Зарим нутгаар -52 хэм хүрч хүйтэрнэ

         Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр, энэ долоо хоногийн эхэн үеэс хүйтний эрч эрс чангарна.
Нэгдүгээр сарын 22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22, 23-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр, 24, 25-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 47-52 хэм, өдөртөө 35-40 хэм, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 30-35 хэм хүрнэ. Харин Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 25-30 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байх төлөвтэй  байна.
Улаанбаатар хот: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос 5-10 метр. Шөнөдөө Яармаг, Сонгины орчмоор 41-43 хэм, бусад хэсгээр 36-38 хэм, өдөртөө 26-28 хэм хүйтэн байна.
 

  • Шинэ
  • Их уншсан