“С.Баярыг яллагдагчаар татаагүй” гэв

Ерөнхий сайд асан С.Баяр сар шинийн өмнөхөн УИХ-ын гишүүн Ж.Батзанданд хандаж захидал бичсэн нь хэвлэлүүдэд нийтлэгдсэн. Тэрбээр “Ноцтой гэх асуудал байн байн хөндөж, олны анхаарлын төвд байх гэсэн таны хүслийг ойлгож болно. Харин өөрөө тодрон асч харагдах сонирхлын үүднээс өрөөлийн нэр төрийг гүтгэлгийнхээ галд хуйхлахыг ойлгох уучлах аргагүй юм. Ж.Батзандан гишүүн та хэлсэн үгэндээ “Эрдэнэт”-ийн 51 хувиар барьцаалж С.Баярын Засгийн газар баталгаа гаргаж өгсөн. С.Баярын Засгийн газраас баталгаа гаргаж авсан тэр зээл бол мөнгө угаалтын нэг хэлбэр гэсэн утгатай мэдэгдэл хийжээ... Шүүхийн үүдэнд учиръя даа” гэж захидалдаа дурдсан. Харин Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албанаасаа сайн дураар чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн онд гаргасан С.Баяр саяхан эх орондоо ирж АТГ-т мэдүүлэг өгсөн. Түүнийг ийнхүү мэдүүлэг өгөх болсныг “Өөртэй нь холбоотой ноцтой мэдэгдлүүдээс үүдэж сайн дураараа шалгуулж байгаа. Үүнийхээ дараа Ж.Батзандан гишүүнтэй шүүхийн өмнө учрах байх” гэж тайлбарлах албан бус эх сурвалжууд бий. Мөн “Жаст”-ын Ш.Батхүү, “Оюутолгой”-той холбоотойгоор АТГ-ынхан түүнээс мэдүүлэг авсан” ч гэх. Түүгээр ч зогсохгүй “Нийслэлийн прокуророос Ерөнхий сайд асан С.Баярыг яллагдагчаар татлаа” гэх мэдээлэл өнөөдөр (2018.03.15) зарим сайтад гарчээ. Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад “Ташаа мэдээлэл байна” гэлээ.

 

  • Шинэ
  • Их уншсан