Сайд асан З.Баянсэлэнгийн хамаатнуудыг АТГ байцаажээ

      УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ АН эрх барьж байх үед Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа “Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэхээр санал оруулсныг тухайн үед Засгийн газраас дэмжиж, хэрэгжүүлэх тогтоол гаргасан. Энэхүү тогтоолын дагуу Барилга, хот байгуулалтын яамнаас төрийн өмчийн хөрөнгөөр орон нутаг болон нийслэлд баригдсан ТОСК-ийн харьяаны барилгууддаа Түрээсийн орон сууц хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлжээ. Харин АТГ-аас УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг энэ төслийг хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын үүднээс ашиглалтад ороогүй, “Бэрэн” группийн барьсан орон сууцны барилгаас худалдан авч, улсын төсөвт 900 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгасан аж. Улмаар З.Баянсэлэнгэ болон “Бэрэн” группийн захирал Б.Мөнхтөр нарын хүмүүст Эрүүгийн хуулийн 263.2-т заасан “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хүнд хор уршиг, их хэмжээний хохирол учирсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн прокурорт шилжүүлсэн талаар энэ сарын эхээр хэвлэлүүд мэдээлсэн. УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ өөртэй нь холбоотой гарсан энэхүү мэдээллийн талаар “Засгийн газар Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Бэрэн” группээс 223 айлын орон сууц худалдаж авсан. Түрээсийн орон сууц төслийн хүрээнд хот болон хөдөө орон нутагт 1500 орчим байр худалдан авч, иргэдэд түрээслүүлсний 223-ыг нь “Бэрэн” компанийн барьсан “Хангай” хотхоноос худалдаж авсан гэсэн үг. Энэ байрууд ашиглалтад ороод түрээслэгчид нь ороод амьдарч байгаа. Маш үр өгөөжтэй ажил болсон гэж бид үздэг. Харин намайг буруутгаад байгаа шалтгаанаа “З.Баянсэлэнгэ ашиглалтад ороогүй байр худалдаж аваад, дундаас нь мөнгө төгрөг идэж, улсад 900 сая төгрөгийн хохирол учруулсан гээд байгаа юм. Энэ төслөөс хэн ч хохироогүй. Улсад учирсан хохирол байхгүй. Засгийн газрын хийсэн үнэлгээг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар дахин үнэлүүлж гаргаж ирсэн үнийн зөрүүгээ хохирол гээд байгаа. Тухайн үеийн түрээсийн орон сууцыг Засгийн газар худалдаж авахдаа үнэлж авсан үнэлгээ бий. Гэтэл АТГ-аас тэдгээр орон сууцуудыг өөр үнэлгээний компаниар үнэлүүлээд, тэрнээс гарсан зөрүү гэж 900 сая төгрөг гаргаж ирчихээд түүнийгээ улсад учруулсан хохирол гээд байгаа юм. Засгийн газрын үнэлгээ, хувь үнэлгээний компанийн үнэлгээ хоёр чинь хоёр өөр гарна шүү дээ. Хэрвээ АТГ ийм байдлаар ажиллавал ямар ч яамны сайд ажил хийж чадахаа болино. Ажил хийхээр л буруутгаад, мөнгө төгрөг идсэн уусан болгоод, аль нэг намын захиалгаар ийм юм хийдэг буруу жишиг тогтох гээд байна. Тэгвэл бүх Засгийн газрын үеийг шалгаач. Намайг шалгахад мөнгө төгрөгтэй холбоотой ганц ч зөрчил гараагүй” гэж medee.mn сайтад 2018 оны нэгдүгээр сарын 06-нд өгсөн ярилцлагадаа дурдсан. Харин өчигдөр (2018.01.23) “АТГ-ынхан түрээсийн орон сууцанд амьдардаг иргэдийг дуудаж байцаааж байна гэнэ” гэх мэдээлэл сошиалаар цацагдсан. Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад “З.Баянсэлэнгэ сайдаар ажиллаж байхдаа “Бэрэн” группт мөнгө шилжүүлж, албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг АТГ шалгаж байгаа. Энэхүү түрээсийн орон сууцанд өөрийнхөө ах дүү, хамаатан садангийн хүмүүст байр өгсөн тухай асуудал бий. Үүний дагуу тэнд байр авсан хамаатнуудыг нь дуудаж асуусан юм” гэсэн тайлбарыг өглөө.

 

  • Шинэ
  • Их уншсан