей Сергеевич гэх орос нэр өгсөн агаад нялх хүүг замдаа үхнэ гэж тооцоод гэрчилгээ ч өгсөнгүй. Эцэг Хагдайг орос нэртэй болоод, баривчлагдсан хүмүүсээс цор ганцаараа Туулайт аралд амьд эргэж ирэхэд гурван хүү нь гурвуулаа орос нэртэй болсон байв. Хожим тэр өөрөө Финийн дайнд оролцон хөлөө алдаж, том хүү Николай нь II дайнд үрэгдэж, удаах хүү болох танкчин Михайл нь энгэр дүүрэн одонтой ирж хамтралын дарга болоод дүү Алёшагаа Монгол руу буддын шашны сургуульд илгээнэ. Алёша нь лам болоод Данзанням хэмээх сахилын нэр авч, Иволгын дацанд сууж байгаад нас барахдаа хүний гавлын ясаар үйлдсэн үнэт эрхиэ бөө дүүдээ гэрээсэлжээ. Харин Хагдай яав? Түүнийг эцэг нь гаднаа үл хайхрах мэт шоовдор өсгөв. Туулайт арлынхан жаалхүүг хүн болно гэдэгт эргэлзэж байлаа. Гэвч жаалхүү яван тэнхэрч, улмаар цахиур нь цухуйв. Энэ үед буюу 1941 онд эцэг нь түүнийг Хагдай нэрээр нутгийн захиргаанд бүртгүүлэв. Дайн эхэлсэн үе тул орос биш нэрийг анзаарах сөхөөтэй хүн ч байсангүй. Дайны дараа жаалхүү Хужир суурингийн бага сургуульд орж, орос бичиг үсэгт тайлагдсан боловч цаашаа сургах боломж гэр бүлд нь байсангүй тул “Загас барьж, түлээ хийж сурвал дээр” гэсэн ээжийнх нь үг бүхнийг шийджээ. Төдхөн Хагдай онгоддоо ээрэгдэн, ухаан санаа нь орж гаран самуурах болж, 16 настайдаа галзуугийн эмнэлэгт хүргэгдэв. Энэ бүхний цаад нарийн учрыг бүхнээс илүү мэдэх эцэг нь юу ч хэлсэнгүй. Хожим Хагдайг эмнэлгээс гарч ирэхэд л эцгийнх нь насан туршийн хүлээлт сая төгсөж, удам залгах хувьтай шоовдор хүүдээ жилийн дотор хамаг бүхнээ зааж өгөөд тэнгэрт одож байна. Залгамж холбоогоо үл таслахын төлөөх энэ хүчир тэмцэл, хатуу суртахуун нь хүн төрөлхтний нийтлэг тавилан. Тиймдээ л буриад хэмээх нэгэн ертөнц оршин тогтнож буй. Романы өөр нэг дүр нь Регина буюу Рэжи нэрт индиан гаралтай канад хүүхэн. Хужир сууринд бөөгийн тухай ном бичихээр ирж, Тэнгистэй нэг хэсэг эр, эмийн ёсоор амьдарч байгаад нутаг буцсан бөө судлаач тэр хүүхэн 5 жилийн дараа их тайлгын өмнө түр эргэж ирэхдээ Тэнгисийн бүх л итгэл үнэмшлийг баллах шахна. Тэнгисийн Туулайт арал зүглэсэн гол шалтгаан бол цагаан толгойт бүргэд байв. Байгаль нуурын дундах Туулайт арлын эзэн тайлгын үеэр цагаан толгойт бүргэдийн дүрээр үзэгдэх болсон тухай цуу яриа л түүнийг нааш хөтөлсөн билээ. Аралд ирээд Тэнгис тайлгын шөнө түүдгийн гэрэлд тахилын загас шүүрэн нисэж буй цагаан толгойт бүргэдийг өөрийн нүдээр харж үнэмшсэн юм. Гэтэл түүний харсан тэр бүргэдийг Рэжи авчирсан гэдгээ хэлжээ. Тэр бас шувуу судлаач аж. Уг нь тийм шувуу хоёрыг авчирсан боловч нэг нь төдхөн нутаг буцаад нисчихжээ. Рэжигийн хувьд цагаан толгойт бүргэд нь Америкт байдаг жирийн нэг махчин шувуу. Харин энэ аралд авчирсан нь бөө мөргөлдөө үнэнч үлдсэн хүмүүст түүний бэлэглэж буй баяр хөөр аж. Рэжи энэ явдлыг өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй гэдэгт итгэж байжээ. Болчимгүй энэ үйлдлээрээ Рэжи бүхэл бүтэн үндэстнийг доромжилсон мэт Тэнгист санагдав. Тэнгисийн уур хүрч, Рэжид хэлсэн нь: -Чамд ойлгогдохгүй бол тэр ойлгомжгүй, бүдүүлэг гэсэн биш. Чамд тухгүй харагдаж байгаа бол тэр хүмүүсийн амьдрал өрөвдөлтэй гэсэн үг биш. Чиний мэддэг орчинд хүмүүс өглөө бүр кофе уудгийн төлөө зүгээр л булгаас ус утгаад уучихдаг хүмүүсийг чи бүдүүлэг гэж бодох эрхгүй. Жаргал, баяр хөөр гэж чиний төсөөлдөг зүйл хүн бүрийн хувьд баяр хөөр биш. Тэр баяр хөөрийн чинь цаана утга учир байх ёстой. Ойлгов уу?... Эцэст нь Тэнгис амьдралд хэт их ядарч сульдсанаа гэнэт сэхээрэв. Түүний энэ ядралын цаана утга учир байлаа. Туулайт арлын эзэн цагаан толгойт бүргэдийн дүрээр үзэгддэг гэсэн Тэнгисийн итгэл ганхашгүй байв. Юунд ч үл ганхах бат итгэл! Яагаад гэвэл өнгөрсөн бүх хугацаанд түүний үзсэн, мэдэрсэн, ухаарсан, ойлгосон бүхэн барин тавин. Элдэв зүүд, мөөгний ундаа, бөө нарын үүх түүх, онгодын орон зайн аялал, нууцлаг дохио тэмдгүүд, өөрт нь үзэгдсэн Бурхан хадны үүд... Тийм ээ! Энэ бол Тэнгисийн олж харсан үнэн юм. -Сондгой тоо бол ертөнцийн бүхий л төрх юм. Хорвоо хэзээ ч тэгш байдаггүй. Сондгойрч онцгойрсон нэгийгээ адалж байж, шүтэж байж, сондгойрсон нэг нь адлагдаж байж, шүтэгдэж байж сая амьдралын үнэн төрх илэрч гардаг ийм л ертөнцөд бид төржээ... Энэ бол Хагдай бөөгийн үг. Хагдай, Тэнгис хоёр хоёулаа тийм сондгой. Жич: Рэжи нутагтаа очоод Туулайт аралд бичсэн бөөгийн тухай номоо хэвлүүлжээ. Ном нь ч сайн зарагдаж. Тэгээд тэр номыг нь хэвлүүлж өгсөн хүнтэйгээ гэрлэжээ. Өөрөөр хэлбэл, дурлалгүй гэрлэлт. Барууны ертөнцөд байдаг жирийн л үзэгдэл. Харин Рэжи энэ арал руу яах гэж буцаж ирсэн жинхэнэ шалтгаанаа хэлэв. Тэр 5 жилийн өмнө Тэнгистэй эр, эмийн ёсоор амьдарч байхдаа хурьцлын ид үед Тэнгисийн мөрөн дээгүүр үзэгдэх хачин амьтдыг хардаг байж. Тэдгээр амьтад зөвхөн Тэнгистэй хурьцах үед л түүнд харагддаг аж. Тиймээс Рэжи тэдгээр хачин амьтдыг дахин нэг харах гэсэндээ Туулайт аралд ирсэн юмсанж. Тэнгис үүнээс татгалзлаа... 2017.10.11 Эх сурвалж: undesniishuudan.mn

  • Шинэ
  • Их уншсан