“Эрдэнэт”-ийн 51 хувийн маргаан Арбитрт, “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг АТГ-т

            “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд 140 сая ам.долларын зээлийн барьцаанд тавьсан талаарх дуулиан намжаагүй байна. Одоогоос тав, зургаан жилийн өмнө олны сонорт анх хүрч, хууль хяналтынхан ч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаагаа мэдэгдсэн. Харин Ш.Батхүү 2013 оны долдугаар сарын 25-нд хэвлэлийн бага хурал хийхдээ “Хадгаламж” банкинд 84 тэрбумын хөрөнгө оруулалт хийснээс гадна 40-өөд тэрбумын алдагдлыг барагдуулсан. Миний эрхэлдэг бизнес энэ их хөрөнгийг гаргаж чадахгүй тул “Стандарт” банкнаас авсан зээлийнхээ 97 сая ам.долларыг “Хадгаламж” банкны дүрмийн санг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь шинэчлэхэд зарцуулсан. Миний хувьд, одоо бизнесмэн биш, жирийн иргэн боллоо. Банкаа Төрийн банкинд, “Жаст ойл” компаниа “Магнай трейд”-д банкны зээлийг нь төлүүлэх нөхцөлтэйгөөр өгсөн. “Жаст агро” компаниа татаж буулгаж 11 үйлдвэрийг нь “Хадгаламж” банкны гүйцэтгэл хангуулах үүрэгт өгсөн. “Олон овоот” компаниа хамтрагч болох Г.Алтанд шилжүүлсэн. Манай компани “Стандарт” банкнаас 20 сая ам.долларын зээл авахын тулд “Эрдэнэт” үйлдвэрээс баталгаа гаргуулсан нь үнэн. Гэхдээ авсан зээлээ хугацаанд нь төлсөн тул “Эрдэнэт” үйлдвэр Ш.Батхүүгийн өмнөөс зээл төлж алдагдалд орсон зүйл байхгүй. Бид “Эрдэнэт” үйлдвэрт 1997 оноос шатахуун нийлүүлж, цахилгааныг нь хангаж өгдөг байсан учир надад баталгаа гаргаж өгсөн. Сүүлд авсан зээлүүдийн 97 сая ам.доллар нь “Хадгаламж” банкинд орсон. “Стандарт” банкнаас хэд хэдэн удаа зээл авсан. Зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй буюу “Хадгаламж” банк, Олон овоотын төсөл зэрэгт хөрөнгө оруулсан. Уг нь би зээлээрээ зэсийн баяжмалын наймаа хийх гэж байсан юм” гэсэн тайлбарыг хийж байв. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувь тухайн үед Монголын мэдэлд, 49 хувь ОХУ-ын “Ростехнологи” корпорацийн мэдэлд байсан юм. Харин өнөөдөр оросуудын хяналтад байсан 49 хувь Монголын Засгийн газар, “Монголын зэс” корпорацийн хооронд дажин дэгдээсэн хэвээр байна. Хэдийгээр Улсын дээд шүүх “Монголын зэс” корпорацийн талд асуудлыг шийдвэрлэсэн ч Засгийн газрын зүгээс “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авснаа 2018 оны нэгдүгээр сарын 4-нд зарласан. Тэр ч атугай Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Засгийн газар УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлсэн. Шүүхийн шийдвэр цаашаа!” гэсэн утгатай мэдээллийг Засгийн газрынхаа 100 хоногийг тохиолдуулан хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр өчигдөр (2018.01.29) хийлээ. Хэдийгээр гүйцэтгэх засаглалын тэргүүн ийн мэдэгдсэн ч “Эрдэнэт” үйлдвэр яг 100 хувь төрийн мэдэлд байгаа юу” гэдэг асуулт гарч ирж байна. “Монголын зэс” корпорацийн зүгээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн талаар шүүхийн шийдвэр гарчихаад байхад Засгийн газар ийм шийдвэр гаргадаг нь буруу. Тиймээс арбитрийн шүүхэд хандана” гэж мэдэгдсэн. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн талаарх маргаан Лондон дахь Арбитрийн шүүх дээр үргэлжилсэн хэвээр байгаа юм. “Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүд холбогдох хэргийг АТГ шалгаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.  

           

  • Шинэ
  • Их уншсан