“Жаст”-ын Ш.Батхүү нарын хэргийг яагаад хав дарсныг Б.Билэгт, Р.Чингис нараас асууя

“Жаст” группийн ерөнхий захирал асан Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалсан тухай дуулиан тав дахь жилдээ үргэлжилж байна. Холбогдох албан тушаалтнууд “Энэ асуудал 2007 оноос эхтэй” гэж буй ч дээрх асуудал 2013 онд олон нийтэд ил болсон юм. Өөрөөр хэлбэл, ЦЕГ 2013 онд Ш.Батхүү тэргүүтэй хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч учир битүүлэг үндэслэлээр 2015 оныг хүртэл “хав дарсан” нь сонирхол татна. Яагаад тэр вэ?! Цагтаа дэлхийн 10 том үйлдвэрийн нэгд тооцогдож, Монгол Улсын төсвийн голлох хувийг бүрдүүлсээр ирсэн “Эрдэнэт” үйлдвэрийн Монголын талын 51 хувийг Ш.Батхүү гэдэг нэг бизнесмэн тив дамнан барьцаалчихаад байгааг илрүүлсэн атлаа цагдаагийнхан гэнэт чив чимээгүй болсны учир юу вэ. Эл асуултын хариултыг тухайн үеийн эрх баригчид, ЦЕГ-ыг удирдаж байсан хүмүүсийн улс төр, хууль хяналтын байгууллагыг хэрсэн сүлжээнээс хайж олоход тийм ч хэцүү биш биз ээ.

            “Жаст”-ын Ш.Батхүү, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал асан Ч.Ганзориг нартай холбоотой хэрэгт цагдаагийнхан эрүү үүсгэж, Ш.Батхүү хэвлэлийнхэнд “Би “Жаст” группээ зарсан. Одоо жирийн иргэн боллоо” гэж мэдэгдсэн нь 2013 онд болсон явдал. Тухайн үед АН эрх барьж, ЦЕГ-ын даргаар Б.Билэгт ажиллаж байв. Харин 2014 онд Б.Билэгт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж Р.Чингисийг түүний оронд томилж байлаа. Б.Билэгтийн хувьд АН, тэр дундаа МоАХ угшилтай бол Р.Чингисийг “MCS-ийнх” гэж тодотгох нь бий. Чухам энэ хоёр эрхмийг ЦЕГ-ын даргаар ажиллаж байхад Ш.Батхүү нарыг шалгаж байсан ч 2015 оныг хүртэл буюу хоёр, гурван жил нам дарж “нууцалсан” нь сонирхол татна. Цагдаагийнхны сейфэнд ийнхүү тоосонд дарагдаж мартагдсан дээрх хэргийг АТГ-ынхан 2015 оны эцсээр шалгаж эхэлснээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаалсантай холбоотой томоохон луйврын хэрэг нийгмийн ой санамжийг дахин сэргээлээ. Гэвч энэ бол зөвхөн эхлэл. Ерөнхий сайд асан С.Баярын дотны найз, оросуудтай холбогдох гол гүүр нь, бас МАН-ын томоохон хандивлагчдын нэг болох Ш.Батхүү нарыг шалгах явцад утасны үзүүр хааш чиглэх нь сонирхолтой хэрэг. Ямартай ч нам дамнасан бүлэглэлүүдийн бий болгосон “Мөсөн уул”-ын орой дөнгөж ил болж байна. “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалсан их луйврын цаана өөр ямар том луйврууд далд хэвээр байгаа бол. МАН-ын хандивлагч-томоохон бизнесмэн байснаа нэг л өдөр бизнес ч үгүй жирийн иргэн болж “хувирсан” Ш.Батхүүгийн үл хөдлөх хөрөнгүүд, “Жаст” группийн салбар компаниудын өмч хөрөнгө хаачив. Энэ бүхнийг ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт, Р.Чингис нараас асууя.

Л.Номин

 

  • Шинэ
  • Их уншсан