Пёнчан-2018: Ким Чен Уны дүү Өмнөд Солонгост хүрэлцэн ирлээ

БНСУ-д анх удаа болох “Пёнчан-2018” өвлийн олимп 2018 оны хоёрдугаар сарын 9-25-нд болно. Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэдэл болсон энэ удаагийн олимпод Хойд Солонгосын тамирчид Өмнөд Солонгосын тамирчидтай нэгэн туг дор нэгдэх нь олон улсын анхаарлыг татаж байна. Хойд Солонгосын охидын хамтлаг болох “Моранбон”, таэквондочид, сэтгүүлчдээс бүрдсэн 280 хүнтэй баг өчигдөр буюу 2018 оны хоёрдугаар сарын 6-нд “Мангёнбу 92” усан онгоцоор Өмнөдөд хүрэлцэн ирцгээсэн юм. Ким Чен Уны байгуулсан, Хойд Солонгосын үзэл суртлын томоохон зэвсэг болох тус хамтлагийнхан 2017 онд Хятадад тоглолтоо хийхээр очсон ч тодорхойгүй шалтгаанаар нутаг буцацгаасан. Тэгвэл энэ удаад “Моранбон” амьд хөгжмийн хамтлагийнхан БНСУ-ын нийслэл Сөүл хотод 2018 оны хоёрдугаар сарын 11-нд, 8-ны өдөр Канрт тус тус нэг удаа тоглолт хийхээр болжээ. Тэд Өмнөд Солонгост хүрэлцэн ирэхдээ хар үнэгэн захтай улаан пальто, хар үнэгэн малгайгаар жигдэрсэн байв.



                             "Моранбон" хамтлагийнхан БНСУ-д хүрэлцэн ирэх үеэр

             Барууныхан “Кимийн династи” буюу “Кимийнхний хаанчлалын эрин үе” гэж тодорхойлдог энэ гэр бүлийнхнээс БНСУ-д нэгэн бүсгүй анх удаа хөл тавилаа. Хойд Солонгосын Ардын Дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Намаар ахлуулсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ким Чен Уны дүү болох 28 настай (зарим эх сурвалжид дурдсанаар, 30 настай) Ким Ё Жон гэдэг бүсгүй багтсан болохыг Өмнөд Солонгосын Нэгдлийн яамнаас албан ёсоор мэдээлжээ.



                                                                                              Ким Чен Уны дүү Ким Ё Жон

          “Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай эх нэгтэй” гэгддэг тэрбээр ахынхаа хамгийн ойрын зөвлөх бөгөөд 2011 оны арванхоёрдугаар сард Ким Чен Ирийг оршуулах үед олны өмнө ил гарсан юм. Ким Чен Уны дүү Ким Ё Жон эрх мэдлийн хувьд авга эгч Ким Гён Хитэй эн зэрэгцэх бөгөөд Хөдөлмөрийн намдаа дээгүүр алба хашдаг аж.

Д.Гэрэлмаа

 

  • Шинэ
  • Их уншсан