Үнийн зөвлөл, шатахуун импортлогчдын үл ойлголцлыг гэрчлэх хомсдол

           Шинэ оны эхний өдрөөс долоон төрлийн татвар нэмэгдэж, түүний дараахан шатахуун импортлогчид үнээ нэмсэн. Иргэд бухимдаж, эрх баригчид сандралдаж эхлэх зуур ШӨХТГ-аас “Шатахууны үнийг зохиомлоор өсгөсөн компаниудын асуудлаар прокурорт хандана. Зарим компанийн тусгай зөвшөөрлийг цуцална” гэж мэдэгдсэн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчлах үеэрээ сэтгүүлчдэд “Манайх шатахууны үнийг хатуу барих боломжгүй болсон. Өнгөрсөн гурван сарын хугацаанд Засгийн газар тогтвортой хэмжээнд барьсан. Шатахууны компаниуд үнэхээр зохиомлоор үнээ нэмсэн эсэхийг шалгах нь зүй ёсны хэрэг. Хэрэв хуурамчаар үнээ нэмсэн бол тэд хуулийн хариуцлага хүлээх ёстой. Харин дэлхий дахинд үнэ өссөн бол яах ч аргагүй. Өчнөөн олон хүнийг ажиллуулж, татвар төлж байгаа аж ахуйн нэгжүүд шүү дээ” гэж мэдэгдсэн юм. Түүнийг БНСУ-д байхдаа ийм мэдэгдэл хийх зуур Монголд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджаваар ахлуулсан Үнийн зөвлөл хуралдаж, “Петровис” группийн маркетинг хариуцсан захирал Д.Батпүрэв, НИК ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат нар мэдээлэл хийсэн. Тэд “Автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар 2017.07.28 болон 2017.11.16-нд хоёр үе шатлалтайгаар нэмэгдсэн. Уг нэмэгдлээр тонн тутамдаа 190-280 мянган төгрөгийн татвар төлж байгаа. Улмаар шатахуун импортын үнэ 21-25 хувиар өсөөд байна. Бид энэ нөхцөл байдлаа 2017.10.12-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджавт албан ёсоор илэрхийлж, үнэ нэмэх зайлшгүй шаардлага үүсч буйгаа тайлбарласан. Гэтэл яам болон үнийн зөвлөл энэ асуудлыг даруй шийдээгүй зохицуулалт хийгээгүйн улмаас өнөөдрийг хүртэл алдагдал ихэссэн. 250-300 төгрөгийн алдагдалд орчихсон байгаа. Цаашид энэ алдагдал илүү ихсэх хандлагатай байна. Ирэх хоёрдугаар сард шатахууны төрөл литр тутамд нэмэгдэх хандлагатай харагдаж байна гэв. Энэ бол 2018 оны нэгдүгээр сарын 15-нд хийсэн хэвлэлийн бага хурлын мэдээлэл. Тэдний ярианд өөр нэгэн анхаарал татах зүйл бий. Энэ нь “Яамнаас он гартал үнээ нэмэхгүй барьж бай” гэсэн болохоор бид хүлээцтэй хандаж байсан. Үнийн зөвлөлөөс нэгдсэн шийдвэр гарахыг бид хүлээсэн ч төрийн төлөөллүүдийнх нь ирц бүрддэггүй. Ингэсээр байгаад шинэ он гарсан” гэх тайлбар юм. Шатахуун импортлогчдыг төлөөлж мэдээлэл хийсэн тэд лав Үнийн зөвлөл дэх төрийн төлөөллүүдийг гүтгээгүй байх. Харин ирц нь бүрддэггүй, төрөөс төлөөлж байгаа нөхөд нь хүнд сурталтай Үнийн зөвлөлийнхөн шатахууны үнэ нэмэгдэж, иргэд бухимдаад ирэхээр цочроо авсан уу, яасан 2018 оны нэгдүгээр сарын 18-нд хуралдаж А-92, А-80 шатахууны үнийг нэмэхгүй байх шийдвэрт хүрснээ дуулгасан юм. Гэвч Үнийн зөвлөлийн хурал дээр төр ба хувийн хэвшлийн төлөөллүүд хоорондоо маргалдаж, компаниудын төлөөллүүд хурлыг хаяж гарсан гэх мэдээлэл бий. Үүнийг гэрчлэх мэт “Монгол АйДи групп” ХХК-ийн ерөнхий захирал, НИК ХК-ийн гүйцэтгэх захирал асан М.Халиунбат твиттерт “Б.Цогтгэрэл, Х.Булгантуяа, Д.Загджав, ШӨХТГ-ын дарга Б.Лхагва. Удахгүй тохиолдох хангамжийн тасалдлын буруутнууд. Энэ улсуудтай дараа нь асуудал ярьцгаана биз дээ” гэж энэ сарын 18-нд бухимдлаа илэрхийлсэн бол Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Тоог нь гаргаад өглөө. Тооцоо судалгааг нь хийгээд өглөө. Бүнд үнэн зөв гээд санал нийлсэн. Одоо бас яалгах гээд юу хүсээд байдаг улс вэ” хэмээн өчигдөр жиргэжээ. Харин иргэд “2018 оны нэгдүгээр сарын 21-ний шөнийн 23:18 минутын байдлаар “Сод Монгол” ХХК А-80, А-92, А-95 шатахуун дууссан гэсэн шалтгаанаар бензин зарахгүй байна. Төр засаг жолооч, тээвэрчдээс уучлалт гуйхыг шаардаж байна”, “Нарны зам дагуу “Тэс” хаалттай. “Сод Монгол” карт, талоноор, “Петровис” хаалттай байна. Энэ байдал чинь хэр удаан үргэлжлэх вэ. Иргэд, хэрэглэгчид хохирсоор байх уу” гэх зэргээр бухимдлаа илэрхийлсээр байна. Хэдийгээр ШӨХТГ-аас шатахуун импортлогчдыг прокурорт өгнө, зөвшөөрлийг нь цуцална гэж айлгасан ч шатахуун импортлогчид өөдөөс нь ийм хариу барилаа.



Төр, хувийн хэвшлийнхнээс бүрдсэн Үнийн зөвлөл хуралдаж, үнэ нэмэхгүй байхаар шийдсэн гэх таатай мэдээллийг өнгөрсөн долоо хоногт иргэдэд дуулгасан ч бодит байдал дээр тэс өөр байгаа нь энэ өдрүүдэд харагдаж байна. Тэгэхээр оны өмнө хуралдаад асуудлыг нэг талд нь шийдчих байсан ч ирц нь бүрдэхгүй хүнд суртал гаргасан Үнийн зөвлөл, шатахуун импортлогчдын хооронд үүссэн үл ойлголцлоос болж иргэд үнийн дарамт, бензиний хомсдолд нэрвэгдэж байна гэж ч ойлгож болох нь. Зарим хэвлэлд “ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд нефтийн онцгой албан татварыг энэ сарын 1-нээс нэмэх болсноос үүдэн энэ асуудал үүссэн. Ийнхүү татвар нэмснээр шатахуун түгээх станцууд 300 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Тиймээс энэ хүртэлх төгрөгөөр шатахууны үнэ нэмэх шаардлага тавьжээ. Харин  төрөөс нэмэхгүй гэсэн байр сууриндаа байгаа бөгөөд нэмэх тохиолдолд 50 төгрөгөөр нэмэхийг санал болгосон аж. Мөн шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн гаргасан бас нэгэн санал нь төрөөс тэдэнд 260 тэрбум төгрөг өгсөн тохиолдолд шатахууны үнийг 50 төгрөгөөр нэмэхийг хүлээн  зөвшөөрөх гэнэ. Өөрөөр хэлбэл, тэд 260 тэрбум төгрөгөөр Засгийн газарт шантааж хийж буй хэрэг юм” гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Өөр хоорондоо үл ойлголцлын гортиг татчихаад буй Үнийн зөвлөлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд ахалдаг бол нарийн бичгийн даргаар нь Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга ажилладаг. Гишүүдэд төрийн талаас Сангийн дэд сайд, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, МХЕГ, ОБЕГ, ШӨХТГ, ТЕГ, ГЕГ, Тагнуулын ерөнхий газрын дарга багтдаг бол хувийн хэвшил талаас “НИК” ХХК, “Магнай трейд” ХХК, “Шунхлай” ХХК, “М-Ойл” групп ХХК, “Сод Монгол групп” ХХК-ийн гүйцэтгэх захирлууд багтдаг аж.

Б.Отгон

 

 

 

  • Шинэ
  • Их уншсан