С.Амарсайхан: Нууцын мэдээллээс бусад бүх мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно

Төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн, хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Авлигаас урдчилан сэргийлэх дэд зөвлөлийг байгуулж АТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран ажиллах гурвалсан гэрээ үзэглэв. Ингэснээр нийслэлийн төр захиргааны байгууллагын бүх шатны үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгох, авлига, хээл хахуульгүй, төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг явуулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм. Хамтарсан гарын үсэг үзэглэх үеэр НИТХ-ын дарга, Гэмт хэргээс урдчилан сэргийлэх зөвлөлийн дарга С. Амарсайхан: Нийслэлийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаа шат шатандаа харьцангуй нээлттэй байгаа боловч илүү нээлттэй , ил тод болгох шаардлагатай. Тухайлбал нийслэлийн хэмжээнд олны анхааралд өртсөн, онцгой анхаарал татсан нийслэлийн төр захиргааны байгууллагын шат шатны албан тушаалуудыг наймаалцах, зарах, худалдах тухай "60 тэрбум"-ын асуудал хүртэл бий. Гэвч энэ хэргүүд үнэхээр болсон эсвэл болоогүй юу гэдэг нь эцэслэн тогтоогдоогүй, тодорхой болгох ёстой үргэлжлүүлэх хийх ажлууд ч бий. Ингэснээр нийслэлийн төр захиргааны байгууллагууд төдийгүй төрийн бүх шатны ажилтан, албан тушаалтнуудын өмнө энэ мэдээлэл тодорхой болохоос эхлээд цаашид төрийн албан хаагчид ямар сахилга, баттай, мэргэжлийн ёс зүйгээ хэрхэн сайжруулж ажиллах вэ гэдэг дээр хүртэл тодорхой нөлөө үзүүлэх ёстой. Иймд асуудлуудыг зүгээр нэг болсон юм шиг эсвэл болоогүй юм шиг, шийдэгдсэн, шийдэгдээгүй нь мэдэгдэхгүйгээр хаяхгүйгээр эхнээс нь цэгцлэх ажлыг "мухарлаж" явах ёстой. Цаашлаад энэ гэрээний хүрээнд нийслэлд явагдаж байгаа бүх, тендер, худалдан авах үйл ажиллагаанаас эхлүүлээд бүх шатны ажлыг сүүлийн үеийн мэдээллийн технологи, технологийн шийдэл дээр үндэслэн бид иргэдэд илүү нээлттэй ил тод болгоно . Өөрөөр хэлбэл, төрийн захиргааны байгууллагын нууцын мэдээлэээс бусад бүх төрлийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгож тендер, сонгон шалгаруулалтын ажлыг ил тод явуулах арга хэмжээг зохион байгуулж явуулах зайлшгүй шааардлага байна гэлээ гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

  • Шинэ
  • Их уншсан