С.Амарсайхан: Шүд, эрүү, нүүрний төвийн шинэ барилгыг 4,8 тэрбум төгрөгөөр худалдан авч байгаа

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр (2018.01.24) боллоо. Хуралдаанаар Инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга, байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас, ашиглалт, засвар үйлчилгээний журам батлах, Шүд эрүү нүүрний төвд зориулан барилга худалдан авах, НИТХ-ын хороодын бүтцийн өөрчлөлт, Төрийн цол одон медальд тодорхойлж уламжлах, Ажлын хэсэг байгуулах тухай  зэрэг асуудлуудыг хэлэлцэв. Хуралдаан өглөө 10 цагт эхэлж, Инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга, байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас, ашиглалт, засвар үйлчилгээний журмын төслийг Хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Энэхүү журмын шинэ төсөлд өмнөх журмаар зохицуулагдаагүй байсан нөхцөлүүд болох ус зайлуулах суваг шуудууг цэвэрлэхэд автомашины орц гарц гаргах, нийтийн эзэмшлийн инженерийн барилга байгууламжийг эвдэж гэмтээсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлага гэх зэрэг зохиуулалтыг тусгаж өгчээ. НИТХ-ын Тэргүүлэгчид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн Ус зайлуулах барилга байгууламж хариуцсан мэргэжилтэн М.Балдандоржоос шинэ журамтай холбоотой асуулт асууж, хариулт авч санал хэллээ. Шинэ журмаар хувийн аж ахуйн нэгж инженерийн байгууламжийг барьж байгуулахад хяналт тавих, үйл ажиллагаагаа сайжруулах чиглэлд анхаарч ажиллахыг үүрэг болгож, тогтоолын төслийг баталлаа.
Үүний дараа Шүд, эрүү, нүүрний төвд зориулан барилга худалдан авах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцлээ. Шүд, эрүү, нүүрний төвд зориулан барилга худалдан авах асуудал өмнө нь Тэргүүлэгчдийн хурлаар 2 удаа орж хэлэлцэж байсан тул тухайн асуудлыг батлаад явуулах горимын санал зарим тэргүүлэгчээс гарсан ч бусад тэргүүлэгч холбогдох албан тушаалтнаас асуулт асууж, санал хэллээ.

        НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгальмаа "Өдөрт 200-300 иргэн үйлчлүүлдэг Шүд, эрүү, нүүрний төвийн барилгыг өнөөдөр хүртэл бариулж чадаагүй шалтгаан юу вэ. Өнөөдрийг хүртэл түрээсийн байранд ямар өртөг төлж байсан бэ" гэхэд Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан "Шүд, эрүү, нүүрний төвийн хуучин барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй гэж Мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоосон. Үүний дараа тендер явуулж барилга барих компанийг шалгаруулсан боловч тус компани нь гэрээ хийснийхээ дараа төслөөсөө татгалзсан байдаг. Үүний улмаас барилгын асуудал нь шийдэгдэхгүй явж ирсэн. Өнгөрсөн хугацаанд тус эмнэлэг 5 жил түрээсийн байранд байрласан. Түрээсийн өртөгт жилдээ 264 сая, ашиглалтын зардалд жилдээ 8 сая төгрөг, нийтдээ 272 сая төгрөг зарцуулсан. 12 сард түрээсийн гэрээ нь дууссан тул зайлшгүй шаардлагаар байртай болгох нь зүйтэй гэж дүгнэж байгаа" гэлээ.

      Шүд, эрүү, нүүрний төвд зориулан барилга худалдан авах асуудлаар хуралдсан хуралдааны төгсгөлд НИТХ-ын дарга С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад хандан санал хэллээ. Тэрбээр "Шүд, эрүү, нүүрний эмнэлгийн шинэ барилгыг 4,8 тэрбум төгрөгөөр худалдан авч байгаа. Эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа, барилга байгууламжийн үнэ хөлс ямар байгааг та бид мэдэж байгаа. Ийм нөхцөлд бидний гаргаж байгаа зардал нь 1000м2 талбайтай барилгыг худалдан авах хангалттай хэмжээний мөнгө. Гол нь худалдан авч байгаа барилга байгууламж иргэдийн эрүүл, аюулгүй, амар тайван орчинд үйлчлүүлэх нөхцөл боломжийг хангах, иргэдийн автомашины зогсоолыг нь шийдвэрлэсэн хэмжээнд байх ёстой гэдгийг холбогдох албан тушаалтнууд анхааран ажиллаарай" гэж НИТХ-ын дарга хэллээ. Хуралдаанд оролцсон Тэргүүлэгчид Шүд, эрүү, нүүрний төвд зориулан барилга худалдан авах, хөрөнгө гаргахыг санал нэгтэйгээр нь дэмжиж, тогтоол гаргахаар боллоо.

Хуралдаан НИТХ-ын хороодын бүтцийн өөрчлөлтийн талаар хаалттай хуралдахаар болж сэтгүүлчдийг хуралдааны танхимаас гаргаснаар үргэлжиллээ. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж заншсан 100 айл орчимд төвлөрсөн барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгууллаа.
Хуралдааны төгсгөлд эрхэлсэн ажилдаа амжилт зүтгэл гаргасан нэр бүхий хүмүүсийг төрийн цол, одон медальд тодорхойлохоор боллоо гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

 

  • Шинэ
  • Их уншсан