Хуульч О.Алтангэрэл: У.Хүрэлсүхийн Засгийн газар хууль бусаар байгуулагдсан талаар Цэцэд хандана

МАН эрх барьснаасаа хойш хоёр дахь Засгийн газраа байгуулсан нь У.Хүрэлсүхийн танхим. “Ардын Засгийн газар” гэх тодотголтойгоор бүрдүүлсэн энэ Засгийн газрын 100 дахь хоног ирэх 26-ны өдөр тохионо. Өмнөх Засгийн газрын үед шийдвэрлэсэн долоон төрлийн татварын нэмэгдэл, шатахууны үнийн өсөлт, АН-ын Засгийн газрын үед тавьсан их өрийн төлөлт гэхмэтчилэн их сорилттой тулгарч байгаа У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын үед улс төрийн нөхцөл байдал ч хүндхэн байна. Шадар сайдын албан тушаалаасаа сайн дураар чөлөөлөгдөхөө мэдэгдэж, МАН дахь “60 тэрбумын бүлэглэл”-тэй гардан тулаанд орсон У.Хүрэлсүхийн фанатууд нь тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ дахь МАН-ын бүлгийн 33, АН-ын бүлгийн есөн гишүүн байсан юм. Түүнийг Ерөнхий сайдаар томилох эсэхийг нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед Ж.Эрдэнэбат тэргүүтэй МАН-ын бүлгийн 32 гишүүнээс Ц.Мөнх-Оргил л байснаас биш бусад нь Төрийн ордонд эсэргүү утгатай хэвлэлийн бага хурал хийж байсан билээ. Харин тэдгээр нөхдөөс өдгөө Ө.Энхтүвшин Шадар сайд, Ц.Цогзолмаа БСШУС-ын сайд, Н.Цэрэнбат БОАЖ-ын сайдаар ажиллаж байна. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын гишүүд “Татварын талаарх шаардлагыг маань хүлээж авахгүй бол Засгийн газрыг огцруулна” хэмээн бойкотолж байгаа билээ. МАН-ын 33 гишүүдээс нь ч гэсэн Т.Аюурсайхан “Рио Тинто” компани Монголд Төлөөлөгчийн газраа байгуулсантай холбогдуулан сөрөг тулаанаа сошиалд хийгээд эхэлчихлээ. Тэгвэл хуульч О.Алтангэрэл У.Хүрэлсүхийн Засгийн газрыг тун удахгүй Үндсэн хуулийн Цэцэд өгөхөөр зэхэж буй аж. Тэрбээр өнөөдөр (2018.01.24) фэйсбүүк хуудастаа “У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндсэн хуулийн үзэл санааг зөрчиж, хууль бусаар байгуулагдсан явдлын талаар мэдээлэл бэлтгээд дуусч байгаа. Тун удахгүй Цэцэд өгнө” гэж бичжээ. Хэдийгээр энэ нь зарим хүний хувьд “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” гэдэгтэй адил мэт сэтгэгдэл төрүүлэх хэдий ч хуульч О.Алтангэрэл МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газар хууль бусаар байгуулагдсаныг нотлох ямар баримтууд цуглуулж буй нь сонирхол татна. Үнийн өсөлтөд дарлуулж буй иргэд хийгээд сөрөг хүчнийхэн ч түүнийг багагүй балиашиглах биз ээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд нийслэл, аймгуудаар уулзалт хийж У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газар, нам хоёрыг муу муухай харагдуулах ПР-ыг өөрийн биеэр хийж явна. Энэ бүхэнд МАН дахь У.Хүрэлсүхийн эсрэг нөхөд алга ташиж суугаа нь тодорхой. Өмнө нь “Засгийн газар Цагаан сарын дараа огцорно” гэсэн мессэжийг улстөрчид өгч байсан бол одоо “Наадмаас өмнө нэр бүхий гурван сайд нь огцорно. Тэдний нэг нь Шадар сайд Ө.Энхтүвшин” гэх мэдээллийг сошиалаар тарааж эхэллээ.  


Д.Гэрэлмаа  

  • Шинэ
  • Их уншсан