МСНЭ-ийн Ерөнхийлөгчид Монгол HD-ийн Ч.Номин, МАН-ын Бага хурлын гишүүн Х.Мандахбаяр нар өрсөлдөнө

          Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн XVII их хурал ирэх сарын 8-нд болно. Энэ их хурлаар тус эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид ажлаа хүлээлгэн өгч, шинэ Ерөнхийлөгчийг сонгоно. Тиймээс “Монголын сэтгүүл зүйн салбарын хамгийн том байгууллагыг хэн удирдах вэ” гэдэг марафон хэдийнэ өрнөөд эхэлчихсэн. Эх сурвалжуудын мэдээлснээр, Монгол HD телевизийн гүйцэтгэх захирал Ч.Номин, МАН-ын Бага хурлын гишүүн, Өмнөговь аймгийн МАН-ын дэд дарга Х.Мандахбаяр, МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар, сэтгүүлч Б.Түвшинтөгс, TV9 телевизийн захирал асан, өдгөө control.mn сайтын эрхлэгчээр ажиллаж буй Ц.Энхбат нар МСНЭ-ийн Ерөнхийлөгчид өрсөлдөх юм байна. Гэхдээ их хурал болтол хугацаа байна. Тиймээс дээрх нөхдийн хэнийх нь нэр хасагдаж, хэн хэн шинээр нэмэгдэж орж ирэхийг тааварлашгүй. Ямартай ч МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн сунгаанд улс төрийн намууд хөндлөнгөөс нөлөөлж, өөрсдийн хүнээ сонгуулахын тулд өнгө, мөнгөний уралдаан давхар явуулдаг болсон нь нууц биш. Энэ удаад ч гэсэн ээлжит их хурал угтсан марафон иймэрхүү өнгө аястай байгаа аж. Харин МСНЭ-ийн ээлжит хурлын төлөөлөгчид Ерөнхийлөгчөө улс төрөөс ангид, хэн нэгний лоббид авталгүйгээр мэргэжлийн бөгөөд энэ салбарыг шинэ шатанд хөгжүүлэх эрхмийг сонгож чадах уу гэдэг асуулт л гарч ирж байна.  

Д.Болор  

 

  • Шинэ
  • Их уншсан