NASA: Сар 21:29 цагт бүхэлдээ улаан хүрэн өнгөтэй болно

         “Цусан сар” хэмээн нэрлэж буй сар бүтэн хиртэлт өнөөдөр (2018.01.31) Улаанбаатарын цагаар 19:48 минутад эхэлж, 20:51 цагт сар бүхэлдээ хиртэх талаар олон улсын сансар судлалын NASA агентлагаас мэдээллээ. Дурдсан цагт захаасаа улайж эхлэх сар 21:29 цагт улаан хүрэн өнгөтэй болж, 22:07 цагт дэлхийн сүүдрээс гарч 23:11 цагт хиртэлтийн хугацаа дуусах аж. Эл ховор үзэгдлийг Ази, хойд Америкийн баруун эрэг хүртэлх газрын оршин суугчид бүтнээр нь ажиглаж болох бөгөөд ийм боломжгүй хүмүүст зориулж NASA албан ёсныхоо сайт дээр шууд дамжуулалт хийхээр болжээ. Зарим эх сурвалжид мэдээлснээр, байгалийн гурван ховор үзэгдэл давхцах энэ үзэгдэл хамгийн сүүлд 152 жилийн өмнө ажиглагдсан юм байна. “Ховор гурван үзэгдэл” хэмээн нэрлэж буй нь “Хөх сар”, “Супер сар”, “Цусан сар”. Хөх сар нь нэг сарын дотор тэргэл сар хоёр удаа мандахыг хэлэх бол “Супер сар” гэж дэлхийд хамгийн их ойртож, хүмүүст том, тод харагдах сарыг хэлнэ. “Цусан сар” нь агаар мандлаас ойсон нарны гэрлийн нөлөөгөөр улаан туяатай харагдахыг хэлдэг. Дэлхий нар, сарны яг тэг дунд орох үед сүүдэр нь сарыг нарны гэрлээс халхалж харанхуйлдаг бол “Цусан сар” гарах үед ингэж харанхуйлдаггүй юм байна.

Л.Номин

  • Шинэ
  • Их уншсан