Эрх баригчид Н.Золжаргалын баривчилгаагаар Х.Баттулгад “бэлэг” барилаа

АТГ-аас Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг өчигдөр цагдан хорьсныг улс төрийн өнцгөөр харвал ингэж дүгнэж болохоор байна. Учир нь Н.Золжаргал бол Х.Баттулга гэсэн үг. Бүр томруулж тодруулж харвал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг УИХ-ын дарга байхад ойрын хүрээлэлд нь багтаж байсан эрхмүүдийн нэг бол Н.Золжаргал. Тиймээс Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-ынхан баривчилсан үндэслэлийг улстөржүүлж харвал ийм дүр зураг харагдаж байна. Х.Баттулга ба Н.Золжаргал нарын ашиг сонирхлын тойрог Худалдаа хөгжлийн банкнаас эхтэй гэдгийг ч зарим хүн тайлбарладаг.  

            Улс төр дэх хүчний харьцаа МАН-ын 65 гишүүн ба нэг Ерөнхийлөгч+З.Энхболд+АН-ын есөн гишүүн гэсэн зураглалтай байгаа. Үүн дээр МАХН-ын нэг гишүүн ганцаар ориловч хоосон хана мөргөж, мөнөөх бие даагч С.Жавхлан Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад ганц удаа чанга дуугарсан биш татварынхны шалгалтад өртөж таг чиг болсон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнээр сонгогдмогцоо Төрийн ордны хашаанд морьтой давхиж орж ирсэн С.Жавхлан мориноосоо буугаад төрийн хэрэгт зоримог оролцох нь бүү хэл чуулгандаа ч суухаа больсон. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр АН-аас нэр дэвшигчийн зүгээс МАН-ын нэр дэвшигч М.Энхболдын эсрэг дэлгэсэн “хөзөр” нь “60 тэрбумын бичлэг” гээч байсан юм. Хэдийгээр энэ бичлэг Ерөнхийлөгчийн сонгууль болохоос яг нэг жилийн өмнө буюу УИХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалтын өмнөхөн олон нийтийн сонорт хүрсэн ч МАН гал унтраах арга хэмжээ аваагүйгийнх үү, аль эсвэл авах хүсэл байгаагүйнх үү Ерөнхийлөгчийн сонгуульд “60 тэрбумын бичлэг”-ийн нэгэн дүрийг нэр дэвшүүлж, ялагдуулсан. Бүр тодорхой хэлбэл, МАН дахь зарим фракци өнгөн дээрээ М.Энхболдыг дэмжиж байсан ч хөшигний ард Х.Баттулгын багийнхныг дэмжиж ажилласан нь нэгэнт ил болсон. Яг Н.Энхбаярыг 2009 онд АН-ынхантай хуйвалдаж, хүч хавсран ялагдуулсан технологи 2017 онд ч давтагдсан юм. Б.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд ч мөн адил. МАН-ынхан АН-ынхантай хуйвалдаж нэр дэвшигчээ унагадаг нэг ийм гэмтэй.  

            Х.Баттулга Ерөнхийлөгч болоод МАН-ын найзууддаа ямар бэлэг барьсан бэ. Юуны өмнө “60 тэрбумдах” тактикаа үргэлжлүүлж, “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан “Монголын зэс” корпорацийнхны эсрэг тууштай зогсож буй УИХ дахь МАН-ын бүлгийн Ц.Нямдорж тэргүүтэй нөхдийг энэхүү ажиллагаандаа татан оролцуулав. Эсрэг тал нь хэдийгээр хоёр ч шатны шүүхэд ялаад байсан ч эцсийн мөчид Улсын Дээд шүүхээс “Эрдэнэт”-ийн 49 хувийн талаарх маргааныг анхан шатны шүүх рүү буцаасны дараахан Ц.Нямдорж У.Хүрэлсүхийн Засгийн газарт сайдаар ажиллахыг зөвшөөрсөн нь ч бас сонирхол татах асуудал. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга МАН-ынхны албан тушаал, “Эрдэнэт”-ийн төлөөх шунал тэчъяал дээр амжилттай тоглож, Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг унагаалцсан гэхэд болно. Гэвч тэрбээр нэг л зүйл дээр амжилт олж чадаагүй. Тэр нь МАН-ын дарга асан М.Энхболд нартай холбоотой “60 тэрбумын бичлэг”. Улстөрчид үүнийг “60 тэрбумын хэрэг” гэж сүр бадруулдаг ч бодит байдал дээр хууль хяналтынхан “Хэрэг биш” гэж үзээд хэрэгсэхгүй болгосон. Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга Х.Энхжаргалыг “Элбэгдорж стайл”-аар өрөөндөө дуудаж, камерын өмнө загнах шахсан ч Х.Энхжаргал дарга “Би ашиг сонирхол бүхий зарим хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаанд оролцох эрхгүй” гэж эрсхэн мэдэгдсэн удаатай. Үүний дараахан Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод хаяглан “60 тэрбумын хэрэг”-ийн талаар нээлттэй сонсгол явуулах тухай санал хүргүүлсэн ч тусыг эс олсон.  

            “Н.Золжаргал бол Х.Баттулга гэсэн үг” гэдэгтэй адил АТГ-ын дарга Х.Энхжаргал нь М.Энхболд л болж харагдана. Х.Баттулга, Н.Золжаргал нар ХХБ-ийг анх байгуулагдахаас эхлэн ашиг сонирхлын нэг тойрогт багтацгаасан бол М.Энхболд, Х.Энхжаргал нар нэг нутаг усных гэдгээс эхлээд улс төрийн урт замаар хамтдаа алхаж яваа хүмүүс. Тэд ямар дотно харилцаатай вэ гэдэг нь “60 тэрбумын аархал” гэх бичлэгээс ч тодорхой харагдана. Эндээс, улс төрд өрнөж буй үйл явцаас харахад “М.Энхболд, Х.Энхжаргал нарын хувь, хувьсгалын харилцаа яах аргагүй Ерөнхийлөгч Х.Баттулгын эсрэг хамтарсан тоглолт хийхэд хүрэв үү” гэх таамаглал дэвшүүлж болох юм. Учир нь У.Хүрэлсүхээр удирдуулсан УИХ-ын 33 гишүүн Х.Баттулга ба АН-ынхантай хүч хавсран Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад М.Энхболдын фракцийнхан яаж ч чадаагүй. Төд удалгүй У.Хүрэлсүхийнхэн намын даргын суудлыг нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх чухал албан тушаалтай нь хамт өөрсдийн мэдэлд авчихлаа. Өдгөө М.Энхболдод үлдсэн нь УИХ-ын даргын алх л байна. Улс төрд “гал” атгаж Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг ч 2006 онд унагалцаж явсан М.Энхболд ба түүний фракцийнхан энэ удаад яагаад ийм хүлцэнгүй байв гэдэг нь сонин. Тун удахгүй У.Хүрэлсүхийн фракцийнхан УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг УИХ-ын даргад зүтгүүлэх сураг ч бий. Тэгэхээр М.Энхболд болон түүний фракцийнхан “Эхлээд хүссэнийг нь өг. Дараа нь бүгдийг нь устга” гэдэг зарчмаар улс төр хийж байна уу?! Шинэ Засгийн газрыг ирэх хавар гэхэд хөдөлгөх тухай мэдээлэл У.Хүрэлсүхийг танхимаа ч бүрдүүлж амжаагүй байхад улс төрийн хүрээнд тарж эхэлсэн. Үүнийг улстөрчид үгүйсгэдэггүй. Харин МАН-ын экс дарга М.Энхболд бүх эрх мэдлээ тэдэнд өгч байгаад улс төрийн ээлжит тоглолтынхоо “бие халаалт”-ыг АТГ-аас Н.Золжаргалыг саатуулснаар эхлэв үү гэж харж болох юм. Гэхдээ Монголбанкны экс Ерөнхийлөгчийг цагдан хорих болсон үндэслэл нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй Монголбанкны үйл ажиллагааг өнгөрсөн хавар шалгасан ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотойг энд дурдах нь зөв байх. Ямартай ч МАН-ынханд Ерөнхийлөгчийг айлгах баримт, барьцаа хангалттай олон бий. МАН-ынхны хувьд 2020 он угтсан улс төрөө ч хийгээд эхэлсэн.   

Д.Содон     

  • Шинэ
  • Их уншсан