А.Баатархуяг: Тусгаар тогтнолын төлөө...

Цагаан нохой жилийн өвлийн өвлийн дунд сард Дашчоймболын домын дамжаа болоход хятадын өргөн чөлөөнд, хойшоо харсан хүрэн дэлгүүрт лам нар хятадын хооронд олныг хамарсан том зодоон болжээ. Тэр үед Манж амбан их чангарч, худалдааны хятадууд их омогтой болсон байжээ. Хятадын манаач шаазгай нар, хятад цагдаагийн албан газар нь хятадын гуравдугаар гудамжинд байжээ. Тэнд өдөр бүр нүд хурц, хөл түргэн хорин ламыг байнга суулгаж байхыг амбан тушаасан байжээ. Хэрэв хэрэг зодоон гарвал тэр хорин лам ямар юм болсныг тэмдэглэж мэдэгдэх үүрэгтэй болжээ. Үүнээс хойш Хүрээний монгол хятадын хооронд муудалцаж, худалдаа арилжаа хийхдээ ч учраа ололцохгүй хэрэлдэх маргалдах нь элбэг болж иржээ. Хойтон намар нь Хүрээнд ноёд цуглаж байна гэсэн яриа таржээ. Тэгэхэд Сэцэн хан, Ханд ван, Сайн ноён хан, Түшээт ханы Эрдэнэ ван Намсрай зэрэг ноёд ирж цуглах болж гэж ярилцдаг болжээ. Ханд ван Хүрээнд нууцаар ирээд нутаг буцжээ гэлцэнэ. Ханд вангийн нууцаар явах учир ийм юм. XIII Далай лам Монголд ирэхдээ Ханд вангийн хүрээнд өвөлжөөд, Заяын хүрээнд зусаад намар нь Бээжинд заларсан юм гэдэг. Тэгэхдээ Ханд вангийн хүүг Бээжинд дагуулж явсан юм гэдэг. Далай лам Бээжинд залраад Эзэн Тайху буюу Цыши хатанд цэвээн өгчээ. Цэвээн гэдэг нь насан уртасгах ном гэсэн үг ажээ. Гэвч Тайху Цэвээн хүртээд долоо хоноод өнгөрчээ. Тайхуг Манжийн гурван хааны үед төр барилцсан гэж ярьдаг байжээ. Цыши хатан үхэхдээ 72 настай байсан ба хатныг үхэхийн нь өмнөх өдөр Манжийн сүүлчийн эзэн хаан Пу И-г тодруулж, Хэвт ёсны тооллыг эхлүүлсэн байв. Шинэ төрд хуучин Эзэн тайху хэрэггүй байсан бололтой. Тэндээс хатныг хорлогдож үхсэн гэсэн яриа гарчээ. Энэ хатныг төрийн хэрэгт оролцох үест Манжийн хааны Монгол хатнаас төрсөн агь эсэргүүцэн хориотой хотод үймээн гаргасанд цуслан дарсан гэдэг. Гэвч тэр агь ордны баруун хойд буланд байсан сүмд бүгж, цэрэг ойртуулалгүй их хохироосонд гадаа нь түлээ өрдөөд шатаачихсан юм байжээ. Хааны агь галаас зугтаж сүмийн дээр гараад “Манжийн төрийг хятад хатан эрхшээх цагт мөхнө” гэж хараагаад шатаж үхсэн домогтой ажээ. Харин хожим нялх Пу И-г түлхэж унагаад Хятадын анхны Да жунтан болсон хятад генерал Юань Шикай хатныг үхсний хойно Далай ламыг их хүндэтгэж байсан гэж Монголд ярилцдаг ажээ. Тайхуг үхэхэд Монголд 49 хоног цагаалж, лам нар үс сахлаа авч болохгүй, мах идэж болохгүй чанга цаазтай, Богд өөрөө бас цагаалсан гэдэг. Хойд хавар нь Далай лам Баруун зууд буцаж очоод гурван жил Жигжидийн нинчин хийсэн юм гэнэлээ. Тэгээд хүүг Бээжинд үлдээгээд нутагтаа буцаарай гэж захиад Лхас буюу Баруун зууд явжээ. Далай лам замдаа Хятад Төвдийн нутгийн заагт Халх, Өвөр Монголоос олж авсан юмнаас зарим бараа, эд цай зэрэг хэрэггүй зүйлсийг овоолж байгаад шатаасан юм гэдэг. Олон газрын лус савдаг дагаж магадгүй гэж шатаасан гэлцдэг байжээ. Харин Ханд вангийн хүүг Бээжинд сууж байтал Манжийнхан “Муу ажил хийж байсан” гэж барьжээ. Тэгээд Ханд ванд “Хүү чинь муу байна, ир” гэж цахилгаан утас ирүүлжээ. Ханд ван зүүн замаар галт тэргээр явж Бээжинд очоод байтал “Хүү чинь их муу байна, маргааш уулзуулья” гэжээ. Гэтэл маргааш нь хүүгийн нь толгойг тавагт хийж, шар хив хадгаар бүтээгээд Ханд ванд өгчээ. Ханд ван түүнийг үзээд их уй гашуу хийгээд “Манж хятадын шаахайны мөрийг Жанчхүүгийн даваанаас нааш гаргахгүй” гэж тангарагласан юм гэдэг. Энэ бүх үйл явцын дундаас Ханд вангийн хүүгийн эмгэнэлт үхлийг хайж бас болох мэт... Энэ бол 1909 оны явдал. Түүнээс хойш Ханд ван Манжтай зөрчилдөж, тусгаарлахын өмнөх өвөл Билгүүн гэдэг ууланд хэдэн хүмүүстэй нууц бүгж байна гэж Хүрээнийхэнд дуулджээ. Тэр цагт Да лам Цэрэнчимэд да ламаа үглэж сул болоод байжээ. Өөрөөр хэлбэл албанаас чөлөө авсан байжээ. Тэгээд “Хөдөө гарна” гэж нэг хүнтэй хамт морьтой, ачмаг богц аваад явахдаа Богдод мөргөхөөр очиход нь Богд тугдамдаа хүн байхгүй цагаар оруулжээ. “За Цэрэнчимэд чи явах гэж ирэв үү?” гэж хэлээд өмсөж байсан цамцаа тайлж өгөөд “Чи үүнийг өмсөөд яв, хэргээ бүтээж иртэл битгий тайлаарай” гэж хэлсэн гэж хожим Да лам Цэрэнчимэд өөрөө Богдын донир Жамбалд ярьсныг хожим Ц.Дамдинсүрэн гуайд ярьжээ. Цэрэнчимэд Да лам Билгүүнд байсан Ханд ван дээр очиж, тэндээс хоюул хэдэн хүний хамт Орос улсад очихоор явсан, энэ нь Манжаас тусгаарлахаар тусламж эрж явсан гэж хүмүүс хэлэлцдэг байжээ. Тэгээд тэр намар нь ноёд цугларч байна гэнэ, Цэрэнчимэд да лам Орос улсаас тусламж авч гэнэ гэж дуулдах болжээ... А.Баатархуяг "Мартагдсан бэлгэдлүүд" цувралын шинэ дугаараас...

  • Шинэ
  • Их уншсан