Төрийн яам, ТӨҮГ хоёрын дундын Санхүүгийн дарга буюу Ч.Саранжаваас Ц.Цогзолмаа руу “нүүсэн” Х.Галсанхүү

"Төрийн алба төрлийн алба боллоо" гэж хэзээнээс ч юм яригдаж эхэлсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл хэдэн муусайн улстөрчид маань төрийн албыг ёс зүйтэйхэн шиг төрлийн алба болгож байсан юм байна. Ингэж хэлсэн маань учиртай. Хачин гэхэд дэндүү хачин мэдээлэл олж үзлээ. Томилогдоо ч үгүй байхдаа Боловсролын яамны газрын дарга нарыг солино, гэхдээ гаднаас хүн аваачихгүй гэж томорсон, томилогдонгуутаа “…Үхэрт өвч өгөхөд дуртай байдаг шиг 300 мянган төгрөгөөс татгалзах багш байхгүй” гэсэн гэх хэл аманд орсон, одоо зарим нэг асуудлаар “гурван үсэг”-тэй газрын анхаарлыг татаад эхэлсэн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гэж бий дээ. Тэрбээр 2018 он гарсны дараахан тушаал гаргаж, Х.Галсанхүү гэдэг залууг яамныхаа Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон байна.

Яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газар гэдэг бол чухал. Яамны төсөв хөрөнгийг тэр газар л мэднэ. Асуудлын гол нь үүндээ биш. Юу гэвэл, шинээр томилсон Х.Галсанхүү дарга Ц.Цогзолмаа сайдын нөхөр Ч.Саранжавын захирлаар нь ажилладаг Эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-ын Санхүү, бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байжээ. За яахав, энэ маш санаандгүй томилгоо байж гэж бодъё. Гэтэл Х.Галсанхүү 2010 оны зургадугаар сарын 14-нөөс 2013 оны нэгдүгээр сарын 30-ныг хүртэл УБЦТС ХК-ийн Санхүү, бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллажээ. Тэр үед УБЦТС ХК-ийн захирал нь Ц.Цогзолмаа сайдын нөхөр Ч.Саранжав байсан байгаа юм. Ингэхээр Эрчим хүчний хөгжлийн төвийн Санхүү, бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллахдаа Ц.Цогзолмаа сайдын нөхөр Ч.Саранжавын удирдлагад хоёр дахь удаагаа очсон нь тэр ажээ.

Бас нэг сонин юм байна. Х.Галсанхүү УБЦТС ХК-ийн Санхүү, бүртгэлийн хэлтсийн даргын ажлаа өгөөд 2013 оны нэгдүгээр сарын 25-наас УЕПГ-ын Ерөнхий нягтлан бодогчоор ажиллах болжээ. Тэр үед Д.Дорлигжав Улсын ерөнхий прокурор байв. Улмаар Х.Галсанхүү нь Д.Дорлигжав Хууль зүйн сайд болсны дараа буюу 2015 оны хоёрдугаар 13-нд Хууль зүйн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргаар томилогдсон байна. Тэндээ АН-ын Засгийн газрыг “ажлаа өгөх” хүртэл буюу 2016 оны наймдугаар сарын 10-нд ажилласан байна. Тэгэхээр Х.Галсанхүүгээс салаалсан Ч.Саранжав, Ц.Цогзолмаа, Д.Дорлигжав гэсэн дөрвөл харагдаад байгаа юм. Х.Галсанхүү нь 1976 онд төрсөн УБЦТС ХК-д очихоосоо өмнө “Таван Богд”, “Номин Холдинг”, “Юм Агаа” зэрэг компанид нягтлангаар ажиллаж байжээ. Мөн Ч.Саранжав, Ц.Цогзолмаа нартай нэг нутгийнх, тодруулбал Ховд аймгийн хүн юм байна.

Эх сурвалж: Б.Дамдин-Очир, www.polit.mn

  • Шинэ
  • Их уншсан