Г.Алтан, Э.Сүрэн нарт хилийн хориг тавьжээ

“Жаст” группийн ерөнхий захирал асан Ш.Батхүүгийн зээлсэн 51.5 тэрбум төгрөгийг Төрийн банк иргэн Эдуард Сүрэнд төлөх шүүхийн шийдвэр гарсан тухай ноцтой мэдээллийг Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан өнгөрсөн сарын сүүлчээр хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ өгсөн. Тэрбээр “Иргэн Эдуард Сүрэн Сүхбаатар дүүргийн шүүхэд 2013 онд хандаж, огноо тодорхойгүй нэхэмжлэл гаргасан... Энэ нэхэмжлэлийг эхлээд “Жаст” группт холбогдуулан гаргаж, дараа нь Төрийн банкийг хариуцагчаар татсан хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцэж шийдвэрлэсэн. Ингэхдээ “Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж “Жаст” группээс 32.8 сая ам.доллар буюу 51.5 тэрбум төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Сүрэнд олгох “Жаст” групп төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны гэрээний дагуу хариуцагч Төрийн банкнаас дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Сүрэнд олгосугай” гэсэн” гэж дурдсан юм. Өөрөөр хэлбэл, Ш.Батхүү гэдэг хувь хүн иргэн Э.Сүрэнгээс зээлсэн мөнгийг Төрийн банкаар төлүүлэх шийдвэрийг шүүх гаргажээ. Шүүхэд ямар “далд хүч” нөлөөлж ийм шийдвэр гаргасан нь бас сонин.

            “Хууль хяналтынхан Г.Алтанг Алтанбулаг боомтоор өөр хүний бичиг баримтаар нэвтрэх гэж байхад нь саатуулжээ” гэх мэдээлэл хэвлэлүүдэд гарлаа. Үүнийг эх сурвалжууд үгүйсгэж байна. Харин Г.Алтан болон түүний хүү Эдуард Сүрэн нарын хилээр нэвтрэх эрхийг нь хязгаарласан аж. Г.Алтангийн хувьд “Ц.Нямдорж сайдтай ашиг сонирхлын зөрчилтэй” гэгддэг. Тодруулбал, “Ц.Нямдоржийн түрээсийн байр Г.Алтангийн дүүгийн хүүгийнх” гэх яриа улс төрийн хүрээнд бий. Тэгвэл “Г.Алтанг саатуулжээ” гэх мэдээлэл “IV цахилгаан станцын захирал С.Анхбаярыг баривчилжээ” гэх мэдээлэлтэй нэг өдөр цацагдсан нь анхаарал татна. Ц.Нямдорж сайд “”С.Анхбаяр бол миний багшийн хүү” гэж тодотгосон энэ хүний тухайд “Эрдэнэт” үйлдвэрт 42 сая ам.долларын шахаа хийсэн” гэх дуулианы эзэн. Хэрэв хууль хяналтынхан түүнийг шахааны бизнесээр нь шалгаж эхэлсэн бол Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын хувьд ч асуудал үүсч мэдэхээр байна. Учир нь тэрбээр мөн л “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийж байсан нь баримтаар хэдийнэ ил болсон. Үүнийг аав Ц.Нямдорж нь “Хүүдээ хүний ёсоор тусалсан” гэж тайлбарласан удаатай.  

Д.Мөнх

  • Шинэ
  • Их уншсан