Э.Сонинтогосын оронд дуучин Ч.Бат-Эрдэнийг СУИС-ийн захирлын суудалд зүтгүүлж байгаа гэнэ

            Засаг солигдохтой зэрэгцэн төрийн алба хөдөлгөөнд ордог. Шинэ сайд нар багаа бүрдүүлж, харъяа байгууллагуудынхаа дарга даамлуудыг өөрсдийн хүмүүсээр бүрдүүлдэг тогтсон гэмээр “уламжлал” бий. Энэ жишиг ёсоор БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа СУИС, АШУҮИС-ийн ректоруудыг солихоо албан ёсоор мэдэгдсэн. Түүнийг ийн мэдэгдэхтэй зэрэгцэн “Дэд сайд асан Ж.Цолмонг АШУҮИС-ийн ректор болгох гэж байна” гэх мэдээлэл хэвлэлүүдэд гарч, салбарынхан нь ч албан бичиг хүргүүлэхдээ тулан тэрүүхэндээ “дажин” дэгдээсэн нь саяхан. Энэ бужигнаан одоо ч намжаагүйгүйгээр барахгүй салбар хариуцсан сайд нь өнгөрсөн долоо хоногт “Г.Батбаатарыг солино” гэдгээ ямар ч тайлбаргүйгээр мэдэгдлээ. Тэгвэл СУИС-ийн ректор хэн болох вэ. Ц.Цогзолмаа сайд СУИС-ийн ректор Э.Сонинтогосыг өөрчлөхөө нэгэн уулзалт дээр хэлснээс үүдэн олон нийтийн сүлжээгээр үүнийг эсэргүүцсэн хүмүүс ч мэр сэр байлаа. Эх сурвалжуудын мэдээлснээр, Э.Сонинтогосын оронд нийтийн дуугаар олонд танигдсан Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнийг зүтгүүлж байгаа аж. Тэрбээр Ц.Цогзолмаа сайдын зөвлөх С.Мөнхбаттай нутаг нэгт найзууд гэнэ. Тиймээс БСШУС-ын сайдын зөвлөх Говь-Алтай нутгийнхаа найз Ч.Бат-Эрдэнийг СУИС-ийн ректорт зүтгүүлж албан тушаалын “бэлэг” барихаар лоббидож яваа дуулдана.

Ч.Үүрцайх

 

  • Шинэ
  • Их уншсан