Ч.Хүрэлбаатар: Хоригийг яаралтай шийдвэрлэхгүй бол ОУВС-ийн Захирлуудын зөвлөлийн хурал дахин хойшилно

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны улсын төсвийн зарлага хэсэгт өчигдөр хэсэгчлэн хориг тавьсан. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр орой хуралдаж, хоригийг хүлээж авахгүй гэдэгт байр сууриа нэгтгэсэн. Харин өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар мөн дэмжсэнгүй. Хуралдааны дараа УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас хоригийн талаар болон Монгол Улсыг "Оффшор бүс дэх орон" хэмээн зарласан гэх мэдээллийн талаар тодруулсан юм.
 
-Ерөнхийлөгч 2018 оны төсвийн зургадугаар зүйлд хориг тавьсан нь хэр үндэслэлтэй гэж үзэж байна вэ? 
 
- Хоригийг уншиж үзэхэд хэд хэдэн алдаа харагдаж байсан. Тухайлбал Улсын төсөв, Нэгдсэн төсвөө агуулгыг нь ойлгоогүй холиод биччихсэн. УИХ Нэгдсэн төсөв биш зөвхөн Улсын төсвийг баталдаг. Нэгдсэн төсөв бол Улсын төсөв, орон нутгийн төсөв, Нийгмийн даатгалын сан зэрэг дөрвөн бүрэлдэхүүнээс бүрддэг. Орон нутгийн төсвийг аймгийн ИТХ баталдаг. Тэгэхээр хоригт бичихдээ өөрсдөдөө тааруулаад тоогоо сонгочихсон бололтой. Ядаж 11 дүгээр сарын 14-нд баталсан 2018 оны Төсвийн алдагдлыг өнөөдрийг хүртэл ДНБ-ий 9.5 хувь гэж ойлгож байгаа нь үнэхээр харамсаж байгаа. Төсөвт ДНБ-ий 8 хувь гэж баталсан. 1.5 хувиар буулгана гэдэг 600 тэрбум орчим төгрөгийн зөрүү юм. Тэгэхээр энэ бол тоглоом биш.
 
-ОУВС-ийн шаардлагаар  хууль зөрчиж Төсөвт олон зүйл суулгасан гэж хоригт дурдсан байсан. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
 
-Монгол Улстай хамтарч 2017 оны дөрөвдүгээр сараас хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ОУВС-г буруутгаж, түүний цаана манай улсад 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт өгч байгаа олон улс, байгууллагуудын нэр хүндэд халдаж байгаад санаа зовж байна. ОУВС-гаас хоригтой холбогдуулан бичиг ирүүлчихээд байна. 12 дугаар сарын 15-нд ОУВС-ийн захирлуудын зөвлөл хуралдаж, Монголд хэрэгжүүлж буй хөтөлбөрийг хэрхэхээ хэлэлцэнэ. Үүнээс өмнө хоригийн асуудлыг шийдвэрлэхгүй бол Захирлын зөвлөлийн хурал дахин хойшлох эрсдэл үүсч байгаа юм.
Аймаг, нийслэлийн төсвийг 12 дугаар сарын 5-наас өмнө баталчихсан байгаа. Дээр нь 20-ноос өмнө сум, дүүргийн төсвийг батлах ёстой. Ингэж байж Монгол Улсын Нэгдсэн төсөв бүрэн батлагдана. Тиймээс хуулийн хугацаатай, цаг хугацааны хувьд шахагдсан учир хоригийг яаравчлан шийдвэрлэх шаардлагатай. Үүний дараа төсвийг зохион байгуулах гэх мэт маш олон ажил явагдана.
-Хоригт “УИХ-ын гишүүний 3 тэрбум” гэх зүйл орсон байсан. Мөн хөрөнгө оруулалтуудыг шүүмжилсэн байсан?
 
-Сая энэ талаар бол тайлбарлаагүй. Харин УИХ-аар хэлэлцэгдэх явцад нэмэгдсэн хөрөнгө оруулалтын талаар нэлээн ярьсан. Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Монгол Улсын татварын гүйцэтгэлийг харахад хөдөө орон нутагт нэлээд буурах хандлага байгаа. Үүнээс үзэхэд хөдөө орон нутагт ААН-үд үндсэндээ үйл ажиллагаагаа зогсоосон, ажилгүйдэл нэмэгдэж байна.  Тэгэхээр эдийн засгийг сэргээх хүрээнд төсөвт 683 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт суулгаж өгсөн. Хөрөнгө оруулалтыг дагаад олон бодит үр дүн гарна. Тиймээс би хөрөнгө оруулалтыг хэзээ ч буруутгахгүй. Харин ч эдийн засаг сэргэнэ.
 
-Европын холбооноос Монгол Улсыг “оффшор бүс дэх улс орон”, “хар жагсаалтад” оруулсан гэх мэдээлэл өчигдрөөс эхлэн гарлаа. Энэ бодитой мэдээлэл үү?
 
-2017 оны Зургадугаар сараас эхлэн ЕХ-ноос манай Сангийн яамтай харьцаж эхэлсэн юм билээ. Манай улсын хувьд ил тод байх зарчмыг хууль, тогтоомжууддаа тусгах шаардлагатай гэж ЕХ үзэж байгаа. Учир нь ЕХ-ноос тавьж буй шаардлагад бусад орны иргэд Монголын ААН, арилжааны банкуудад ямар хувь эзэмшиж байгаа болон ямар данс эзэмшиж байгаа зэрэг мэдээлэл ил тод байх ёстой. Өөрөөр хэлбэл, гадны улсын иргэдийн татвар, арилжааны банкуудын дансны мэдээлэл ил байх, мэдээллийг нээлттэй солилцдог байх ёстой гэж үзэж байгаа юм билээ. Үүнд Сангийн яам анхаарч ажиллана.
 
- Монгол Улсыг оффшор бүс дэх улс орон гэж зарлах нь ямар үр дагавартай байж болох вэ?
 
-Таатай зүйл бол биш. Бид өөрсдөө оффшорыг эсэргүүцэж ярьдагтай адил Монгол дахь гадны иргэдийн данс, татварын мэдээллийг бусад орнуудтай нээлттэй солилцдог л болох ёстой юм. Өнөөдөр энэ мэдээллийг авсны дараа гадны мэргэжилтэнтэй холбогдож санал солилцсон. Энэ асуудалд нэлээд хугацаа орж, хууль эрхзүйн орчноо сайжруулах чиглэлээр арга хэмжээ авахыг зөвлөсөн. 
 
-Энэ мэдээлэлтэй холбогдуулан Европын холбоо руу гаргах экспорт, гадаад худалдаанд эрсдэл саад үүсэх үү?
 
-Энэ тал дээр бол ямар ч эрсдэл үүсэхгүй. Энэ бол анхааруулгын арга хэмжээ, 2019 онд багтаагаад хууль эрхзүйн орчноо сайжруулахад болох юм. 
 
 
                                                                                                                                                                                          Н.Гантуяа                        
                                                                                                                                                                              Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

  • Шинэ
  • Их уншсан