Н.Золжаргалын хэрэгтэй холбоотойгоор гадаадаас лавлагаа хүсчээ

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-ынхан 2017 оны арваннэгдүгээр сарын 29-нд саатуулсан. Түүнийг мөрдөн шалгах ажиллагаа өдгөө ч үргэлжилж байгаа юм байна. АТГ-аас түүний нэр дээрх үл хөдлөх хөрөнгө, банкны данс гэхмэтчилэн шалгах учиртай бүхнийг “ухаж” буй аж. Тэд энэхүү ажиллагаагаа лавшруулж гадаадын зарим байгууллагаас лавлагаа хүссэн тухай мэдээлэл ч байна. Н.Золжаргалын тухайд, АН сонгуульд ялагдсаны дараа ажлаа өгсөн. Түүнийг албан бус эх сурвалжууд “Австрийн иргэншилтэй болсон” гэх нь бий. Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ ямар үндэслэлээр шалгаж эхэлснийг эргэн сануулахад, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Т.Аюурсайхан гишүүнээр ахлуулан байгуулсан Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагааг шалгах ажлын хэсгийн шалгалттай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнгөрсөн оны хоёрдугаар сард сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Шалгалтаар төгрөг буюу үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн тогтвортой байдлыг хангах, Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс эхлээд санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүн, хэвлэсэн мөнгөний хэмжээ болон алдагдал зэрэгт дүгнэлт хийнэ” гэж байв. Тэрбээр “Монголбанк 2012-2016 онд найман их наяд төгрөг хэвлэсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус банкны тайланд 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай байгааг дурдсан байсан. Гэтэл шинээр томилогдсон удирдлагууд нь “Дөрвөн их наядад хүрсэн” гэлээ. Энэ алдагдлыг Засгийн газраас үнэт цаас гаргах замаар нөхдөг бөгөөд улсын төсөвт ихээхэн дарамт учруулдаг. Тиймээс бүх алдаа, дутагдлын шалтгааныг тогтоож, хууль зөрчсөн нөхдөд хариуцлага тооцох ёстой” хэмээн мэдэгдэж байлаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ч түүнтэй санал нэгдэж Монгол Улсын эдийн засгийн хүндрэлийг Монголбанкны үйл ажиллагаатай холбон тайлбарлаж байсан юм. Ц.Даваасүрэн гишүүн “2012 оны долдугаар сард ам.долларын ханш 1450 төгрөг байсан бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 2400 төгрөг болж өслөө. Өөрөөр хэлбэл, төгрөгийн худалдан авах чадвар 70 хувиар буурсан. Энэ хэрээр ядуурал, эдийн засгийн уналж нэмэгддэг. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд нийт гурван их наяд төгрөг хэвлэж, дотоодод байсан гурван тэрбум ам.долларыг гадаад зах зээлд гаргасан. Тэр ч атугай ажилтнууддаа орон сууц олгох нэрийдлээр хэдэн арван тэрбум төгрөг үрсэн. Энэ бүхнийг шалгаж залруулах шаардлагатай” гэж байсан юм.

            УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн дээрх мэдээллийг хийснээс хойш гурван сарын дараа буюу өнгөрсөн тавдугаар сард Монголбанкинд хийсэн шалгалтын дүгнэлтээ албан ёсоор танилцуулсан. Эдгээрээс онцолбол, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар “Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд бэлэн мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн нь үнийг тогтворжуулах бус инфляци өсөх нөхцөлийг бүрдүүлсэн байна” гэх мэт олон зөрчил, дутагдал байгааг дурдаад “Н.Золжаргалыг Эрүүгийн хуулийн 263-т ”Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, 264-т “Төрийн албан тушаалтын эрх мэдлээ хэтрүүлэх”, 272-т “Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулах шаардлагатай гэж дүгнэлээ” гэжээ. УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхний шалгалтын дүгнэлтийг бүрэн эхээр нь 2017 оны тавдугаар сарын 25-нд танилцуулсныг http://www.parliament.mn/n/baoo линкээс унших боломжтой.

            УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн Монголбанкинд хийсэн шалгалтын дүгнэлтээ УИХ-д танилцуулж, “Н.Золжаргалыг хууль хяналтын байгууллагад шалгуулах хэрэгтэй” гэж дүгнэлтдээ дурдсаны дараа буюу өнгөрсөн оны зургадугаар сард АТГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан юм. АТГ-аас энэ талаар “УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн 02 тоот тогтоолоор байгуулагдсан “Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилт, эмиссийн үйл ажиллагаа болон санхүүгийн хэлцлүүдийн үр дүнд шалгалт хийх” ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан харъяалах зөрчлийг хянан шалгах зорилготой” гэсэн тайлбарыг хийж байв.  

Д.Гэрэлмаа  

 

  • Шинэ
  • Их уншсан