С.АМАРСАЙХАН : СӨБ-ЫН ЧУХЛЫГ ДЭЛХИЙ НИЙТЭЭР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙНА

НИТХ, Нийгмийн хөгжлийн хороо, нийслэлийн боловсролын газар хамтран "Монгол хүн бэлтгэхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үүрэг, оролцоо" сэдэвт зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний үеэр НИТХ-ын дарга Амарсайхан : Даяарчлагдсан өрсөлдөөнт нийгэм биднээс Монгол хүний ондоошил, үндэсний ёс заншлаа тээгч, бие даан амьдрах чадвартай, бүтээлч санаачилгатай иргэнийг төлөвшүүлэхийг хүлээж байна. Ийм иргэн төлөвшүүлэхэд дан ганц багшийн арга зүй, технологид анхаарсаар хүссэн үр дүнд хүрээгүйг бидний өмнөх туршлага, боловсруулсан хөтөлбөрийн хэрэгжилт харуулж байгаа учраас асуудлыг олон талаас харж, цогц байдлаар шийдвэрлэх нь чухал юм. Ирээдүйн Монгол иргэдийн чанартай боловсрол, зөв хүмүүжил, төлөвшлийн хамгийн чухал үе бол Сургуулийн өмнөх боловсрол. Хүний хөгжлийн 80-85% нь 0-5 насанд явагддаг болох нь судалгаагаар нотлогдсон хийгээд өндөр чадамжтай иргэн бэлтгэхэд сургуулийн өмнөх боловсролын чухлыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байна. Тиймээс МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, НЗД-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо, НБГ-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол хүн” хүмүүжлийн аян үе шаттай зохион байгуулагдаж үр дүнгээ өгөх ёстой гэдгийг онцлов. Зөвлөгөөнд нийслэлийн 9 дүүргийн 3000 гаруй багш, удирдах ажилтан оролцжээ. Зөвлөгөөний үеэр Боловсролын яам, Нийслэл, дүүрэг, хороод цэцэрлэгийнхээ түвшинд тулгамдаж буй 10 асуудлыг хэлэлцсэн байна. Мөн багш, эцэг эхчүүдэд зориулан гаргасан "Монгол хүн" дижитал сэтгүүлийн нээлт боллоо.

  • Шинэ
  • Их уншсан