С.Эрдэнэ: Орос коммунистуудын гар хөл болж байсан Ю.Цэдэнбалыг магтан дуулахаа боль

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ ууртай байна. Татвар нэмж, төд удалгүй шатахууны үнэ, дагаад бүх бараа, бүтээгдэхүүний үнэ өсч буй энэ үед тэрбээр “Ард түмнээ боддоггүй коммунист эрх баригчдад 1990 оныг эргэн сануулна. Ард түмнийхээ халаас руу өнгийнө гэдэг арчаагүй төрийн шинж. Татварын нэмэгдэл, хорт утааны асуудал, Үндсэн хууль өөрчлөх зэргээр Монгол Улсад дарангуйллын нийгмийг эргүүлэн авчирч, хоёр дахь Венесуэль болгох гэж байгааг сөрөг хүчин эрс эсэргүүцэж байна” гэж саяхан мэдэгдсэн. Эсэргүүцээд зогсохгүй АН-ын шаардлагыг хүлээж авахгүй бол УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулахаа ч хэлсэн юм. Тэрбээр нам, төрийн удирдагч агсан Ю.Цэдэнбалын талаар таагүй сэтгэгдэлтэй явдаг бололтой. Учир нь твиттер хуудаст нэгэн жиргээч “Монголыг 40 жил удирдаж улсын дайтай улс болгосон Ю.Цэдэнбал насан өөд болоход өөрийн гэсэн ганц байргүй, дансандаа нэг ч төгрөггүй, хэдэн шүүгээ номтой байсан. Гэтэл энэ ардчилагчид улсаар 28 жил тоглож дэлхийн энтэй баячууд болжээ. Одоо байтлаа дарангуйлал ярьж байна” хэмээн бичихэд АН-ын дарга ардчилагчид гэдэг үгэнд нь эгдүүцсэн үү яасан Ю.Цэдэнбал агсны талаарх байр сууриа хатуухан илэрхийлэв. Тэрбээр “Тухайн үеийн Орос коммунистуудын гар хөл болж Монголыг дарангуйлж хаан шиг амьдарч хэн дуртайгаа хэлмэгдүүлж байсан хүнийг удирдагч болгож магтан дуулахаа ядаж больчихооч. Хэлмэгдүүлэлтэд нь өртөж амь нас, ар гэр, үр хүүхдээрээ хохирсон олон мянган хүний өмнөөс чамд бичив” гэж зэмлэлээ.


Л.Номин

 

  • Шинэ
  • Их уншсан