О.Баасанхүү: С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шүүсэн материалуудын 70 хувийг ил болгоно

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч агсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг улсын нууцаас гаргуулах тухай саналаа Засгийн газарт өргөн барьсан. Тэрбээр энэ сарын 27-нд С1 телевизэд ярилцлага өгөх үеэрээ “Энэ хэргийг ил болгох талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж удлаа гэхэд ирэх долоо хоногт олон нийтэд мэдээлнэ” гэж мэдэгдсэн юм. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15 цагт хуралдахаар товлосон бөгөөд Ц.Нямдорж энэ хуралдааны дараа хэвлэлийн бага хурал хийх тухай мэдээлэл бий. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү твиттер хуудастаа “Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн шүүхийн материалуудын 70 хувийг ил болгох юм байна” гэж мэдээллээ. Хэрэв эрхэм гишүүний хэлсэнчлэн Засгийн газраас эл дуулиант хэрэгтэй холбоотой зарим материалыг ил болговол, нэр бүхий гурван иргэнийг анхан болон давж заалдах, Дээд шүүхийн шүүгчид ямар нотлох баримтуудыг үндэслэн ялласан нь бараг тодорхой болох юм. Гэхдээ “Нэгмөсөн бүгдийг нь ил болгохгүй 30 хувийг нь нууц хэвээр үлдээдэг нь ямар учиртай юм бол” гэж олон нийт асууж байна. Харин О.Баасанхүүгийн мэдээллээс харвал, үлдсэн 30 хувьд улсын нууц болон захиалагчийг мөрдөн шалгах ажиллагааны материалууд байгаа болов уу гэсэн таамаглал бий. Нөгөөтэйгээр О.Баасанхүү гишүүн “... шүүхийн материалуудын 70 хувийг ил болгоно” гэсэн. Тэгэхээр шүүх хуралдааны үеэр улсын яллагчид, яллагдсан этгээдүүд, тэдний өмгөөлөгчид, хохирогчдын өмгөөлөгчид ямар мэдүүлэг өгч, байр сууриа илэрхийлж байсан нь өнөөдрийн байдлаар ил болох нь ээ гэж ойлгож болох юм. 


О.Отгон

  • Шинэ
  • Их уншсан