Ж.Мөнхбат: Тоглолтынхоо орлогыг шилдэг 100 оюутанд тэтгэлэг болгон хандивлана

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат энэ сарын 18-нд “Монгол тандаа зүтгэе” уран бүтээлийн цэнгүүнээ “UB palace”-т хийхээр болжээ. Тэрбээр “Энэхүү тоглолтынхоо орлогыг Монголын ирээдүй болсон шилдэг 100 оюутны сургалтын төлбөрт тэтгэлэг болгон хандивлана. Миний дуу, шүлэг, жүжиг, кино, уран бүтээлийн ертөнцөд аялах аялалд та бүхнийг урьж байна” хэмээн цахим хуудастаа бичсэн байна. УИХ-ын гишүүн, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ж.Мөнхбат “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” кино зохиол бичиж, продюссерээр нь ажилласнаас гадна үзэгч, сонсогчдын дунд хит болсон олон дууны шүлгийг бичсэн юм. Тухайлбал, Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайханы дуулсан “Хундагаа өргөе”, мөн Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаатай хамтран дуулсан “Нэг л уучилъя” жүжгийн дуу, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн дуулсан “Би дуртай”, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалангийн дуулсан “Санах тусам”, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын дуулсан “Би монгол хүн”, Төрийн соёрхолт дуучин Д.Болдын дуулсан “Зургадугаар сар минь баяртай” зэрэг олон дууны шүлгийг Ж.Мөнхбат гишүүн бичжээ. Харин тэрбээр “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулууны дуулсан “Монгол тандаа зүтгэе” дууны шүлгийнхээ нэрээр уран бүтээлийн цэнгүүнээ нэрлэсэн аж. Монголын сор болсон уран бүтээлчид нэгэн дор цугларах энэхүү тоглолтынхоо орлогыг Ж.Мөнхбат гишүүн “Залуусын шинэ манлайлал” хөтөлбөрт хамрагдсан шилдэг 100 оюутанд тэтгэлэг болгон хандивлана.

 

  • Шинэ
  • Их уншсан