БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан давж заалдах шатны шүүх хурал дээр дахин ялалт байгууллаа

Ж.Эрдэнэбатын тэргүүлж байсан Засгийн газрын үед БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх тогтоол гаргасан. Б.Баярсайхан энэхүү тогтоолыг “Хууль бус” гэж үзэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, шүүх гомдлыг нь хянаж үзээд өмнөх Засгийн газрын үеийн тогтоолыг хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн юм. Түүгээр ч зогсохгүй 2018 оны нэгдүгээр сарын 19-нд Захиргааны хэргийн анхан шатны шүүх Төрийн албаны зөвлөлөөс БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал дээр сонгон шалгаруулалт зарласныг “Хууль зөрчсөн” гэж үзэн түдгэлзүүлсэн. Гэвч шүүхээс ийм шийдвэр гарсан атал Төрийн албаны зөвлөл БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг зарлаж, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа зөвлөх С.Мөнхбатаа энэ албан тушаалд зүтгүүлж хэвлэлүүдийн шүүмжлэлд өртсөн нь нэг бус удаа. Учир нь тэрбээр Төрийн албаны тухай хуулийн хуулийн 97.8-д “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын болон Засгийн газрын гишүүн, нам, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэж заасан байдгийг ч үл тоомсорлон эрх мэдэлдээ эрдэж Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Төрийн албаны зөвлөл рүү албан бичиг илгээсэн нь ч бас олон нийтэд ил болсон. Тэрбээр 2018 оны нэгдүгээр сарын 25-нд Төрийн албаны зөвлөлд илгээсэн албан бичигтээ “Яам нь нийтийн алба, төрийн захиргааны төв байгууллага бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга төсөв захиран зарцуулах эрхтэй байдаг. Шүүхээс маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, нэхэмжлэгчид эрх зүйн түр хамгаалалт бий болгосон боловч шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэвэл нийтийн эрх, ашиг сонирхолд хохирох нөхцөл байдал бий болно... Төрийн албаны зөвлөлийн 2018 оны нэгдүгээр сарын 5-нд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарласан шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлснээр олон үр дагавар бий болохыг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй “...захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй дүгнэсэн байна” хэмээн дурдаж шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж буйгаа ил тод мэдэгдсэн билээ. Гэвч яамны сайд байтугай Монгол Улсын Ерөнхийлөгчийн нөлөөнд ч автах учиргүй Төрийн албаны зөвлөл Ц.Цогзолмаагийн “хүсэл”-ийг биелүүлэхээр шүүхэд давж заалджээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр (2018.02.07) дээрх асуудлыг хэлэлцэж, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайханы талд шийдвэрээ гаргалаа. Өөрөөр хэлбэл, Ц.Цогзолмаа сайдын “нөлөө”-нд автаж шүүхэд давж заалдах гэсэн биш Төрийн албаны зөвлөлийнхөн эвгүй байдалд орж, Ц.Цогзолмаа сайдын хувьд зөвлөх С.Мөнхбатаа яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга болгон дэвшүүлэх мөрөөдөл нь ийнхүү талаар болов. Учир нь шүүхийн шийдвэр эцсийнх байдаг билээ.

Х.Болор  

  • Шинэ
  • Их уншсан