Б.Нарантуяагийн оронд Г.Занданшатар, аудитор Д.Хүрэлбаатар нарын найзыг томилсон гэв үү

 Шинэ оны өмнөхөн “Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэрийг авлигын хэргээр баривчиллаа” гэх мэдээлэл нэр бүхий сайтуудад гарсан. Гэвч тэрхүү мэдээлэл гэрлийн хурдаар цахим ертөнцөд тарсан өдрийн орой Г.Өсөхбаяр аварга эхнэр, хүүхдүүдтэйгээ хамт төрсөн өдрөө тэмдэглэж буй гэрэл зургаа фэйсбүүкт байршуулсан байв. Харин учир мэдэх хүмүүс “Аваргын эхнэрийн албан тушаалыг авахын тулд зохион байгуулалттайгаар ийм худал мэдээллийг захиалгатайгаар олон нийтэд хүргэж байна” гэх тайлбарыг олон нийтийн сүлжээнд хийсэн нь бий. Тэгвэл сэтгүүл зүйн салбараас эрүүл мэндийн салбар хариуцсан сайдаар томилогдсон хоёр дахь хүн буюу УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл УИХ-ын чуулганы танхимд “Б.Нарантуяатай холбоотой гомдол нэг бус удаа ирсэн. Энэ хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлнө” гэж мэдэгдсэнээс гадна парламент дахь хэлэмгий доломгой гишүүдийн нэг Ж.Мөнхбат “Бөх билэгт” дэвжээний тэргүүний хувьд Г.Өсөхбаярын эхнэрийг өмөөрч буйгаа ил тод илэрхийлсэн юм. Гэвч сайд Д.Сарангэрэл хэлсэндээ хүрч аваргын эхнэрийг ажлаас нь чөлөөлж, АШУҮИС-ийн санхүү, эдийн засаг хариуцсан тэргүүн дэд захирал Э.Содномжамцыг томилсон аж. Эх сурвалжуудын мэдээлснээр, Э.Содномжамц нь анагаах ухааны салбарын мэргэжлийн хүн бус, МАН-ын нөлөө бүхий эрхмүүдтэй ойр дотно. Тэр дундаа ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Монгол Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар нартай найз юм байна. Энэхүү томилгооноос гадна ЭМЯ-ны газрын дарга нарыг өөрчилж тэрүүхэндээ дажин дэгдэж байгаа сурагтай. Ажлаасаа чөлөөлөгдсөн зарим нь шүүхэд хандсан аж.

Л.Оюун

 

  • Шинэ
  • Их уншсан