Засгийн газраа 2020 он хүртэл огцруулахгүй байх МАН-ын мөрөөдөл

          МАН УИХ-д 65 суудалтай болж, Засгийн газраа дангаар байгуулах бүрэн эрхтэй болсноос хойш нэг жил таван сар өнгөрлөө. Цаг хугацааг нарийн тооцвол ийм ч экс намын дарга М.Энхболдоор даргалуулсан УИХ хоёр намар, нэг хаврын чуулганы ард гарч байна. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 5-нд намрын хоёр дахь чуулганыг завсарлуулах юм. Харин Засгийн газрын тухайд У.Хүрэлсүхийн танхим хоёр дахь нь. М.Энхболдын “Халаасны Засгийн газар”-ыг Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ дахь АН-ын бүлгийн есөн гишүүний дэмжлэгтэйгээр огцруулсан тэд 100 хоногоо тохиолдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн нь өнгөрсөн даваа гараг. Намынхаа нөхдийн бүрдүүлсэн Засгийн газрыг огцруулж, суудлыг нь эзэлсэн МАН-ын гишүүн сайд нар энэ хугацаанд эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, иргэдийг ядуурал, ажилгүйдлээс бага ч болтугай ангижруулж, ам.долларын “дарлал”-аас чөлөөлсөн үү гэвэл үгүй. Дэлхий дахинд нүүрлээд буй эдийн засгийн хямрал гэхээсээ илүү улстөрчдийн шунал, хувийн ашиг сонирхлоос эхлэлтэй хямрал хэдэн жил нүүрлэж, татвар, шатахууны үнийн өсөлт, Улаанбаатарын утаа, сургууль, цэцэрлэгийн хомсдол, орлого бага, зарлага ихтэй амьдралд бухимдсан иргэдийн уур бухимдал дээд цэгтээ хүрсэн үед У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газрын гишүүд гоё үе, гомдол, тунирхал бүхий үгсээр дүүрэн мэдээллийг хийлээ. Харамсалтай нь мөнөөх л улстөрчдийн ирээдүй цаг дээр зөгнөсөн уран зохиомж бүхий улс төрийн ШБОС-уудыг тэд давтав. Татвар, тэтгэврийн талаар өмнө нь гаргасан шийдвэрээ цуцлахаа Ерөнхий сайд мэдэгдсэнийг эс тооцвол шүү дээ. Иргэд нь ядуу байхад эрх баригч хүчний зарим сайдын шинэ машины олон нийтийн сүлжээгээр тарж, уур дээр уур нэмж байх үед У.Хүрэлсүх нүүрээ улалзуулан байж буруу, зөрүү ярьсан хэдэн сайдаа аврах шиг боллоо, тэрхүү хэвлэлийн бага хурлын үеэр. Энэ агшныг “100 хоногийн төрсөн өдрийн баяр” гэхээс илүү “У.Хүрэлсүхийн танхим 100 хоног тэссэний баяр” гэмээр.  

            Ямартай ч 100 хоног нь ингээд өнгөрлөө. Одоо МАН-ын байгуулсан хоёр дахь Засгийн газрын тухайд улс төрийн улаан галтай нүүр тулах цаг. Сөрөг хүчний зүгээс “Хоёрдугаар сарын 1”-ний жагсаалд оролцохыг уриалж буй энэ агшин сар шинийн дараачаас хувьсгал болтлоо эрчээ авч өргөжихийг зарим нь зөгнөж байна. Ялангуяа Ерөнхийлөгч Х.Баттулгын ойр тойрныхны зүгээс! Хувсгал нь юу юм гэхэд АН-ынхан энэ Засгийн газрыг огцруулахаа хэд хэдэн удаа мэдэгдсэн. Дээр нь АН-ын генсек “У.Хүрэлсүхээс юу ч хүлээгээд нэмэргүй” гэж хэлснийг АН-ын байр суурь гэж ойлгож болно. Үнэндээ У.Хүрэлсүхэд цаг тун бага үлдлээ. Ерөнхий сайдын төдийгүй эрх баригч МАН-ыг даргалж буй түүнд 2020 онд намаа ялуулах үүрэг оногдож буй. Хэдийгээр улс төрийн хүрээнд “Цагаан сарын дараа Засгийн газрыг огцруулах хөдөлгөөн өрнүүлнэ” гэх далд хуйвалдаан энд, тэнд өрнөж буй ч МАН-ынхан намын даргынхаа тэргүүлж буй Засгийн газрыг тийм ч амар унагаж чадахгүй. Учир нь 2020 оны сонгуульд хэнийг нэр дэвшүүлж, хэнийг дэвшүүлэхгүй байх эрх мэдэл МАН-ын дарга У.Хүрэлсүхэд бий. Тиймээс эрх баригчдын хувьд худлаа ч гэсэн ярсхийтэл гараа өргөж байх нь өлзийтэй биз. Тэгээд ч МАН-д У.Хүрэлсүхээс өөр лидер алга, яг одоохондоо. Хүчирхэг лидергүй, чадваргүй, дээр нь ёс зүйгүй нөхдийн цуглуулга болсон УИХ, Засгийн газрынх нь өнгө муутай бүүдгэр төрхийг У.Хүрэлсүх, МАН-ын оршин тогтнож ирсэн түүх хоёр аварч байх шиг байна. Сонгуулийн амлалтаа умартаж, Засгийн газраа 2020 он хүртэл огцруулахгүй байх мөрөөдлөөсөө ухарвал энэ нам 100 жилийнхээ ойг гудамжинд угтана гэдэгт нэг их эргэлзэхээргүй нөхцөл байдал ч нүүрлээд байна. Эрх баригчдад итгэх иргэдийн итгэл өдрөөс өдөрт багасч байна.  

Д.Гэрэл

 

  • Шинэ
  • Их уншсан