АТГ: УИХ-ын гишүүн Б.Жавхлан болон Э.Батшугар нарыг шалгаж байгаа нь үнэн

Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаар ахлуулан энэ оны эхээр байгуулсан. Ажлын хэсгийнхэн Монголбанкин дээр багагүй хугацаанд ажилласны эцэст УИХ-д дүгнэлтээ танилцуулж гаргасан зөрчлүүдэд нь хариуцлага тооцож, экс удирдлагуудыг нь хуулийн байгууллагад шалгуулах тухай дурдсан юм. Үүнээс хойш нэг сарын дараа буюу өнгөрсөн зургадугаар сард АТГ-ын даргын тушаалаар УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтээс өөрт харъяалах зарим хэргийг шалгах ажлын хэсгийг байгуулсан билээ. Тэгвэл АТГ-аас өчигдөр Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг цагдан хорьж, тун удахгүй яллагдагчаар татахаар болжээ. Үүнтэй зэрэгцэн зарим вэбсайтад “УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Э.Батшугар нарыг Н.Золжаргалтай хамт шалгаж байна” гэж мэдээлэв. Энэ талаар АТГ-аас тодруулахад “Б.Жавхлан, Э.Батшугар нарыг шалгаж байгаа нь үнэн” гэв. Үүгээр ч зогсохгүй УИХ-ын гишүүн Б.Жавхланг шалгах хүсэлтээ АТГ УИХ-д тавихаар болсон тухай мэдээлэл ч байгаа юм. Б.Жавхлангийн хувьд, АН олонхи байхад Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад УИХ-ын 2016 оны сонгуульд МАН-аас Дархан-Уул аймагт нэр дэвшиж ялсан. МАН дотроо У.Хүрэлсүхийн найз учраас фракцид нь багтдаг. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 33 гишүүний нэг бөгөөд Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаас огцормогц “Одоо шинэ Засгийн газар бүрдэж, Ерөнхий сайд томилогдтол Шадар сайд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болгоё” хэмээн чуулганы танхимд хэлж жудаггүйгээ харуулж байсан нөхөр. Э.Батшугарын тухайд, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын том хүү юм.

Ж.Энх

  • Шинэ
  • Их уншсан