Г.Занданшатар худлаа ярьж, “М.Энхболдын хүн” Ц.Амгаланбаярын удирддаг ШШГЕГ-ынхан Ц.Нямдорж сайдыг чадав уу

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хоёр “Лексус 570” хэмээх шинэ машины талаарх дуулианыг дарах гэж худлаа ярьсан биш хоёр хоноод баригдав. Засгийн газрын 100 хоногийг тохиолдуулан өнгөрсөн даваа гарагт (2018.01.29) хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Г.Занданшатар сайд “Нэг сайд руу яагаад онцолж дайраад байгааг ойлгохгүй байна. Энэ машинуудыг АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулах ажлын хүрээнд авсан. Зарагддаггүй, борлогддоггүй машинууд авсан байсан. Өмнөх Засгийн газрын үеийн сайд нарын унаанд парк шинэчлэл хийгээгүй учраас сайд нарт шилжүүлсэн юм билээ” гэж камерын өмнө улайх ч үгүй ярьсан бол Ц.Нямдорж сайд тэрхүү машиныг өөрийнх нь амь насны үнэтэй машин гэсэн. Тодруулбал, “Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн 2000 онд ял эдэлж байсан хүнд “Ц.Нямдоржийг устга” гэдэг даалгавар өгснийг МАН, АН-ын надад хайртай хүмүүс хэлсэн” гэх ноцтой мэдэгдлийг хийсэн юм. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайдын амь насыг “хамгаалж яваа” машиныг сайдын хэлснээр яамныхан нь санаа тавьж зохицуулсан биш, ШШГЕГ-ынхан “Лотус голд майнинг” компанитай гэрээ хийж авч өгсөн нь өнөөдөр баримттайгаа ил боллоо. Тэгэхээр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар аа, та танхимынхаа сайдыг өмөөрч худал хэлсэн чинь ингээд баригдлаа. “М.Энхболдын фракцийнхан”-ы нэг, мөнөөх “60 тэрбумын аархал” гэх дуулиант бичлэг дээр тодоос тод гардаг Ц.Амгаланбаяр өдгөө ШШГЕГ-ыг удирдаж байгаа. Эндээс үзвэл Ц.Нямдорж сайд гэнэ алдчихав уу яав. Гэрээ сэлтээс үзэхэд ингэж хардаж болохоор... М.Энхболдынхон Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагалцаж, өнгөрсөн зун “60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш” гэж мэдэгдсэн Ц.Нямдоржийг хөнгөхөн чадчихаж байгаа юм биш биз. Гэхдээ “Ц.Нямдорж сайдыг устга” гэж ял эдэлж байсан хүнд захиалга өгсөн өндөр албан тушаалтан хэн байж таарах вэ. Монголын шударга манлай улстөрч Ц.Нямдорж арай ингэж худлаа шоудмааргүй юм. Ц.Нямдорж сайд ч бэлэг сэлт мэтхэнд л “нуруугаа хугалчих” гээд байдаг хүн дээ. “Хятадуудаас бэлэг сэлт авсан, Хятадын тагнуул” гэх дуулиан нь тасраагүй байхад үнэтэй машин “бэлэглэхээр” нь гэнэдэж очоод гэрэл цохиулчих юм. Одоо бас хэний тагнуул гэж хардуулах бол. Арай намынхан нь “Чи М.Энхболдын фракцийнхнаас үнэтэй машин авсан байна. Муу М.Энхболдын тагнуул” гэхвий дээ. "М.Энхболд, Ц.Нямдорж хоёр их сүрхий байгаа" гэх мэдээлэл дуулдаад л байх юм билээ. Эцэст нь хэлэхэд, Ц.Нямдорж сайд аа, “Устга” гэдэг үг олон утгатай. Заавал амь насанд халдах гэсэн ч үг биш, энэ мэт үнэтэй бэлэг сэлт өгч, гэрэл зургийг чинь сэмхэн дараад сошиал дахь хөлсний армийнхнаараа тараалгахад л сайдын албан тушаал байтугай улс төрийн карьерыг нь төгсгөл болгож болох цаг үе шүү дээ. Цаашид хэн нэгнээс гоё бэлэг авч гэнэдэв. Улс төрд өрсөлдөгч, сөргөлдөгч гэж байхаас найз гэж байхгүй та юу эс андах вэ. Тэгээд ч та энэ цаг үед өөртөө хамгийн их гал дуудсан улстөрч!

 







Ж.Саруул      

 

  • Шинэ
  • Их уншсан