НИТХ 2018 оны төсөв, өмч хувьчлалын асуудлыг хэлэлцэж байна

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсөв, газар зохион байгуулалт, өмч хувьчлалын асуудлыг хэлэлцэж байна. Улаанбаатар хотын 2018 оны төсөвт 800 тэрбум 356 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. Ирэх онд нийслэлийн төсвийн орлогын 90.1 хувь буюу 721.5 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх 9.9 хувь буюу 78.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байгаа юм. 2017 онд нийслэл 718.9 тэрбум төгрөгийн төсвийн орлого төвлөрүүлэхээр батлагдсанаас өнгөрсөн сарын эцсийн байдлаар 552.8 тэрбум төгрөг буюу 76.9 хувийг бүрдүүлжээ. 2017 он дуусахаас өмнө татвар болон бусад орлогоос 97.7 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Харин УИХ-аас 2018 оны Улсын төсвийг батлахдаа нийслэлийн төсвийн суурь орлогыг 660.9 тэрбум, суурь зарлагыг 323.2 тэрбум төгрөг байхаар баталсан байна. Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг дээрх хүрээнд боловсруулсан гэдгийг Хотын дарга танилцууллаа. Нийслэлийн 2018 оны төсөв болон газар зохион байгуулалт, өмч хувьчлалын асуудалтай холбоотой асуудлуудаар НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, санал хэлж байна гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

  • Шинэ
  • Их уншсан